Тэр хүсвэл эвсэл задарна, эс хүсвэл Н.Энхбаяр дараагийн нүүдлээ хийнэ Улс төрд түүх давтагдах нь бий. 2004 онд “Эх орон-Ардчилал” эвслийн малгайн дор хамтарсан АН, Эх орон намынхан МАХН (одоогийн МАН)-тай ойролцоо суудал авснаар засгийн эрхийг ээлжлэн барихаар тохиролдож, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулан Ерөнхий сайдаар Ц.Элбэгдоржийг томилж байв.

Гэвч нам, намын төлөөллөөс бүрдсэн бүр тодруулбал, лидерүүдээр “дүүрсэн” Ц.Элбэгдоржийн танхим жил хүрэхгүй хугацааны дараа ганхаж эхэлсэн юм. Улмаар дотроо нэгдэлгүй явсан “Эх орон-Ардчилал” эвсэл задарснаар М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Л.Цог, Д.Батцогт нар ҮШН-ыг шинээр байгуулан гарч байв. Тэдний энэхүү алдааг хөндлөнгөөс анхааралтай ажитлаж суусан МАН-ынхан өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж Ц.Элбэгдоржийн танхимыг эрх зүйн чадамжгүйд болсонд тооцож, огцруулах ажиллагааг эхлүүлж байлаа шүү дээ. Үүнээс хойш Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газраас зургаан сар тэссэн ч эцэстээ 2006 оны нэгдүгээр сард огцорч МАН-д эрх мэдлийн хуваарилалт шилжиж байв.

Арван жилийн тэртээх Монголын улс төрд өрнөсөн энэхүү операц сонгууль болохоос гурав хүрэхгүй сарын өмнө дахин бий болж мэдэх суурийг өнгөрсөн хугацаанд “Шударга ёс” эвслийн бүлэгт харьяалалтай явсан Л.Цог, Г.Уянга нарын гишүүн цутгаж орхилоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд санал нэгдсэнээсээ болж “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН, МАХН-ын удирдлагуудтай ялангуяа, Н.Энхбаяртай сөргөлдөж эхэлсэн тэдний зөрчил Бүлгээсээ гарах албан бичгийг Н.Батцэрэг сайдад хүргүүлснээр дуусгавар болов. Хэдийгээр Г.Уянга, Л.Цог нар сул гишүүний орон зайд шилжсэнээр “Шударга ёс” эвсэл бүлэггүй болох хэмжээний эрсдэл үүрэхгүй ч хоёр гишүүнээ сул тавиад явуулах нь Н.Энхбаярт төдийгүй М.Энхсайханд хохиролтой. Эвслийг гадна, дотроос нь ээлж дараалан задалж явсан намтаргай эдгээр эрхмийн хувьд хоёр гишүүний тоглолт улс төрийг яаж эргүүлж болдгийг хангалттай хэмжээнд мэдэх хүмүүс.

Хоёр гишүүнийх нь хоршил Бүлгээсээ гарах хэмжээнд тулсантай холбогдуулж МАХН, МҮАН-ын дарга нарын зүгээс хамтарсан мэдэгдэл гаргасан нь үүнийг гэрчилнэ. Мэдэгдэлд Г.Уянга, Л.Цог нарыг Бүлгийн гишүүд, удирдлагатайгаа урьдчилж ярилцалгүйгээр улс төрийн ёс зүйгүй алхам хийсэнд харамсаж байна. Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай байгааг тодотгоод Засгийн газрыг тоггвортой ажиллуулах байр суурийг баримталсан хэвээр буйгаа илэрхийлжээ. Сонирхолтой нь, АН болон тус намын эрх бүхий албан тушаалтны санаачилгаархамтарсан
Засгийн газарт олгосон квотын дагуу ажиллаж байгаа эвслийн бүлгийн аль нэгэн гишүүнийг солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд анх байгуулсан гэрээг цуцлахыг анхааруулжээ.

Г.Уянга, Л.Цог нарыг эвслийн бүлэгт харьяалалгүй болсныг хоёр намын дарга хүлээн зөвшөөрсөн ч хаврын дараагаар Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг Үндсэн хуульд заасан эрхийн дагуу Ерөнхий сайдын хувиар УИХ-д өргөн барина хэмээсэн Ч.Сайханбилэгийн мэдэгдэлд давхар хариулт өгсөн нь энэ. “Шударга ёс” эвсэл тэр дундаа МАХН-ын саналыг харгалзахгүйгээр Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн сайдад нэр дэвшигчийг оруулж ирвэл цаашид нэг тогооноос хоол идэхгүй гэсэн Н.Энхбаярын сануулга ч энэ байж болох. Гэхдээ улс төрд гэнэтийн зүйл олон тохиодог болохоор Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хаврын чуулганаас урьтаж эрх зүйн чадамжгүй болгож мэдэх сэдэл нь О.Баасанхүү. Н.Энхбаяр даргатайгаа түнжин хагарснаасаа хойш Бүлгийн хуралдаа суухаа больсон тэрбээр “Шударга ёс” эвслийн малгайн дор цаашид явах боломжгүй болсон гэдгээ нэг бус уцаа илэрхийлж байв.

Өөрөө ч үүнийгээ хэвлэлээр ил тод зарлаж, Бүлгээс гаргасан шийдвэрийг Г.Уянга, Л.Цог нарын хамт сөрж явсан нь саяхан. Тэгэхээр хоёр хамтрагчийнхаа адил Бүлгээсээ гарч “Шуцарга ёс” эвслийг задпах, Ч.Сайханбилэгийг үүрэг гүйцэтгэгчийн
хэмжээнд дэс бууруулах амбийц О.Баасанхүүд байгаа ч түүнийг хүлэх ганцхан шалтгаан бий. Тэр нь тойргоос сонгогдсон Г.Уянга, Л.Цог хоёрыг бодоход О.Баасанхүү намын жагсаалтаар УИХ-ын босго давсан. Хамаагүй сөрвөл эгүүлэн татаад орных нь хүнийг оруулж ирэх эрх мэдэл Н.Энхбаярын гарт байгаа гэсэн үг. Өөр нэгэн хувилбар МАХН-ын даргын халаасанд яваа нь О.Баасанхүүг эвслийн бүлгийн даргаар томилуулах. Сайд болж чадаагүйдээ намын удирдлагадаа тунирхах болсон, түүнийгээ ил ярьж явдаг О.Баасанхүүд үлдэж буй хугацаандаа Бүлгийн даргаар ажиллах сонирхол битүүхэндээ бий. Тиймээс УИХ-ын дэд даргад зүтгүүлдэгтүй юм гэхэд Бүлгийн дарга болгох нь байж болох л хувилбар.

Гэхдээ нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэх болохоор “Шударга ёс” эвслийн бүлгээр дамжуулж Ч.Сайханбилэгт үргэлжлүүлэн бойкот үзүүлэх МАХН-ын даргын сценараар О.Баасанхүүг бүрэн эрхтэй нь үлдээж, Л.Цогийн оронд тохоон томилох тухай яриа магадлал өндөртэй. Ингэж байж эвслийн бүлэг хөлтэйгөө үлдэж, эрх мэдлийн хуваарилалтаа хадгална гэж үзэж байгаа бололтой. Нэгэнт Бүлгээсээ гарсан Л.Цог гишүүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлж, орных нь хүнийг дотроосоо нэр дэвшүүлэх шаардлага “Шударга ёс” эвсэлд хаврын чуулганы нээлтийг хийсэн өдрөөс тулгарна. Харин тэрхүү эрхэм нь О.Баасанхүү байх эсэх удахгүй тодорхой болох нь. Магадгүй О.Баасанхүү Г.Уянга, Л.Цог нар шиг үзэл бодолдоо тууштай зогсвол “Шударга ёс” эвсэл задарч, Ч.Сайханбилэгийн танхимаас Ц.Оюунбаатар Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар ажлаа өгч сул гишүүний орон зайд шилжинэ.

Ингэлээ гээд Ч.Сайханбилэгийн танхим огцрохгүй. Ердийн олонхоороо суудлаа нөхөөд явах боломжтой ч УИХ-ын хэмжээнд АН хүчгүйдэхийн хэрээр Засгийн газрын үйл ажиллагаа үүрэг гүйцэтгэгчдийн хэмжээнд шилжиж бэлгэдэл төдий болно. Учир нь, Бүлэггүй хоцорсон МАХН-ын гишүүд МАН-ын бөөрөнд очиж наалдчихаад сонгууль угтсан улс төр болгонд товчлуураа нэгтгээд байвал АН-д эрсдэлтэй. Хамгийн гол нь, жагсаалтаар орж ирсэн О.Баасанхүүг жагсаалын дарга болох эсэх нь түүнээс гэхээсээ МАХН-ын даргаас шалтгаалж болох. Хүсвэл О.Баасанхүүг “няслаад” төрхөмд нь буцаах хангалтгай эрх мэдэл Н.Энхбаярт хэвээр үлдэнэ. Тэгсэн тохиолдолд 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвслийн жагсаалтын 11, 12-т эрэмбэлэгдсэн МҮАН-ын Ж.Батхуяг, МАХН-ын Ж.Эрдэнэжамъяан нарын аль нэг нь орж ирэх боломжтой. Хоёулаа өмнөх Засгийн газрын үед Хөдөлмөрийн, Хууль зүйн дэд сайдын албыг хашсан эрхэм.

Эсрэг талд суугаа МАН-ынханд “Шударга ёс” эвсэл дэх задралаар дамжуулж Ч.Сайханбилэгийг, АН-ыг хүчгүйдүүлэх сонирхол байгаа ч сонгуулийн өмнө Засгийн газраар оролдох өөрсдөд нь ашиггүйгээр барахгүй сөрөг оноо авчрах учраас тэд ийм зүйлд гар дүрэхгүй. Харин хөндлөнгөөс байр сууриа илэрхийлж, алдаа бүрийг нь ашигтайгаар эргүүлээд явахыг илүүд үзэх болов уу.

 


С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/