Чуулган завсарласан учраас улс төр өнгөн талдаа унтаа байгаа юм шиг харагдавч хөшигний цаана хөгийн юм их болж байна. Энэ нь мэдээж ирэх сонгуультай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгуулиар олон суудал авч, эрх мэдлийн эзэн суух гэсэн зарим хүчний, хүний хүсэл дээд цэгтээ хүрч, энэ хэрээрээ адал балмад явдал гаргах нь ихэслээ.

Бүр тодруулбал, ийм үзэгдэл эрх баригчид буюу АН дотор ид өрнөж байна. Тогооноосоо хальсан тэдний энэ үйлдэл сүүлийн өдрүүдэд олон нийтэд ил болоод буйг уншигч та ч анзаарсан биз ээ.

 

АН­ынхан эрх мэдэлтэй байх энэ хугацаагаа ашиглан нэгнээ “намнах ажиллагаа” явуулж байгаагийн нэг жишээ нь УИХ­ын гишүүн, “Женко” Х.Баттулгын эргэн тойрныхныг хорьж цагдаж буй явдал. Энэ үйл явдал Шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой, их хэмжээний мөнгө угаасан, гаднын гар хөл болсон. Үндсэндээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэх халхавчтай ч цаана нь эрх баригчдын доторх “дайн” болж хувирсны илрэл юм. Наагуур нь хэн нэгэн элдэв жүжиг тавьж, асуудлын үнэн мөнийг гуйвуулсан эсвэл гуйвуулахыг оролдсон ч эцсийн дүндээ ганц үнэнийг хуулийнхан л тогтоох учиртай.

 

Гэтэл үүнээс наана мөн ч их зүйл өрнөж байна. Дөрвөн настай хүүхэд нохойд бариулж амь насаа алдахад, ихэр хүүхэд тээж явсан эмэгтэй хорих ангид үр зулбахад, эдгэрдэг өвчнөөр нас барах хүүхдийн тоо 10 хол давчихаад байхад дуугараагүй УИХ­ын гишүүд, нийгмийн идэвхт­ нүүд Х.Баттулгын туслах эмэгтэйг хорилоо гэж хэчнээн чанга дуугарч буйг та бид харж байна. Үнэхээр л бусдыг гэсэн сэтгэлтэй юм бол бүх цаг үед, хэнийг ч алагчлалгүй адил тэгш хандаач гэдгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нарт сануулъя. Хэн тэднийг ингэж хүчтэй дуугарах хөдөлгүүр нь болоод байна гэх асуулт хариултгүй үлдэж байна. Харин АН-ынхан яагаад зодолдох болов гэдэг тун энгийн.

 

Нам доторх нам болсон олон фракц, бүлэглэлийнх нь эрх ашиг савнаасаа хальсан нь л “алалцах” шалтгаан. “Женко”-гийн гэх тодотголтой төмөр замын хэрэг чухам юу болж байгааг тааж мэдэх боломжгүй ч Х.Баттулга гишүүний хэлж буйгаар “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг” гэсэн. Бүр болоогүй цаашдаа ч энэ хэргийн араас маш олон ажиллагаа хөвөрнө гэдгийг тэр бээр зарлачихаад байгаа. Харин энэ бүхний цаана ганц л асуулт хариултаа нэхэж байна. АН засгийн эрхэнд байгаа энэ үед тэр дундаа улс төрийн сонгууль хаяанд ирсэн энэ үед Х.Баттулгыг шалгаж, хамсаатнуудыг нь хорьж цагдаж эхэлсний цаана хэний, ямар эрх ашиг үйлчилж байна вэ. Сонгууль дөхөхөөр улс төрийн зорилготой баривчилгаа, хэлмэгдүүлэлт эхэлдэг нь гэм биш зан болсон.

 

Гэхдээ өнгөрсөн удаагийн түүхийг сөхөхөөр Ерөнхийлөгчөөрөө, түү ний мэдэлд байдаг АТГ-аараа дам жуулан хамгийн том өрсөлдөгч болох МАН-ын гишүү-дээс намнаж байсан нь олон байх юм. Яг сонгуулийн өмнө УИХ-д нэр дэвшихээ зарлачихсан залуусыг хоморголон баривчлаад сонгуулийн дараа “Энэ хүн гэмгүй юм байна” гэх ухааны юм яриад суллаж байсан тохиолдол хэчнээнийг ч нэрлэж болно. Гэтэл энэ удаад АН 12 жилийн дараа засгийн эрх барьж байгаа энэ үедээ намынхаа хамгийн том фракц /МоАХ/-ын толгойлогчийг оролдоод байгаа нь яалт ч үгүй эрх баригч намынхны толхилцлыг илтгээд байгаа юм. Уг нь улс төр идэвхжээгүй, сонгууль дөхөө-гүй үед шинэ төмөр замтай холбоотой ямар хууль бус асуудал үүссэнийг шалгаж болох л байсан.

 

Гэвч магадгүй цаг үеийг ингэж тааруулсан байж болох. АН-ынхан дотроо “алаан”-тай байгааг илтгэх бас нэгэн үйлдэл саяхан болж өнгөрлөө. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллах үеэрээ Х.Баттулгын гэх хэрэгт өөрийгөө ямар ч холбоогүй буюу “Би буруугүй” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл, “Б.Батзаяагийн хэрэг эхэлсэн цагаас харзнасан байдалтай байгаа. Үнэхээр Б.Батзаяа нь мөнгө, төгрөг идсэн ч юм уу, би мэдэхгүй. Шүүх хурал болоогүй байна. Энэ зүйл дуусахгүй үргэлжлээд улс төрийн сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол АН-ын дарга үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгэн хүнийг баривчилж болно. Яллаж болно. Гэхдээ бүх зүйлийг шүүх шийдэх ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг арга бол хуучирсан. Хуулийн байгууллагыг хувийн ашиг сонирхлоор хамгаалдаг хүмүүс байна.

 

Ийм үл бүтэх этгээдүүдийг хөөж явуулахгүй бол энэ зүйл үргэлжлээд л байна. Цагдаагийн даргыг Ерөнхий сайд, харин прокурор, шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Харин би хэнийг ч томилдоггүй. Тэгэхээр энэ бүх салбар УИХ-аас хол байгаа биз. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хувийн компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж би хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Би тэгээд яах уу” гэлээ. Түүний энэ үгнээс олон утгыг уншиж болно. Эхний ээлжид АН засаглаж байгаа энэ үед Х.Баттулгыг оролдож эхэлсэн нь төрийн томчуудын зохион байгуулалттай ажиллагаа гэж олон нийт харна гэдгийг гадарласан хашир эхний ээлжид өөрийгөө цэвэрлэх алх мыг хийлээ. Нялх хүүхэдтэй эмэгтэйг цагдан хорьж байгаад ямар ч байсан Зи буруугүй гэдгийг тэрбээр харуулахыг хүссэн нь юуны учир вэ. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэх нь бий.

 

Түүнд дуугүй байх сонголт байсан ч тэрбээр ийнхүү арьсаа хамгаалан дуугарлаа. Нөгөөтэйгүүр, Зи даргын үгнээс харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүх хэргийн учир зангилааг мэдэж байгаа мэтээр ярьсан байх юм. Энд нэг зүйлийг сануулахад З.Энхболд гэдэг хүн АН-ыг төдийгүй Засгийн газрыг “эчнээ” тэргүүлдэг гэдэг. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Зи-гийн удирдлага, дохиогоор хөдөлдөг гэдэг. Энэ ч зарим үед ил харагддаг. Гэтэл ийм нөхцөлд Ч.Сайханбилэгт намын нөхрөө /Х.Баттулгыг/ намнаад байх эрх баймгүй. Энэ үүднээс авч үзвэл З.Энхболд биш юм бол Ерөнхийлөгчид л бүх учир байгаа юм байх. Гэтэл төрийн гурван өндөрлөгийн нэгд уг нь тэр өөрөө багтдаг. Гэхдээ өөрийгөө “Цэвэр хүн” гэж зарлаад номер нэг, гурав хоёрт учир бий гэж хэлээд сууж байх юм. Тэр юуны учир бүхнийг бусад руу чихэв. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг энэ үү, эсвэл сонгууль дөхсөн энэ үед эрх баригч намын дарга “Цэвэр хүн” болж харагдахыг хүсэв үү. Ямартай ч, АН-ын томчуудын зодоон ийнхүү хурцдаж эхэллээ. Олон нийтийн өмнө нэгнээ бараг л “Гэмт хэрэгтэн ба гардан зохион байгуулагч” гээд зарлачихлаа. Эрх баригч намын томчуудын толхилцоон хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

 

М.Өнөржаргал