Өрх толгойлсон эцэг, эхийн халамжийн тухай хуулийн төслийг санаачлан, судалгааны ажлыг эхлээд байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Бид хамтдаа” үндэсний форумын үеэр мэдээллээ.

2014 онд гэр бүл цуцлалт 3522 байгаа нь 2013 оноос 30 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт салсан гэр бүлийн 85 хувь нь хүүхдийн тэтгэмж авдаггүй, шүүхээр тэтгэмж тогтоосон ч авч чаддаггүй байна. Гэр бүл салалтаас шалтгаалан өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо нэмэгдэж тэдэнд ногдох үүрэг хариуцлага өндөр болж байна гэдгийг тэрээр онцолсон юм.

Хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэлийнхээ талаар Д.Оюунхорол хэлэхдээ,

“Өрх толгойлсон эцэг, эхчүүдийг төрөөс анхаарч, дэмжлэг тусламж үзүүлдэг жишиг ази болон европын олон улс оронд бий болжээ. Ийм төрлийн дагнасан хууль эрхзүйн орчинтой болсон байгаа учраас энэ чиглэлээр судалгаа явуулж, нийгмийн бодлого хэрэгжүүлж буй байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна.

Өрх толгойлсон эцэг, эх түүний хүүхдэд зориулсан халамжийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуульчлах шаардлага байна гэж үзэж байна. Удахгүй бид эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хуулийн төслийн эхний хэсгээ танилцуулна.

Өнөөдрийн хэрэгжиж буй халамжийн тухай хуулиуд, бодлогоор өрх толгойлсон эцэг, эхэд тусламж үзүүлж байна. Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд уян хатан зохицон амьдрах чадваргүй байна гэж үзэж байна. Тиймээс бие даасан хууль болгож энэ асуудлыг шийдвэрлэе гэж байна” гэлээ.