Ирэх сонгуульд орох, нам эвслүүд албан ёсны хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаа дуусаж байна.

Хамгийн түрүүнд буюу Пүрэв гарагт МАН хүсэлтээ хүргүүлж, сонгуулийн штабаа байгуулснаа албан ёсоор зарласан. Мөн ажлын цаг дуусахаас өмнө Бүгд найрамдах нам, Монголын консерватив нам сонгуульд оролцохоо илэрхийлжээ.

Харин бусад улс төрийн хүчнүүдийн хувьд өнөөдөртөө багтаах ёстой. Найм дахь удаагийн парламентын сонгуульд орох мөрийн хөтөлбөрөө 14 нам, хоёр эвсэл, 80 бие даагч ҮАГ-т хүргүүлснээс харахад СЕХ өнөөдөр олны хөлд дарагдах нь.

Сонгуулийн саналын хуудсан дээр намуудыг жагсаахдаа УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичдэг.

 

 

МАН-ын сонгуулийн штабыг намын дарга М.Энхболд удирдаж, ерөнхий менежерийн үүргийг генсек Ж.Мөнхбат хүлээнэ. Намын удирдах албан тушаалтнууд гэдэг утгаараа энэ бол зүй ёсны хэрэг.

Шинэ мэдээ гэвэл С.Баяр улс төрд эргэн ирж байгаа гэнэ. Тэрбээр намынхаа сонгуулийн сурталчилгааны стратеги, пиарыг нь хариуцна гэдгийг ойрын эх сурвалж өгүүлсэн юм.

Энэ удаад оролцох субьектийн тоо өссөнөөс өөрөөр дээрх үйл явц сонгууль бүрийн өмнө өрнөдөг тул онцлоод байх зүйл биш л дээ. Харин сонгуулийн хуулийг өөрчлөхөөр зэхэж буй нь намууд болон зарим нэр дэвшигчийг хүнд байдалд оруулж буй нь Монголын улс төрийн сонирхуулах сэдэв болж байна.

Намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын хуралдааны гэнэтийн дүгнэлтээс болж АН, МАН-аас бусад нь сонгуулийн стратегиа орвонгоор нь өөрчлөхөд хүрэв. Тэр тусмаа олон нийтийн дунд рейтинг өндөр байгаа ганц, хоёр улстөрчөөр нүүр хийн, намын жагсаалтын ачаар парламентад суудалтай болчих гэсэн шинэ хүчнүүдэд энэ илүү хамаатай.

Тодруулбал, ХҮ нам. Гадаадад сурч ажиллан, галуу шувууны мах идсэн боловсрол өндөртэй залуусаар эгнээгээ нэгтгэсэн гэх имижийг бүрдүүлж байсан тус хүчний гол найдвар нь С.Ганбаатар байлаа. “2016 оны сонгуульд намаараа бүлэг байгуулах хэмжээний суудал авч, өөрөө ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна” гэсэн С.Ганбаатарын амлалт нь хэтэрсэн хийрхэл гэж болно.

Гэхдээ улс төрийн хүчнүүдийн захиалгаар хийлгэсэн урьдчилсан судалгаагаар ХҮ нам энэ эрчээрээ орвол 5-6 суудал авах боломжтой гэсэн дүн гарч байжээ. Харамсалтай нь, пропорциональ системд хэт найдсан ХҮН-чууд жагсаалтад дээгүүр бичигдэх гэсэн дотоод толхилцооноос болж өмнөх рейтингээ гээсээр өнөөдөр хамаг чөмөг нь дундарчихаад байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга /Асан ч байж магад. ХҮ нам хоёр дарга, хоёр генсектэй болоод удаж буй/ Т. Доржханд хүртэл бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн аж. Албан ёсны, асан аль нь ч байсан намын гал тогоог барьдаг хүн нь ийм шийдвэр гаргасныг харахад XҮ намынхан амь амиа бодохоор шийджээ.

Сонгуулийн саналын хуудсан дээр намуудыг жагсаахдаа УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичдэг. Энэ утгаараа Монголын улс төрийн ууган хүчин гэх тодотголтой МАН нэгдүгээрт эрэмбэлэгдэж Ардчилсан нам ард нь жагсана.

Харин гуравдугаарт бичигдэх хүчин бол МНН. Он цагийн дарааллаар нь хөөвөл 1990 оны тавдугаар сарын 26-нд Монголын Ногоон Нам байгуулагдсан ч, 26 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа парламентад суудал авсан тохиолдол нэг ч үгүй юм. Харин ногоон имиж, УДШ дэх бүртгэлийн дугаар нь тус намыг сонгуулийн цикл ирэх бүрт эрэлттэй болгодог.

Ирэх сонгуульд тус нам энэ эрэмбээ УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлэх Тусгаар тогтнол, эв нэгдэл намд найр тавьсан юм. Г.Уянга+ МНН, харагдах байдлаасаа бол сонгогчдод таалагдах л хувилбар. Гэхдээ сонгогчдын таалал пропорциональ системтэй үед л ээлээ өгнө. Түүнээс биш жижигрүүлсэн мажоритар тогтолцоогоор хийсэн сонгуульд үр дүнгүй. Гагцхүү Г.Уянга л саналын хуудасны дээгүүр эрэмбэлэгдэнэ.

Ардчилсан нам ИЗНН, МҮАН-ыг өөртөө нэгтгэх, МАН МАХН-тай эвсэх үйл явц “үлгэр” болсны дараа 2016 оны сонгуульд оролцох хамгийн том эвслийг Н.Энхбаяр, М.Энхсайхан, С.Оюун нар хамтран байгуулахаар зөвшилцлийн ширээний ард суусан. МАХН-ын Бага чуулган, ИЗНН-ын Улс төрийн зөвлөл, МҮАН-ын Удирдах зөвлөлөөс томилогдсон төлөөлөгчид зөвшилцөлд хүрч чадсансан бол “Эх оронч” хэмээх шинэ эвсэл байгуулагдах байлаа.

МҮАН Удирдах зөвлөлөө хуралдуулж, сонгуульд оролцохгүй байхаар шийдсэн байна.

 

 

Гэвч хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй, МАХН дангаараа сонгуульд орох болсноо Пүрэв гарагт зарлав.

Нэгэнт намын жагсаалтаар сонгогдох боломж унаж буй тул тус хүчин парламентад суудалтай болох гол найдвар нь Н.Энхбаяр байх юм. Гэхдээ Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй.

Эдлээгүй үлдсэн ялыг нь хэлтрүүлээгүй байгааг хүчний байгууллагаас мэдэгдээд буй. Харин энэ талаар Н.Энхбаяр Би ялгүй. 2009 оны Өршөөлийн хуулиар надад хүчээр тулган, хэлмэгдүүлж байсан 263 гэдэг зүйл өршөөлд хамрагдсан.

2015 оны Өршөөлийн хуулиар надад тулгаж байсан 150.3 гэдэг зүйл мөн өршөөлд хамрагдсан учраас ялтай байдал өршөөгдсөн. Гэтэл үүнийг улс төржүүлээд, Н.Энхбаяраас айгаад сонгуульд оруулахгүй гэсэн атгаг санаа өвөрлөсөн өндөр албан тушаалтнууд асуудлыг хиймлээр бий болгож байгаа. Гэхдээ энэ сонгууль Н.Энхбаяргүй болвол ардчилсан биш сонгууль болно.

Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй” хэмээн мэдэгдэв. Ийнхүү МАХН дангаараа сонгуульд орох нь тодорхой боллоо. Харин саналын хуудасны 18 дугаарт эрэмбэлэгдэхийг энд тэмдэглэе.

Тэгвэл МҮАН Удирдах зөвлөлөө хуралдуулж, сонгуульд оролцохгүй байхаар шийдсэн байна. Харин угшил хийгээд үзэл баримтлал нэгтэйн хувьд Ардчилсан намыг дэмжиж ажиллахаа М.Энхсайхан мэдэгдлээ. Энэхүү дэмжлэг нь алсаас байхуу, эсвэл Ардчилсан намын сонгуулийн штабт М.Энхсайхан ажиллах уу гэдгийг хэлэхэд эрт байна.

Нэгэнт МАХН сонгуульд дангаараа орж, МҮАН тоглоомоос гарсан тул ИЗНН хэрхэхээ шийдэх үлдлээ. Бас л хоёр хувилбар тэдэнд бий. Ардчилсан намтай эвсэх үү, эсвэл МҮАН-ын нэгэн адил дэмжигчийн байр сууринд очих уу. ИЗНН-ыг хэрэгтэй цагтаа хэрэгтэй талд очиж нийлдэг дэс тооны эрэмбэтэй нам гэж нэрлэх нь ч бий.

Ер нь гурван талт хэлэлцээрийг мухарласан хүн нь С.Оюун аж. Хэдийгээр ИЗНН-ын гурван даргын нэг Ц.Ганхуяг “Эх оронч” эвсэлд орох хүсэлтэй байсан ч С.Оюун Ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх сарын 2-9-ний хооронд намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Гэхдээ мажоритар дотроо томсгосон 26 тойрог уу, жижигрүүлсэн 76 буюу “нэг тойрог, нэг мандат” гэсэн зарчмыг баримтлах уу гэдгийг УИХ шийднэ. Ардчилсан нам болон МАН-ын хооронд яригдаж байгаа, хамгийн магадлал өндөр хувилбар нь жижиг мажоритар систем.

Жагсаалтыг горилж байсан улстөрчдөөс, мөн “Шударга ёс” эвслийн долоон гишүүнээс бусад нь сонгуулийн жижиг мажоритар хувилбараар явуулахыг дэмжих нь тодорхой. Энэ бүгдээс харахад, лав 2016 оны сонгуульд оролцох томоохон эвсэл байгуулагдахгүй нь.

Б.ЭНХЖАРГАЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ