Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Улаанбаатар төмөр" зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ “Өнгөрсөн онд Монгол улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч тус хөтөлбөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын хариуцлагагүй мэдэгдлээс болж зогсонги байдалд орлоо. Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгджээ. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна" гэсэн билээ. Харин Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатар " Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй" гэж мэдэгдсэн юм.

 

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй асуудлаар хэн, ямар байр, суурь илэрхийлснийг 24 tsag.mn хүргэж байна.

 

Зам тээврийн сайд М.Зоригт: “Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн замын дарга Л Пүравбаатар нь ХНН-ийн хувь хөрөнгийн талаар хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж Монгол, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх дунд хугацааны хэлэлцээг зогсонг байдалд оруулж байгаа тухай удаа дараа ГХЯ-аас мэдэгдэж байна.Зам тээврийн яамны зүгээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьцааг гуравдагч талд хэсэгчлэн шилжүүлэх, худалдах талаар байр суурь баримтлаагүй, аливаа мэдээ мэдэгдэл хийгээгүй болно. Харин хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн агуулгыг хувьцаа эзэмшигч талуудын хувь хэмжээний тэгш байдлыг үл хөндөж гагцхүү орчин цагийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хоёр улсын харилцааны бүх түвшний яриа хэлэлцээний үеэр дэвшүүлэн ярилцаж байна. Иймд зөвхөн хувийн байр сууринаас хийсэн хариуцлагагүй мэдэгдэл нь хоёр улсын харилцаанд үл ойлголцол үүсгэж байгааг харгалзан үзэж хариуцлага тооцох зарчмын асуудал гэж ойлгож байна.

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай яриа хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр, суурьтай болоод байна. Монгол улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “”УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонг байдалд оруулж байна.

 

УБТЗ нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар: Гадаад хэргийн сайдын ард Ё.Манлайбаяр гэх хүн бий. Энэ хүн өмнө нь Зам, тээврийн яамны газрын даргын алба хашиж байсан. Одоо гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа. Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Монгол, Орос, Хятад гурав хамтарсан төмөр замын тээвэрлэлтийн компани байгуулах гэж байгаа. Уг гурван компанид “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг багтана. Үүнээс үүлэж гуравдагч тал болох Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэсэн ойлголтын зөрүүтэй асуудал их гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй. Иймэрхүү эрэмдэг улс төр явжил байдаг шүү дээ. Монголын нутаг дэвсгэр дээр төмөр зам бариулахгүй, Орос, Монголыг энэ асуудлаас болж маргалдуулах гэсэн сонирхол байх шиг байна.

 

Нийтлэлч Баабар: Төмөр замын хувьцааг зарах сонирхол огт байхгүй гэдэг нь Л.Пүрэвбаатарын ярианаас тодорхой байсан. Усан тэнэг хүн л ингэж магадгүй. Жишээ нь ховч өөрөө. Наад ховч хар чинь Говь-Алтайд биеэ сойж байгаа юм. Одоо Говь-Алтайчүүд ганц сайн шударга хүүгээ олж харах юм биз дээ чааваас. Хэрэв эрүүл Засгийн газар байдаг бол ийм нотолгоогүй асуудлыг дотроо ярилцаж үнэн, мөнийг олох ёстой болохоос ард түмний дотор шууд хов хутгахгүй. Эрүүл Засгийн газрын огцрох үндэслэлийг манай үе, үеийн Засгийн газрууд хангалттай харуулсан. Галзуугийн больницод өөр хууль үйлчилдэг.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Гадаад хэргийн сайд нь хоёр хөршийнхөө бизнесийн түвшний асуудлаар нэгийг нь нөгөөхөөс дээр үзэн үндэсний мэдээ бичиж олон нийтэд тараах.

 

 

 

 

Т.Хулан

http://www.24tsag.mn