Монголчууд хэзээнээсээ төрт ёсоо хүндэтгэн, төрийг эмхлэн байгуулах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээж ирсэн уламжлалтай. Тийм ч учраас сонгууль болох өдрийг “Төр барилцах алтан боломж” гэж үзэж, өнгөтэй өөдтэйгөө өмсч, баярын уур амьсгал оруулдаг байсан нь саяхан.

Харин ардчилсан нийгэмд шилжиж, төлөөллийн байгууллагаа сайн дураар сонгодог болсон цагаас хойш энэ уламжлал алдагдахад хүрсэн нь сонгуулийн ирц буурч байгаагаас харагдана. Тодруулбал, 1992-2012 оны хоорондох УИХ-ын зургаан удаагийн сонгуулийн ирц хүн амын тоотой харьцуулахад гэрлийн хурдаар буурсан гэхэд хилсдүүлсэн болохгүй. 1992 онд сонгуульд оролцох насны иргэдийн 95.6 хувь нь сонгох эрхээ эдэлж байсан бол10 жилийн дараа 65.2 болтлоо буурсан байх юм. Энэ нь улс төрийн намуудын талцал, улстөрчдийн ёс зүйгээс гадна сонгогчдын саналыг луйвардах, элдэв“хор найруулах” зэрэг бусармаг явдалтай холбоотой. Үүнээс шалтгаалан сонгуулийн насны залуусын итгэл үнэмшил алдагдаж, оролцох идэвх нь багасдаг байна. Тиймээс хүн амын 40 орчим хувийг бүрдүүлдэг 18-35 насны иргэдийн сонгуулийн оролцоо энэ удаа ямар байхыг судалгааны байгууллагаас танджээ. Удирдлагын академийн багш нар Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн 1000 гаруй иргэнээс түүвэр судалгаа авахад 71 хувь нь сонгуульд оролцоно гэж хариулсан ч энэ хэмжээ50 хувийн л биелэлттэй байдаг гэж судлаачид хэлж байгаа юм. Учир нь, өмнөх сонгуулийн урьдчилсан судалгаагаар иргэдийн85 хүртэл хувь нь иргэний үүргээ биелүүлнэ гэж хариулсан байдаг ч ирц маш доогуур байсан дүн байдаг юм байна. 2012 оны сонгуульд18-35 насны залуусын 60 хувь нь оролцоогүй гэсэн тоо гарч байжээ. Энэ нь тухайн насны залууст сонголт хомс, нэр дэвшигчид нь улс төрд олон жил “ноёрхсон” цөөн хэдэн хүн байдаг, тэд олон нийт түүний дотор залуучуудад таалагдахаа больсон зэрэг олон шалтгаантай байх магадлал бий. Мөн хэнийг ч сонгосон ялгаагүй гэх гутранги үзэл, улс төрийн ажил хэрэгт оролцох идэвх санаачлага сул байгаатай холбоотой гэж судлаачид дүгнэж байлаа. Үүнд манай уламжлалт зан үйл, хүмүүжлийн арга барил ч нөлөөлж байж болох юм. Ахмадаа хүндэтгэх, гэрээ зассаны дараа төрөө барилцах зэрэг сургаал айлдварууд залуусыг биеэ голох, өөрийгөө үнэлэхгүй байхад хүргэдэг талтайг сурган хүмүүжүүлэгчид гаргаж тавьсан нь бас бодууштай л санаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр түгээж байгаа улс төрийн утга агуулгата,й хар бараан голдуу мэдээ, мэдээлэл нь хэсэг хүний тойрсон хүрээлэл дундахь бохир, худал хуурмагаар дүүрэн орчин гэсэн ойлголтыг төрүүлдэг нь залуусын итгэл үнэмшил, идэвх зүтгэл, бодол санааг баллуурдаж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Манай улсад Сонгуулийн ерөнхий хорооноос эхлээд “сонгуулийн, сонгогчдын” гэсэн тодотголтой олон арван төрийн болон ТББ байдаг ч тэд олон нийтийг соён гэгээрүүлэх, Сонгуулийн тухай хуулийг сурталчлах, сонгуулийн мөн чанар, ач холбогдлыг ойлгуулах талаар хангалтгүй ажиллаж байгааг судлаачид шүүмжилдэг. Эдгээр байгууллага дөрвөн жилд ганц болдог УИХ болон орон нутгийн сонгуулиар л“амь орж”, энэ болно, тэр ч дэмий гэж иргэдийн толгойг эргүүлэхээс цаашгүй байдаг нь нууц биш. Сүүлийн үед сонгууль зохион байгуулах үндсэн үүрэгтэй дээд газар нь аль нэг нам, хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн “захиалга”-аар ажилладаг болсон бололтой. Энэ байдал нийгэмд маш хурдан халдварлаж, ямар нэг холбоо, ТББ, тэр байтугай СӨХ-г сонгоход ч бага гэлтгүй“хор” ордог болсон байна. Иймэрхүү ажиллагаа нь залууст муу үлгэр жишээг харуулаад зогсохгүй хүмүүст итгэх, олон нийтийн ажилд оролцох оролцоог нь багасгаж, урам зоригийг нь хугалж, мохоож байдгийг хаана хаанаа анхаарах цаг болсон. Дээш ахиулаад харвал УИх болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээг дээшлүүлэх талаар ярьдаг шиг 40-өөс доош насны залуусын квотыг ч намууд авч үзэхэд гэмгүй гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Үнэндээ ахмад нас, албан тушаалаараа“дээрэлхэх”, хэсэг бүлгийн амбицаар бөөрөлхөж, залуусыг цүнх барих төдийгөөр үнэлж байгаагаас тэдний сонгуульд хандах, оролцох идэвх муу байдаг ч байж болзошгүй. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд олон арван залуу бие даан оролцохоор бэлтгэж байгааг буруутгах аргагүй юм. Ямартай ч судлаачдын дүгнэж байгаагаар 18-35 насны залуусын сонгуулийн ирц 50 хувьтай л байдаг бол энэ жил илүү идэвхтэй оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэдний цаг ирж байгаа юм чинь.

 

Д.Мөнхжаргал