Парламентад сонгогдсон гишүүд намаа солибол эргүүлж татна

Удтал дуншсаны эцэст УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэн баталсан юм. УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн гишүүдийн төлөөлөл багтсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахалсан бөгөөд тэрбээр “Гишүүн сонгогдсоныхоо дараа нам, эвслээ солиход хүрвэл эргүүлж татах зохицуулалт байсан.

Үүнийг Сонгуулийн хуулиар бус УИХ-ын тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзсэн байгаа. Тогтолцооны хувьд 48:28 тогтолцоог хэвээр хадгаллаа. Хэлэлцүүлгийн явцад 28-ыг бүсчлээд явуулъя гэж санал хураагдсан. Гэхдээ үүнийг эргэж яриад, 28-ыг бүсчлэхээ больсон. Хүн дугуйлах, нам дугуйлах асуудлаар санал гаргаад, санал хураалт явуулсан. Санал хураалтын үр дүнгээр ажлын хэсгийн төвшинд ч тэр, байнгын хорооны төвшинд ч дэмжигдээгүй” хэмээн мэдэгдсэн.

Ингээд Сонгуулийн хууль хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхуулъя. МАН болон бусад намын зүгээс хяналтын тооллого хийх асуудлыг тавьсан. Тэгвэл саналыг хар машинаар тоолох бөгөөд ингэхдээ 50 хүртэлх хувьд нь техникийн тооллого хийх аж. Зөрүү гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах юм байна. Ингэхдээ нийт хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтоор техникийн тооллого хийхээр болжээ. Мөн техникийн тооллого явуулахдаа улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулахаар болов.

Улмаар УИХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр, Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр хийхээр хуульд тусгалаа. Мөн эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь хэвээр хадгалах юм байна.

Сонгуулийн одоогийн буюу 48/28 гэсэн холимог тогтолцоог хэвээр хадгалах, сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгохоор хуульд тусгажээ. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг Монгол Улсыг таван бүс болгон хуваана гэж байсан юм. МАН, АН хооронд яригдсан тохироогоор бол Монгол Улсыг Баруун, Зүүн, Төвийн, Хангайн, Улаанбаатарын гэж таван бүс болгон хуваахаар байсан. Бүс бүрт ногдох мандатын тооны хувьд Улаанбаатарт найм, бусдад нь тус бүр тав, таван мандат хуваарилахаар яриад байсан ч хэлэлцүүлгийн явцад энэ зүйл заалт хасагдсан юм.

Мөн Сонгуулийн хуульд намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь саналын хуудаст бичих аж. Тэгвэл 801-ээс дээш хүний гарын үсэг бүхий зөвшөөрөл авсан бие даан нэр дэвшигчийг бүртгэх заалтыг хуульд оруулжээ.

Онцлоход, гишүүн сонгогдсоныхоо дараа нам, эвслээ солих жишиг бий. Тэгвэл ирэх сонгуулиар парламентад сонгогдох гишүүдийг намаа солибол эргүүлж татах зохицуулалт оруулсан байна. Гэхдээ үүнийг Сонгуулийн хуулиар бус УИХ-ын тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзжээ. Харин сонгуулийн сурталчилгаа хийх хоногийг 18 байхаар тогтсон юм. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс дурдвал ийм байна.




Г.НАРАН


Эх сурвалж http://www.info.mn