Үндсэн хуулийн манаач цэцийн дүгнэлт улстөрийн намууд, парламентыг ёстой л нэг бужигнуулж орхив. Арай гэж эвсэх үгүйгээ нэг мөр болгоод мөрийн хөтөлбөрөө тушаачихаад байж байтал Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар санал хураах нь УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтын үйлчлэлийг хуралдаан болсон өдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх дүгнэлт гаргалаа. Ингэснээр өмнөх 2012 оны сонгуульд хэрэглэсэн, мөн одоо болох гэж буй парламентын сонгуулийг явуулах холимог системийг хэрэглэх боломжгүй болж байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу өгөх учиртай.

Нэгэнт сонгууль хаяанд ирчихсэн сонгуулийн штабууд байгуулагдан ажлаа эхэлсэн энэ өдрүүдэд УИХ дахь намын бүлгүүд Цэцийн дүгнэлтийг өнөөдөр шуурхай хэлэлцэж байна. Мөн УИХ-ын чуулганыг нэг өдрөөр наашлуулж лхагва гарагт хуралдахаар төлөвлөжээ. Тэгэхээр энэ долоо хоногт парламент цэцийн дүгнэлтийг эцэслэж 2016 оны сонгуульд мажоратори буюу жижигрүүлсэн мажоратори байх уу гэдгийг шийдэх болж байна. Сонгуулийн хугацаа тулсан, сурталчилгааны хоног богиноссон үед энэхүү хувилбар нь жижиг гэгдэх намууд, шинэковуудад маш хүнд тусч байна. Бас нэг бухимдаж байгаа хэсэг нь намын жагсаалтанд багтчихна хэмээн тойргоо эргэлгүй ширэн нүүр гаргасан түшээд.

УИХ-аар үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа гэхэд сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг дахин шинээр байгуулах нь. Гэтэл Сонгуулийн хуульд тойрог хэсгийн хороог сонгуулиас 150 хоногийн өмнө байгуулсан байх ёстой. Энэ заалтыг дагана гэвэл УИХ-ын сонгуулийн хугацааг хойшлуулахаас аргагүй гэсэн яриа эхнээсээ гарч эхэллээ.

Гэхдээ энэ яриа АН-ын зүгээс илүүтэй гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд АСЕМ-ыг нүүр улайхааргүй хийхийн тулд сонгуулийг намар болгох хэрэгтэй гэсэн яриаг гаргасан ч газар аваагүй. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт асуудлыг нахих боломжийг олгож байна. Өнөөдрийн хуралдаанаараа МАН, Шударга ёс эвслийн бүлэг хүлээж авна. Харин АН-ын бүлэг хүлээж авах ч сонгуулийг намар болтол хойшлуулах, ингэхдээ үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгыг хамт явуулах санал гарах магадлалтай байна. Үүнийгээ зүтгүүлж чадвал одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа уртасч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар улстөрийн дахин хуваарилалт явуулах боломж нь бүрдэх юм.

Тодруулбал, улстөрийн намууд тэр дундаа АН, МҮАН зэрэг ардчилсан гэх тодотголтой намууд задарна. МАН-д задрал явахгүй гэх баталгаагүй. Ингээд орчин цагийн үзэл санаагаараа хуваагдаж улстөрийн шинэ намууд бий болно. Улстөрийн шинэ хүчнүүд гарч ирнэ гэх өнгөрсөн намар АН-ын фракциудын дунд яригдаж байсан хувилбарыг хэрэгжүүлэхэд илүү дөт болж байх шиг байна. Парламентад байгаа намын бүлгүүд сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд санал нэгдэж байгаа ч цаг хугацааны хувьд зөрчил үүсэх нь тодорхой. Тэгэхээр энэ зөрчлийг ямар тохироогоор шийдвэрлэхийг энэ долоо хоногт харна. Хаврын улстөрийн бужигнаан энэ жил гудамжинд бус Төрийн ордонд өрнөж байна.

Харин гудамжинд үлдсэн парламентад суудалгүй улстөрийн намууд сонгогчдыг шахаанд оруулж АН, МАН руу түлхэж байна. Хэрэв жижигрүүлсэн мажораториор сонгууль явуулбал олигархиудын сонгууль болж хувирна. Сонгуулийн ардчиллаас нэг алхам буцаж ухарлаа хэмээн бухимдаж байгаа. Тэдний хувьд дуу хоолой нь парламентын цонхыг мөргөөд буцна. Мэдээж тохироо зөвхөн Төрийн ордонд үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын сонгуульд оролцохоор Үндэсний аудитын газар 14 нам, 2 эвсэл, 80 гаруй бие даагч мөрийн хөтөлбөрөө өгөөд байна.

 

Б.Санчир



Эх сурвалж: TIMES.MN