УИХ-ын 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймаг улстөрчдийн ёстой л шүүсийг нь шахдаг гэдэг. Наадамд олон бөхтэй шигээ олон улстөрчтэй энэ аймгийнхан нэг өнгийг дагнах тун дургүй. Сонгуулийн өдрийн тэнгэрийн байдлыг харж байгаад сонголтоо хийчихдэг мэт гэнэтийн сонголтууд нь улстөрчдийг гайхшруулна.

Нөгөө талаас харахад бие даагч нарт тал засчихдаг сонгогчид нь эсэргүү үг, үйлтэй нөхрийг дэмжээд явчихдаг нь харагдаж байгаа. Нэг хэсэг цахим ертөнцөд од, улстөрд ад болсон Л.Гүндалайд хайр зарлаж хир халдаадаггүй байсан бол одоо УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд илүү тал засдаг.

Мөн ардчилсан хувьсгалыг анхлан дэмжиж өлсгөлөн зарлаж явсан хөвсгөлчүүд МАН талдаа илүү элэгтэй нь харагдаад байгаа. Өмнө нь АН, МАН, бие даагч, Эх орон намд гээд мандатыг нь тэнцүүхэн хуваагаад өгчихдөг байсан бол 2012 оны сонгуулиар арай өөр өнгө аяс харагдах болсон. Удахгүй болох сонгуулийн урьдчилсан прогнозоор Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нарын рейтинг өндөр хэвээр харагдаад байгаа гэх.

Хөвсгөлчүүдийн сонголтыг харахад эмэгтэй улстөрчид тийм ч таатай бус. АН-аас Ц.Оюунгэрэл, МАН-аас Ж.Цолмон нар өрсөлдсөн ч итгэл өгөөгүй. Тэд бүгд намдаа нэр хүндтэй явсан бүсгүйчүүд. Нэгэнт эмэгтэйчүүдэд таагүй ханддаг Хөвсгөлд өнгөрсөн сонгуулиар улстөрийн намууд эмэгтэй улстөрч сойгоогүй нь ийм учиртай.

 

МАН-ын горилогчид

Харин энэ жилийн сонгуульд намууд хэний аавын хүүг сойж улстөрийн карьерынх нь чансааг харахыг тандая.

МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, Л.Мөнхбаатар нарын нэр яригдаж байгаа. Л.Энх-Амгалан гишүүний хувьд хоёр дахиа сонгогдохоор тойргоо идэвхитэй тордож явна. 2016 он гарахаас өмнө тойргийнхондоо бэлэг сэлт тарааж сайн улстөрч гэдгээ батлах гэж их хичээсэн. Энэ зэргийн ажил хийхэд мөнгөнд гачигдаад байх шалтгаан байхгүй. Харин ч дахин сонгогдохын тулд ямар ч хамаагүй үнэ төлөхөд бэлэн байгаа. Ард нь мөнгөөр угжигч MCS нь байгаа цагт улстөрд босоо байх бүхий л аргад суралцаж, хор найруулж, хөгийн зан гаргаж ч сурах ёстой нэгэн. Үүний нэг жишээ нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл далайн эрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ХАХНХ-ын яамны зүгээс “Ахмадын амралт сувилалын газар”-ыг байгуулжээ. Гэтэл өнөөхийг нь Л.Энх-Амгалан гишүүн түрүүлж очоод өөрөө байгуулсан мэтээр нээлтийг нь хийчихэж.

Өөрийнхөө 100 хувийн хөрөнгө оруулалтаар энэхүү газрыг байгуулсан хэмээн нутгийн иргэдэд сурталчилж нээлтийг хийж туузыг хайчилжээ. Гэтэл маргааш нь төсвийн хөрөнгөөр баригдсан сувиллын газрынхаа нээлтийг хийхээр С.Эрдэнэ сайд давхиж очсоноор хэрэг манджээ. С.Эрдэнэ сайд Л.Энх-Амгалан гишүүний энэ үйлдэлд тун их дургүйцсэн бөгөөд “Л.Энх-Амгалан гишүүн сувилалын газарт 10 гэр хандивлана гэхэд нь би зөвшөөрсөн. Тэрнээс биш энэ бол улсын төсвийн хөрөнгөөр баригдсан дан ганц Хөвсгөл аймгийн ахмадууд бус хангайн бүсийн бүх ахмадуудад зориулан барьж байгаа сувилал. Тиймээс хийсэн ажлыг минь өөрийн хөрөнгөөр хийсэн мэт нээлт хүртэл хийгээд явсанд нь дургүй хүрч байна” хэмээн бухимджээ. Л.Энх-Амгалан гишүүн өмнө нь мөн иймэрхүү асуудалтай холбогдож байсан юм. Хөвсгөлөөс Тариалан хүрэх хурдны замыг мөн л өөрийн хөрөнгөөр босгосон хэмээн ярьж, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ Мөрөн” орон сууцны хорооллын ажлыг ч мөн өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар босгож байгаа хэмээн ярьж багагүй шүүмжлэлд орж байсан билээ. Хөвсгөлийн иргэд ч толгой нь эргэж гүйцсэн бөгөөд Л.Энх-Амгалан бариад байна уу, эсвэл төсвийн хөрөнгө энэ аймагт орж ирэхээ больсон уу гэдэгт эргэлзэх болжээ. Ийм л нэг будлианы эзэн.

Л.Мөнхбаатар Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн тэрээр сүүлийн дөрвөн жил аймагтаа бараг амьдарсан. Одоогийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нартай хүчтэй өрсөлдөгч хэмээгдэж тэднийг хуралдаж байх хооронд нойр хоолгүй ажилласан гэгддэг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын суудлаас дуулиантайхан буусан тэрээр УИХ-ын гишүүн болох хэтийн зорилготойгоор хөдөө хөхөрч гадаа гандаж явна.

Аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар УИХ-д санаатай явна. Нутагтаа гийгүүлээд байх нэр хүндгүй ч намдаа бол шаггүй улстөрч гэгдэж байгаа гэх. Гэвч сүүлийн үед аймагт нь улаанбурхан, халдварт өвчин газар авч сургууль цэцэрлэг нь хаагдаж олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Онцгой байдлынхан аймгийн удирдлагад үүрэг болгосон. Тус аймагт 2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өсчээ. Он гараад гурван сар өнгөрч байхад долоон хүүхэд энджээ. Мөн төрөлтийн явцад эндэх эхчүүдийн тоо ч өссөөр байгаа нь айдас төрүүлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг л гэхэд сэхээний эмч байхгүй 5 жил болж байгаа аж. Мөн амьсгалын аппаратгүй. Түүнчлэн хүүхдүүдийн эмчлүүлж буй өрөө тасалгаанд ачааллаас шалтгаалан нэг хүнд ногдох стандартаас олон хүн хэвтэж буйгаас хүчилтөрөгчийн дутагдал ихтэй, бүгчим. Цонхны хөшиг байхгүйгээс орны бүтээлгээр халхалсан байдалтай байдаг аж. Тус тасгийн эмч нар Дэлхийн Зөн Олон улсын байгууллагад хүсэлт тавин төсөл бичсний хүчинд л хүүхдүүдэд стандартын шаардлага хангах ортой болжээ. Хүүхдийн тасаг нь амьсгалын аппаратгүй, сэхээний эмчгүй 5 жил болж байхад Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар та бүхэн ямарч арга хэмжээ авахгүй, төсөв хөрөнгө байхгүй, энэ чиглэлээр мэргэших хүн алга гээд ам таглаад сууж байх жишээтэй. Ийм л иргэнээ хөсөр хаясан аймгийн засаг дарга улстөрийн карьер хөөн амиа хичээн төрийн өндөр сэнтий рүү зүтгэж байна.

АН-ын горилогчид

АН-аас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүн асан Ц. Сэдванчиг, Д.Батболд нарын нэр яригдаж байна. Ц.Оюунгэрэлийн хувьд өмнө нь төрсөн нутгаасаа дэмжлэг авч чадалгүй нийслэлчүүдийг бараадсан. Хотынхон түүнд саналаа өгч өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдын алба хаших боломжийг олгосон. Харин тэрээр дахин нэр дэвшихгүй гэж өөрийн твиттер хуудсаар мэдэгдсэн ч сүүлийн үед Хөвсгөл аймагт өрсөлдөх улстөрчдийн нэрсийн жагсаалтад байнга дуулдаж байна. Ямартай ч Ц.Оюунгэрэл үнэхээр номоо бичээд суух уу, улстөрийн карьераа үргэлжлүүлэх уу гэдгийг нэр дэвшигчид тодрохоор харна.

Ц.Сэдванчигт Хөвсгөлчүүд талтай. Өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгож үзсэн. Дараа нь сонгуульд өвдөг шороодоход азаар АН-ынхан засаг барьж таарав. Ингээд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал болсон ч дуулиантайгаар ажлаасаа халагдсан. Шалтгаан нь түүний Рио Тинтонд бичсэн захидлаас болж хөрөнгө оруулагчид үргэсэн гэдэг. Харин өөрөө “Ажлаас халагдсан шалтгаанаа “Улс оронд хэрэгтэй шийдвэр бол миний золиос болох хамаагүй. Дарга нар “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол болох нь тэр” гэж хэлж байв. Анхнаасаа Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан тэрээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал болсон нь гайхшрууж байсан. Адагт нь ингэж унахыг нь харсан зарим нь харин ч зөөлөн газардлаа гэж байв.

АН-аас нэр дэвшихээр бас нэг яригдаж байгаа хүн нь Д.Батболд. 1977 онд Арбулаг суманд төрсөн, арван жилийн сургуулиа аймагтаа төгссөн нутгийн залуу. Ц.Оюунгэрэл, Ц.Сэдванчиг нар 60-аад оных бол Д.Батболд 70-аад оныхноо төлөөлөн Хөвсгөлд нэр дэвших гэж байна. Хамгийн сүүлд Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын алба хашсан түүний намтарыг сонирхвол ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Ажлын гараагаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс эхэлж төрийн албанд ажилласан аж. “Алтандорнод Монгол”-ынхон Монголын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгөхөд Монголын талаас байгуулагдсан ажлын хэсэгт Уул уурхай яамыг төлөөлөн орж ажиллаж байсан, хувь хүнийхээ хувьд шар хэвлэлийн бай болж байсан гээд олны анхаарал багагүй өртсөн нэгэн.

Фракци мөрөөссөн бие даагч

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бие даан сонгогдсоноос хойш карьер нь тогтвортой сайн яваа. Энэ рейтингээ хадгалахын тулд маш их хичээж явна. Бие даагчдын бүлэг байгуулан хамгийн идэвхитэй гишүүний нэг болсон. Гэвч С.Ганбаатар нь ганцаарчилсан тоглогч гэдгээ харуулж бүлэгтээ багталгүй улстөрийн нам бараадан хэтийн төлөвлөөгөөгөө биелүүлэхээр явсан. Тэр өдрөөс хойш С.Ганбаатарын нэр хүнд өдрөөс өдөрт унасан болохоор бие даагчид нам бараадах хэрэггүй гэдгийг мэдэрсэн. Ц.Даваасүрэн угшлаа дагвал МАН-ынх. Намаа дагавал рейтинг нь уначих гээд, ганцаар явбал хол явахгүй салаа замын уулзвар дээр шийдвэр гаргаж байна. Бие даагчдын бүлэгтээ суурилан дээр нь эсэргүү үйлдлээрээ эмэгтэй гишүүдээс онцгойрч байгаа Г.Уянгыг элсүүлэн эвсэл байгуулан ажилахаар болж байгаа гэх. Тэд тойрогтоо бие даах ч парламентад эргэн бүлэг байгуулан ажиллах төлөвлөгөөтэйгээр эвсэл байгуулж байгаа сурагтай.

 

Лхагвын Мөнхбаатар

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1985-1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн дунд сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.

1999-2000 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх зүйн шинэтгэл, стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого зохицуулалтын албанд ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, 2009-2011 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байв.

Монголын хуульчдын нэгдсэн холбооны тэргүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн, Хотгойдын Чингүүнжав сангийн удирдах зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-ын арбитрын танхимын арбитрч. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн.

Ц.Ургамал

times.mn