Гуравхан сая хүрэхгүй хүн амтай, аж үйлдвэржиж чадаагүй энэ улсад 20 сайд байх шаардлагатай юу гэвэл олон хүмүүс “Үгүй ээ, шаардлагагүй” гэж хариулна.

Нөгөө аллерги хөдөлгөсөн соц нийгмийн үед сайд нарын зөвлөлийн 10 орчим гишүүн улс орныг авч явж чадаж байсан шүү дээ. Үүнтэй адилаар цомхон, ажиллах чадвар сайтай засгийн газартай байж яагаад болохгүй гэж.

Одоогийн энэ засгийн газар эрх баригч намын дотоодын наймаагаар бүтсэн засгийн газар. Намынх нь дотрох фракц болгоноос хүмүүс сайд болсон төдийгүй ерөнхийлөгчийн хувь хүртэл байгаа. Ингэж өөрсдийн фракц, бизнесийн ашиг сонирхлын төлөө яамдын тоог үржүүлсэн.

Өнөөдөр ёстой “олдоод өлдөнө” л гэдэг болж байна. Төрийн ажил ч урагшаа явахаа больж, улс орныг эдийн засгийн хямрал нүүрлэх болчихлоо. Бас манай улс аль хэдийн улс төр, нийгэм, боловсролын хямралд өртчихсөн. Үүнийг манай сайдууд мэдэхгүй л дээ. Өөрсдийнх нь амьдрал өдрөөс өдөрт өнгө орж байгаа учраас.

Хямралын дохиог Өмнийн говиос Оюу Толгой ажилчдаа халж шүгэл үлээчих шиг боллоо. Одоо цаашд юу болохийг ёстой бурхан л мэдэх байх. Үнэндээ манай сайдууд энэ талаар юу ч бодохгүй байгаа. Сайдын суудал, түрийвчтэй мөнгө хоёртоо санаа тавьсан хүмүүс.

Засгийн газар байгуулагдаад нэг жил боллоо. Үнэн бодит байдлыг би ч харлаа, бусад нь харлаа. Тиймээс одоо эдийн засаг хүндэрч байгаа үед шаардлагатай биш “зохиомол” яамдуудыг татан буулгах цаг болжээ. Ашиггүй яамдуудыг татан буулгаснаар тодорхой хэмжээнд мөнгө хэмнэх боломжтой төдийгүй ажил цалгардах байдал багасна. Одоогийн яамдууд гэж баахан амарсан, жаргасан хүмүүс. Дэг журамтай байх цаг ирж байна.

Татан буулгах яамдуудын жагсаалт:

1.Байгаль орчин, ногоон хөгжлийн яам – Сайд нь С.Оюун. Энэ хүн сайд болохгүй бол амьдарч чадахгүй юм шиг үргэлж л сайд нэр зүүдэг залхамаар хүн. Хийсэн ажил багатай, бүтээсэн зүйл юу ч үгүй. Яамны үйл ажиллагаа нь тодорхой бус.

2.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам – Сайд нь С.Эрдэнэ. Нийгмийн хамгаалал гэхээр хуучны НАХЯ санаанд орчихлоо. Хүн амын хөгжлийн асуудал бол боловсролын яамны хариуцах асуудал. Үнэхээр нийгэм хамгаалах гээд байгаа юм бол Хууль зүйн яам эсвэл Хөдөлмөрийн яамны мэдэх асуудал. Тиймээс энэ зохиомол яамыг татан буулгах хэрэгтэй. Хайран мөнгө.

3.Соёл, спорт, аялал жуулчлалын яам – Сайд нь Ц.Оюунгэрэл. Шинэ засгийн газраас ерөнхийлөгчийн хүртсэн бялууны зүсэм. Энэ бол монголыг гиннесийн номонд бичүүлдэг газар болсон. Нэг өдөр улаан номонд бичүүлж байж мэдэх нь хүмүүс. Соёл, спортын асуудал бол боловсролын яамны асуудал. Эдгээрийг боловсролын яамнаас тусад нь байлгаж болохгүй. Аялал жуулчлалын асуудал орчин үед байгаль орчинтой холбоотой яригддаг сэдэв болсон.

4.Эдийн засаг хөгжлийн яам – Сайд нь Н.Батбаяр. Сүх жанжны талбай буюу Хотын даргынхаар Чингисийн талбай дээр сайхан гал түлчихвэл Монгол улс мандан бадарчихна гэж ярьж явдаг хүн. Энэ яамыг шууд татан буулгах хэрэгтэй. Эдийн засгийн асуудлаа сангийн яам нь шийдээд явах хэрэгтэй

5.Уул уурхайн яам – Сайд нь Д.Ганхуяг. Уул уурхайн компаниудыг хөөгөөд гаргачихсан мундаг эр. Манай улсын хөгжлийн цорын ганц гарц уул уурхай биш ээ. Ерөөсөө зөвхөн уул уурхайг асуудал хариуцсан яам байх шаардлагагүй. Тиймээс татан буулгах хэрэгтэй.

6.Эрчим хүчний яам – Сайд нь М.Сономпил. Энэ МАХН-ын шахааны сайд. Шууд татан буулгах хэрэгтэй.

7.Зам тээврийн яам – Сайд нь А.Гансүх. Женко Х.Баттулгын гарын хүн. Женко компани монгол улсын засгийн газрын хоёр салбарыг барьж байна гэж ойлгож болно. Энэ хүн ямарч сайд байх чадваргүй, ажил явуулах туршлагагүй нь үргэлж нь харагддаг. Зам тээврийг барилга, үйлдвэрүүдтэй хамтруулан нэг яаманд хариуцуулах хэрэгтэй.

8.Шадар сайд – Д.Тэрбишдагва. Манжийн үеийн нэрээр нэрлэгдсэн суудал бөгөөд шаардлага, үүрэг багатай албан тушаал. Энэ албан тушаал байх шаардлагагүй. Ажлыг нь ерөнхий сайд нь хийх хэрэгтэй. Сайд Д.Тэрбишдагва нь өөрөө Энхбаяризм гэдэг маш хүнд өвчтэй.

Энэ мэтээр ямарч ашиггүй, дээр нь нийгмийн хоорондоо хамааралтай салбаруудыг өөр өөр яаманд хуваарилсан нь ажлын хоорондын уялдаа алдагдаж байгаа нь өнөөдөр харагдаж байна.

Монгол улс 10 -11 сайдаас бүрдсэн засгийн газартай байх нь хамгийн тохиромжтой гэж олон хүмүүс үздэг. Нэг сайд дээр маш их ажил төвлөрч ажил цалгардана гэж сүртэй тайлбар, шалтаг хэлэх хүмүүс олон. Хариулт нь энэ хүмүүс яах гэж сайд болсон юм бэ гэж асуумаар. Ажиллаж чадахгүй юм бол, унтлаа хөдөлмөрлөж чадахгүй юм бол тэднийг сайд гэж нэрлэх үү. Нэг л их завтай найр наадам хэсэж морь мал уралдуулж яваа хүмүүсийг юу гэж хэлэх үү. Сайд хүн ажил хийх гэж томилогдсон гэдгийг хатуу ойлгуулах хэрэгтэй.

Энд Монгол улсын засгийн газрын яамдуудын талаар өөрийн саналыг бичлээ.

1.Ерөнхий сайд

2.Ерөнхий сайдын орлогч

3.Гадаад харилцааны яам

4.Батлан хамгаалахын яам

5.Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам

6.Мал аж ахуй, газар тариалангийн яам

7.Эрүүл мэндийн яам

8.Сангийн яам

9.Зам тээвэр, үйлдвэр, бүтээн байгуулалтын яам

10.Байгаль орчин, аялал жуулчлын яам

11.Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам

 

Манай одоогийн яамдуудын нэрнээс нь харахад үйл ажиллагаа нь тодорхой харагдахгүй байна. Хоорондоо хамааралтай нэг асуудлыг хоёр гурван яам хариуцаж байгаа явдал нь ажил явахгүй, цалгардахын эхлэл юм. Энэ бүхнийг засаж залруулж, чадварлаг хүмүүсийн сайдын албан тушаалд томилсноор ажил урагшаа явна. Одоогийн сайд нар ёстой бүтэхгүй ээ бүтэхгүй.

Батлан хамгаалахынх нь сайд морио уралдуулаад, найр наадам хэсээд явж байгаа шүү дээ. Морь уралдуулж зугаагаа гаргадаг сайд, дарга нарыг дуртай ажлыг нь хийлгэж чөлөөнд нь гаргавал таарна. Эдийн засаг хямраад байна. Данхайсан засгаа багасгаж чадварлаг сайд нарыг томилсноор хямралаас хурдан гарна. Үүний төлөө ажиллах цаг болжээ.

Судлаач: Б.Гансүх