Төрийн мөнгө гэж байдаггүй. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгө л гэж бий гэх үгтэй. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг төр хуримтлуулж, зөв бодлого явуулсны дүнд улс эх орноо төдийгүй ард иргэдээ сайхан амьдруулах учиртай.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын буюу АН-ын алдаатай бодлогын гороор мөрөөрөө амьдарч яваа та бид 14-15 сая төгрөгийн өрөнд уначихаж. Энэ талаарх мэдээллийг МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн баасан гаригт иргэдтэй хийсэн тайлан уулзалтынхаа үеэр дуулгасан юм. Залуучууд нь цалингийн, ахмадууд нь тэтгэврийн, малчид нь малчны зээлтэй, хувийн хэвшлийнхэн нь банкны өртэй болсон үед энэ мэдээллийг хүн бүр соргогоор хүлээж авав. Товчхондоо, хувь хүний хэтэвчийг тэмтрээд ирэхээр сая орой руу нь орж байгаа нь энэ.

Улс орон өрийн сүлжээ, чөтгөрийн тойрогт орлоо гэх үг жирийн иргэдэд харь холын санагддаг бол М.Энхболд даргын хэлсэн энэ үг хүн бүрт дор бүрнээ нэгийг бодоход хүргэв. Цаашлаад 2016 оны сонгуулийн дараа галав юүлсэн ч яахав гэдэг байдлаар асуудалд хандсаар дөрвөн жилээ барж буй АН-ынхан өнгөрсөн хугацаанд иргэн танд төдийгүй эх оронд ямар их уршиг тарьсныг сөрөг хүчний тайлангийн хурлаас харж болохоор байлаа. Хурлын үеэр иргэдэд өгсөн мэдээллээс харахад манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэх нь бүү хэл, эх орон дампуурлаа зарлах уу үгүй юүдээ тулчихжээ.

Бид өнөөдөр гадаад өрийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Хүн бүр 14-15 сая төгрөгийг өртэй болсон нь дөнгөж төрсөн хүүхэд хүртэл өртэй болсон гэсэн үг. Цаашилбал.Монгол Улсын гадаад өр саяхныг хүртэл 21.6 тэрбум ам.долларт хүрээд байв. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт гаднаас 250 сая ам.долларын зээл авсан, энэ мөнгө Сангийн яамны дансанд орсныг бахархалтайгаар дуулгасан. Ингэснээр манай улсын гадаад өр 21.85 сая ам.доллар буюу 44.8 их наядад хүрчихээд байна. Тэр бүү хэл, Засгийн газар ойрын хугацаанд олон улсын зах зээлээс 3-4 төрлийн зээл авахаар болсон бөгөөд 250 сая ам.доллар эхний хнь гэнэ. Цаашдаа шат дараатайгаар үлдэгдэл мөнгө нь Сангийн яамны дансанд орж йрэх бололтой.

Харин юуны учир Засгийн газар ийнхүү гаднаас мөнгө босгоод эхлэв гэж үү. Улсын төрийн сан улайж, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрсэн учраас зээлийнхээ хэмжээг нэмэх замыг сонгожээ. Энэ бүх мэдээллээс хамгийн аюултай нь ойрын хугацаанд гаднаас босгох сая ам.долларын хүү нь багадаа 10 хувь гэнэ. Гадна талд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Дээрээс нь урдаа барьдаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ шалдаа буусан энэ үед манайд зээл өгөх улс олдохоо больсон нь зээлийн хүү өндөртэй байгаатай холбоотой. Ерөөсөө энэ он буюу сонгуулийн жил гарснаас хойш АН-ынхан өдөр шөнөгүй, сайд даргагүй мөнгөний эрэлд гарсныг Төрийн ордныхон ярьсаар ирсэн. Энэ ч үнэний ортой. 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж авсан АН-ынхан зөв бодлого явуулж, өмнөх засгийнхаа хүрсэн төвшнийг дээрдүүлдэггүй юм гэхэд хэмжээнд нь бариад явсан бол өнөөдөр бид ингэж өрийн сүлжээнд орохооргүй байлаа.

Засгийн газрын гишүүд ойр ойрхон гадагш мөнгөний эрэлд гарсны эцэст 850 сая ам.долларын өр тавихаар тохиролцоонд хүрээд байсан ч хамтран засаг барьж буй намынхаа нөхдөд дэгээдүүлээд бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ынхан “Мазаалай” нэртэй бонд босгож, 850 сая ам.доллараар түр торгоох боломжтой болсон төдийгүй мөнгөө юу юугүй авдгийн даваан дээр Г.Уянга гишүүний санаачилсан Засгийн газрыг унагах ажиллагаа биежиж, “Тогтворгүй Засгийн газартай айлд зээл өгөх боломжгүй” гээд хаалгаа хаачихсан. Ингэхээс ч аргагүй, хэдий өндөр хүүтэй зээл өгч байгаа ч эргэн төлөгдөх баталгаатай байх ёстой. Гэтэл Засгийн газар нь огцрохдоо тулсан айлд хэн зээл өгөх вэ дээ.

Ойрын хэдэн жилд бид өрийн сүлжээнээс гарахгүй нь бололтой. Учир нь өнөөдөр 20 гаруй тэрбум ам.долларын өртэй болсон төдийгүй ирэх оноос гаднаас босгосон их хэмжээний өр, төлбөрөө төлж эхлэх учиртай. Тухайлбал, “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс гадна Хөгжлийн банкны 580 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлж эхэлнэ.

Гэтэл улсын өр утгаа алдчихсан сууж байгаа нь явах хүнд ачаа бүү үүрүүл гэгч болов бололтой. Монгол Улс өнөөдөр төлбөрийн чадваргүй болж, өрөндөө баригдан дампуурлаа зарласан Грөк шиг болох эсэх дээрээ тулаад байгааг дөрвөн жил эрх барьсан АН-аас өөр хэнээс асуух билээ. Учир нь тэдэнд МАН 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өгсөн, Өөрөөр хэлбэл, улс орон оршин тогтохуйн үндэс суурь нь хүн. Харин хүн амьдрахуйн үндэс суурь нь эдийн засгийн тогтвортой байдал. Гэтэл өнөөДөр эрх баригчид эдийн засгаа тавиад туучихсан, хөрөнгө оруулагчдаа үргээгээд улсынхаа нэр хүндийг дэлхийд дэвслүүлчихсэн байдалтай байгааг юу гэж ойлгох вэ.

АН хэрвээ төрөө дампууруулж, хуульгүй улс шиг аашлаагүй бол, төрийн албыг төрлийн алба болгож, мэргэжил, мэдлэггүй “арын хаалганы хүн"-ээр төрийн албыг дүүргээгүй бол, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, дөрвөн жилийн өмнө 17 хувь хүртлээ өссөн байсан эдийн засгийг хоёр хувь хүрэхтэй үгүйтэй болгоогүй бол, Улсаа өрийн сүлжээд оруулж, өрийг өрөөр дарахад хүргээгүйсэн бол. Иргэдээ ядууралд хөтөлж, төрд итгэх итгэлийг нь алдагдуулаагүй бол өнөөдөр бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжих байлаа. Харамсалтай нь төр удирдах ийм ухаан АН-д сох дутав.

Эцсийн дүндээ АН байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн түүхэнд хоёрхон удаа “Засгийн эрх барихдаа эхлээд өмчгүй төр үлдээж байсан бол өнөөдөр өрөнд баригдсан төр үлдээж байна” хэмээн МАН-ын даргын хэлсэн үнэнээс зөрсөнгүй. 1996-2000 онд анх удаа төрийн эрх барих боломжтой болсон АН фракциудынхаа эрх ашигт хүлэгдэн, хэдэнтээ Засгийн газраа сольсон төдийгүй төрийн цөөнгүй өмчийг хувьд шилжүүлэх нэрээр хавь ойр, хамаатан садандаа өгөөд дууссан гэх бараан түүх өдгөө ч тэднийг дагадаг. Харин үүнээс 12 жилийн дараа засгийн эрх авсан АН-ынхан өнгөрсөн хугацаанд хоноцын сэтгэлээр хандаж ирсэн нь тодорхой болж байна. Тэд эрх барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд улсдаа эзэн шиг хандаагүй бол өнөөдөр ард түмэн ядуурч, эх орон өрийн сүлжээнд орохгүй байлаа.

Хэдийгээр сөрөхийн тулд сөрдөг гэдэг ч МАН-ынхан энэ удаад үнэн түүхийг, бодит байдлыг ард түмэнд тоон баримтад түшиглэн дэлгэн харуулав. Үнэндээ "Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилсэн. Харин АН засаг барьсан үөд хүрсэн төвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засагуруудан, өсөлт нь нэгээсдоош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон" гэх МАН-ын даргын энэ үг Монголын нийгмийн сүүлийн 20 жилийг бүрэн зурагласан байлаа. Эдийн засгаа хямралаас эх орноо өрнөөс, иргэдээ ядуурлаас төрөө дампуурлаас аврахыг сөрөг хүчин уриаллаа. Монголоо аврах цаг ирснийг МАН санууллаа. Гагцхүү хоёрхон сарын дараа болох улс төрийн сонгуулиас олон зүйл шалтгаална.

 

М.ӨНӨРЖАРГАЛ