Хувь төөрөг зарим хүнд заяагаагүйгээ өөр зүйлээр нөхөж олгодог гэлтэй. Ижийн хайрыг мэдрээгүй өссөн ч халамжит аавын энхрийлэлд хүн болсон тэрбээр өөрөө жирийн монгол ээжүүдийг төлөөлж, сэтгэлд хоногшсон олон сайхан дүр бүтээжээ. Сайхан эмээ гэхээр урьд нь Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай санаанд буудаг байсан бол өдгөө Ардын жүжигчин Д.Мэндбаяр л хамгийн түрүүнд нүдэнд харагддаг. Аарцтай будаагаар дайлж, зөөлөн харцаар ширтэн, ухаалаг ярьсан тэрбээр цаанаа л сэтгэлд дотно, эмээгээс минь өөрцгүй. Магадгүй ижийгүй, эмээгүй өссөн олон хүн түүний дүрээр хоосон орон зайгаа нөхдөг байх. “Бурхны авралаар жирийн нэгэн монгол эмэгтэйн хувь заяа амгалан байна” хэмээн амьдралаа дүгнэсэн түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Удахгүй нээлтээ хийх “Ээж” киноны гол дүрд та тоглосон юм билээ. Өдий наслахдаа олон ээжийн дүр бүтээсэн байх. Тэгвэл энэ удаагийнх таны амилуулсан бусад ээжийн дүрээс юугаараа онцлог вэ?

-1963 онд театртаа ирээд эрх танхил охидын дүрд тоглож байгаад “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луиза зэрэг хайрынхаа төлөө амиа зориулж буй бүсгүй, “Овод” жүжгийн Жемма, “Бөмбөрчин эмэгтэй”-н бөмбөрчин эмэгтэй тэргүүтэй эх орныхоо төлөө тэмцэгчдийн дүр бүтээсэн. Үүний дараа жинхэнэ хайр сэтгэлээ олж, үнэн сэтгэлээсээ хайрлаж дурлалцаж яваа бүсгүйчүүд, эрээнтэй бараантай амьдралд үзэл бодолдоо үнэнч, олныг нийгмийн ажилд уриалах чадал, зоригтой сэхээтнүүдийн дүрд тоглосон. Хамгийн анхны ээжийн дүр бол Ш.Ёнхор гуайн зохиол, Д.Долгор найруулагчийн бүтээл, телевизийн хоёр ангит жүжиг “Эдлэх ёсгүй эрх” -ийн Бадамлянхуа хатан. Д.Долгор найруулагч “Анх удаа хоёр ангитай теле жүжиг бүтээх гэж байна. Түүхэн сэдэвт уг жүжгийн эхийн дүрд чамайг тоглуулна” гэхэд нүд орой дээр гарах шахсан. Зохиолыг нь гүйлгээд хартал 60 настай авгай. Би тухайн үед 30 хэдхэн настай байлаа. Тэгээд “Манай алтан үеийн уран бүтээлчид болох Ардын жүжигчин Т.Хандсүрэн, Ч.Долгорсүрэн, Д.Цэрэндулам, Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай бүгд амьд сэрүүн байхад би тоглож яах юм бэ” гэхэд “Долгорсүрэн гуай Орос руу эмчилгээнд явах гэж буй. Тэгээд Мэндбаяр гэх залуу жүжигчин охинд хэлээд үз гэж санал болгосон” гэдэг юм байна. Тухтай сууж байгаад унштал үнэхээр сайн зохиол, сайхан ч эхийн дүр юм. Их сүрдэж, эмээсэн хэрнээ дүрдээ дурлаж байлаа. Нэг орой тоглолтоо тараад хувцсаа сольж байтал Д.Долгор орж ирээд “Нөгөө жүжгээ өнөөдөр бичнэ” гэв. Би “Хүүе, чи ямар хачин хүн бэ. Бид эхлээд сургуулилалт хийн, хэн ямар дүрд тоглож байгааг мэдэж, зохиолоо задлах ёстой” гэтэл “Г.Гомбосүрэн гуай хойно кинонд дуу оруулж байгаад өнөөдөр Монголдоо ирсэн. Тэгээд одоо бичье гээд байна” гэсэн. Зохиолынхоо дагуу жүжиглэж байтал Дорлигжав гэнэтхэн зохиол дахь миний хүүгийн дүрд хувирчихаад ороод ирэхгүй юү. Гомбосүрэн багш нулимсаа гартал хөхөрч, би ч, зураглаачид ч инээлээ. Үүнээс болж жүжгээ дахин эхнээс нь бичсээр 08.30 цагт дууссан. Эвшээлгэсэн улс ажил руугаа явцгааж, орой нь хоёрдугаар ангийг нь бичүүлсэн. Панзчины дүрд тоглосон Гомбосүрэн гуайд би хандаж “Хүүг минь олоод ирвэл юу байгаагаа өгье” гээд л жүжиглэж байтал нэг нь хурхираад уналаа. Ийн дахиж эхлээд маргааш нь бас л 08.30 цагт дуусгасан. Ийн ердөө хоёр хоногийн дотор хөгжилтэй үйл явдлаар дүүрэн бүтсэн жүжиг юм. Түүнээс хойш олон ээжийн дүр бүтээж, энэ удаа залуу зохиолч Мөнхтуяагийн кинонд тоглон, Зүүнбаянд 24 хоносон. Тэнд үргэлж элсээр шуурдаг болохоор цаг агаараас шалтгаалж зургаа авсан. Зүүнбаянгийн иргэд ямар сайхан элгэмсэг, өгөөмөр сэтгэлтэй гэж санана. Борцтой, сүүтэй, банштай цай өдөрт хоёр гурван айлаас ирнэ. Манайхан “Мэндээ эгчийн буянд цайгаар тасраагүй” гэцгээдэг. Надад тийм сайхан хандсан хүмүүст танай сониноор дамжуулж, баярласнаа илэрхийлье.

Өөр кино, жүжгэн дээрх миний хүү архинд орсон, хулгай хийсэн, үгүй бол хүн зодсон, зодуулсан, эхнэрээсээ салсан зэрэг ямар нэгэн хэцүү байдалд байгаагийн улмаас сэтгэл минь зовдог тухай өгүүлдэг. Энэ удаагийн зохиол дахь ганц үр минь миний зовлон дундаас төрсөн, сайхан сэтгэлтэй, хөөрхөн, үгнээс гардаггүй хүү. Нөхөр минь өөр бүсгүй дагуулж ирээд, хадам ээж баян чинээлэг тэр хүүхний талд орж, намайг гэрээсээ хөөсөн. Тэр үед би жирэмсэн байдаг. Миний залуу насны дүрд жүжигчин Өөдөс их сайн тоглосон байна лээ. Хүү минь надад ухаангүй хайртай, сургуулиа төгсөөд ижийдээ ирнэ гэсэн ч сэтгэлтэй охиныхоо араас Зүүнбаянд очоод учир битүүлгээр гэмт хэрэгт холбогддог. Ямар ч хэрэгт орооцолдох ёсгүй, хүмүүжилтэй хүү минь яагаад тийм байдалд орсныг мэдэхээр Зүүнбаянд очиж буй ээжийн дүр. Ээжүүд, эмэгтэйчүүд, хайртай хүнтэй залуучууд үзээд нэгийг бодох байх.

-Гомдоохгүйг хичээдэг ч хүн бүр их, бага хэмжээгээр ижийнхээ сэтгэлийг чилээдэг. Ээжүүд үргэлж хүүхдээ өршөөдөг. Гэхдээ эх хүн ямар тохиолдолд үрдээ эргэлт буцалтгүй гомдох бол?

-Өөрөөс төрсөн, өрөөлөөс авч өсгөсөн аль ч хүүхдийг хайрласан эх хүн үртэйгээ тангараг тасарна гэдэг, ээ дээ байхгүй дээ. Би ээж хүний хувьд тэгж бодож байна. “Би яалаа гэж хүүдээ гомдох вэ дээ” гэж эх хүн хүүхдийнхээ алдааг үргэлж цайруулж боддог. Тухайлбал, “Ээж” кинонд би хүүгийнхээ буруугүйг нотлох гэж явахдаа түүнтэй уулздаг. Тэр үед “Ийм муу хүү төрүүлсэн умайдаа гомд” гэж надад хэлдэг. “Ээж намайг үзэн ядвал миний төлөө ингэж зовохгүй гэсэн санаагаар өширхүүлэх гэж тэгж хэлсэн. Үүгээрээ ээж ээ би танд хайртай шүү” хэмээлээ гэж ээж нь ойлгодог. Хэзээ ч хүү нь ингэж хэлэхээргүй тул үүний цаана ямар нэг шалтгаан заавал байна гэж хөөцөлдөж, учрыг нь олдог юм.

-Таныг хоёр, ахыг нь дөрвөн настайд ээж тань өөр хүнтэй суугаад явчихсан юм билээ. Ээждээ гомддог байсан уу?

-Ээждээ юу гэж гомдох вэ дээ. Хүүхэд байхдаа түүнийг нас барсан гэж боддог байлаа. Хүнтэй сууж амьдрал үзээд эхэлсэн үедээ “Өөр хайр сэтгэлтэй учраад явсан хүнийг буруутгаад яах вэ” гэж бодож, тэртэй тэргүй хүний амьдрал янз бүр байдгийг ойлгосон. Миний аав Дагвадорж Халх голд байлдаж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Цэргээс халагдаад Ховд аймагт ээжтэй ханилж, салсныхаа дараа төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав минь юм оёж, хоол хийн, эмэгтэй хүний чаддаг бүгдийг амжуулдаг байсан болохоор ээжийгээ ерөөсөө үгүйлж байгаагүй. Манай хоёр томыг хүртэл аав өсгөсөн шүү дээ.

-Ээжийгээ өөд болсон гэж боддог байсан гэлээ. Түүнтэй уулзаж байв уу?

-Зургадугаар ангидаа ахтайгаа гадаа тоглож байтал хөрш айлын хүн “Аав нь байгаа юу. Хэзээ ирэх вэ, хүн асуугаад байна” гэхэд нь “Мэдэхгүй ээ, байхгүй” гээд өнгөрсөн. Орой унтаж байтал аав “Миний хүүхдүүд босоорой. Ээж нь ирлээ” гэхэд нойроо харамлаад буруу хараад унтаад өгсөн. Өглөө сэртэл орны толгой дээр ах бид хоёрт 25 төгрөг тавьсан байна лээ. Театрт жүжигчин болсон хойно хүүхэд нь оюутан болж хотод ирээд надад ээжийн захиаг өгсөн. Түүнд “Энэ чиний дүү, танилц. Би долоон хүүхэдтэй. Дүүгээ их сургуульд ороход нь тусалж өгөөч” гэж бичсэн байна лээ. Би ч ёсоор болгосон. Бүр хожим 1981 онд бригадаар Баян-Өлгийд очихдоо ээжтэйгээ анх удаа уулзсан юм. “Бүх жүжигчнээ аваад хүрээд ир. Ээж нь та нарыг угтъя” гэсэн утгатай зурвас ирүүллээ. Очтол хашааныхаа үүднээс гэр хүртлээ цагаан эсгий дэвсчихэж. “Анх удаа охиноо гэртээ оруулж байна” гээд уйлаад л байсан. Хөндий өссөн, ээжийн тухай сураг л дуулж байсан болохоор би ер уйлаагүй. Тэднийд хонохдоо өөрийнхөө төрсөн сар, өдрийг асуухад сайн мэдэхгүй байна лээ. Өглөө манайхан ирж цай уучихаад явах боллоо. Ээж араас гарч ирдэггүй ээ. “Миний ээж гэчихээд гаргаж өгөхгүй юм байх даа” гэж бодоод эргээд хартал хашааныхаа завсраар харж байсан. Тэгэхэд л зүрх эмтрэх шиг болж билээ. Аавыг минь хэвтэрт байхад гэнэтхэн ороод ирсэн. Би тогоон чинээ гэдэстэй байлаа. Шөл хийгээд аавд минь халбагадан өгч, гал түлж, цас арилган, миний хийх ёстойг хоёр өдөр хийж байгаад явсан. Эмэгтэй хүнээр халамжлуулж үзээгүй надад их сайхан санагдсан. Түүнийг явснаас гурав хоногийн дараа аав минь өөд болсон доо. “Аавыг залууд гомдоосон ч амьдралынх нь сүүлчийн мөчид аманд нь хоол хийж өгөн, өрөө төллөө” гэж бодсон болохоор түүнд ер гомддоггүй. Би ер нь ээжтэйгээ хамт байх заяагүй хүүхэд байсан юм шиг ээ. Ээж хотод ирэхээр болж, ахтайгаа тостол онгоцонд бөөлжсөөр эмнэлэгт хүргэгдэж очоод нас барсан. Тэгэхэд хүүхдүүд нь биш, ах бид хоёр толгойг нь түшсэн юм. Бид хоёрыг төрүүлснийх нь төлөөсийг толгойг нь түшиж төлсөн гэж боддог. Сайхан сэтгэлтэй, хөөрхөн хүүхэн байсан гэдэг. Долоон хүүхэд төрүүлсэн юм билээ. Дүү нартайгаа цуг өсөөгүй болохоор тааралдахаараа мэнд устай л өнгөрдөг.

-Хамт хонохдоо сэтгэлээ уудалж ярилцаагүй юу?

-Хөгшин хүний нүүрийг улалзуулж, нус нулимсыг нь идүүлж яах вэ дээ.

-Та алтан үеийн уран бүтээлчидтэй ээж, охин болж олон жүжигт тоглосон. Ээжтэй байхын сайхныг мэдээгүй өссөн танд эмзэг санагддаг байв уу. Хэнд нь илүү хайртай вэ?

-Энэ, тэр жүжигчин ээж минь байсан бол гэж бодож үзээгүй. “Хар санаа, хайр сэтгэл” жүжигт Цэрэндулам гуай ээж минь болж тоглоход сайхан сэтгэгдэл төрж билээ. Ер нь жүжиг хамтын бүтээл учир бүх уран бүтээлчдээ хайртай. Бригадаар явахад намайг өвөртөө унтуулдаг байсан Хандсүрэн, Цэрэндулам, үргэлж зааж сургаж байсан Гомбосүрэн, Нямын Цэгмэд гуай гээд л хайртай хүмүүсээ нэрлэвэл олон. Ялангуяа Оюун багшдаа их хайртай. Хүмүүсийн шүтэн биширч, хайрлаж хүндэлж ирсэн бүх хүн энэ яруу найрагч, орчуулагч, зохиолч эрдэмтэн, сэхээтэн эмэгтэйн шавь. Би тэр шавь нарынх нь нэг болж чадсандаа баярладаг.

-Э.Оюун гуай хэр баргийн хүнийг магтаж байгаагүй гэдэг. Танд урам өгч байв уу?

-“Гарваа” жүжгийн 60 хүрсэн, тэтгэвэрт гарсан багш Гарваагийн дүрийг найруулагч надад оноосон. Жүжгийн сургуулилалтын үеэр дээл бүсэлж, таяг тулаад, буурал үс зүүн, тайзнаа гартал Баатар найруулагч “Ийм биш” гэж байна. Дараа нь нүдний шил зүүгээд урт гэгчийн хувцас өмсөөд майжигнатал “Ерөөсөө ч биш” гэсэн. Тэгээд завсарлагаанаар цайгаа уух гэж явтал гэнэтхэн “Жүжгийн зохиолч нь Оюун багш. Тухайн цаг үеийнхээ тухай энэ үед биччихсэн байсан. Өөрөө тэр үеийнхээ сэхээтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл шүү дээ” гэж санаж, түүний онцлогийг дуурайж сургуулилалт хийсэн. Гантөмөр “Хүн доромжилсон хэрэгт орно” гэж анхааруулсан ч найруулагч үг дуугараагүй болохоор Оюун багшийнх шиг цүнх, шил хэрэглэж, хүнтэй ярьдаг, ном уншдаг байдал зэргийг бага багаар дүрдээ шингээлээ. Хүмүүс ч “Болохгүй байна” гэхээ больж, “Гарваагийн дүрийг Мэндбаяр ингэж тэгж гаргаж байна” гэж театрынхан шивэр авир хийн, сургуулилалт сонирхох хүмүүс ч нэмэгдсэн. Удалгүй жүжгийг удирдлагууд хянаж, би ч хариуг нь сонсолгүй харьсан. “Одоо ч хөөгдсөн байх” гэж бодоод ажилдаа иртэл Э.Оюун багш жижүүрийн ширээний дэргэд ташаагаа тулчихсан зогсож байна. Хажуугаар нь шурхийх гэтэл гараас минь бариад “Золигийн хүүхэд шүү” гэсэн. Энэ бол маш том шагнал. Оюун багш хэзээ ч хүн магтдаггүй. Их зэмлүүлж, хөдөлмөрлөж бүтээсэн дүрээрээ Оюун багшийн нэрэмжит анхын шагнал, Урлагийн ажилтны холбоо, Соёлын яам хамтарч тодруулдаг оны шилдэг дүрийн шагнал хүртсэн.

-“Жаргал даахгүйн зовлон” кинонд Сүндэръяа Хөдөлмөрийн баатрын дүрийг бүтээхдээ үерлэсэн голоос ишиг авардаг шүү дээ. Хотод өссөн танд тэр хэсгийн зургийг авахуулахад хэцүү байсан уу?

-Алтанбулаг сумын нутагт Туул гол үерлэж таарсан. Нэг өглөө Жигжид найруулагч “Хотоос усчин ирнэ гэсэн яасан юм бол. Ирэхээр нь зургандаа гарцгаана шүү” гэж байна. “Усчин гэж юун дүр вэ” гэхэд “Чиний оронд голд оруулж зураг авах, чамтай төстэй, сэлдэг хүүхэд авчирна” гэсэн. Би “Ёстой тийм юм байхгүй. Хөдөлмөрийн баатрын дүр бүтээж байж, орлон тоглогчоос тусламж авчихвал “Би тэр дүрийг босгосон” гэж яаж нүүр бардам ярих юм бэ” гэлээ. Самданд тоглосон Дарим “Би хөдөөний хүн учир морь сайн унадаг. Би эхлээд гаталъя, чи араас яваарай” гэсэн. Түүнийг голд ороод хоёр алхаагүй байтал олом нь мултарч, эмээл нь намс хийсэн. Найруулагч “За, ёстой больё” гэхэд нь “Байж бай. Одоо би орно, зүгээр ээ” гэлээ. Ингээд Даримаар дөрөөгөө морины гэдсэн доогуур холбуулж уяулсан. Эмээл хөдлөхгүй л бол дэлэн дээрээс нь зуурчихаад унахгүй гэж санасан хэрэг. Тэгээд л хургаа шүүрээд гараад ирсэн. Манайхан ч Мэндбаяр зоригтой шүү гэж билээ.

-Үргэлж гол дүрд сонгогддог хүн

туслах, ахимаг насны эмэгтэйд тоглож эхлэхэд анх хэцүү байв уу?

-Тэтгэвэрт гартлаа гол болон хоёрдугаар дүрд тоглосон. Кинонд хоёр гуравхан үг хэлж гардаг авгайн дүрд тоглож л байдаг. Дүрийг чухал, чухал биш гэж уран бүтээлч голох ёсгүй. Гол нь түүнийг жүжигчин хэрхэн амилуулах нь сонин. Доржсамбуу найруулагч намайг гучин хэдхэн настайд “Найрын ширээний ууц”-ын Ханджав гэх 60 гарсан авгайн дүрд тоглуулсан. “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луиза, “Отелло”-гийн Дездемон зэрэг залуу хүний дүрд тоглож байсан би өөрийнхөө үеийн хүний дүрд тогломоор санагдаж, түүний шийдвэрийг гайхаж байлаа. Гэтэл найруулагч “Мэндээ, чи үргэлж залуу хүний дүрд тоглоно гэж байхгүй шүү дээ” гэсэн. Жүжигчин хүн тухайн дүр өөрт нь тохирсон, эсэхийг ухаарах ёстой юм билээ. 50 нас хүрчихээд залуу хүний дүрд тоглохыг хүсэж, залуучуудад атаархаж, үг хаях асуудал жүжигчин хүнд хэрхэвч байж болохгүй.

-УДЭТ таны залуу насны хамгийн нандин дурсамжуудыг агуулдаг газар. Өдгөө жүжигт хааяахан уригдан тоглодог ч театраа санадаг уу?

-Залуудаа амилуулж байсан дүрүүдийн үгс одоо ч миний цээжинд байгаа. Би 68 настайдаа тэтгэвэрт суулаа шүү дээ. Одоо 70 хүрсэн хэрнээ кинонд тоглож л байна. Урлагийн бусад салбарынхантай харьцуулахад жүжигчдийн ажиллах хугацаа харьцангуй боломжийн. Тайзаа санах зав одоохондоо гараагүй л явна. Тайзнаа гарах хүсэл байвч бие, нас зөрнө шүү дээ.

-Тэгвэл хоёулаа мөрөөдье. Бүтээсэн дүрүүдээсээ алинд нь залуу үеийн байдлаараа дахин тогломоор байна вэ?

-Одоо би арьсаа хэчнээн татуулж, богино хормойтой даашинз өмсөөд ч залуу болж харагдахгүйгээс хойш тухайн үед хүмүүст ямар сэтгэгдэл үлдээсэн тэр чигээрээ л хадгалагдаж үлдэг. Хэрвээ залуудаа тоглосон дүрээ дурсмаар байвал сэтгэлдээ бодоод, зургаа хараад л кайф авчихна.

-Өнөөгийн жүжигчдийг хараад залуу насаа дурсдаг л байх. Таны ямар алдааг тэд битгий давтаасай гэж боддог вэ?

-Би театрын тайзнаа дуулж байгаагүй. Өндөр биетэй, сайхан дуулж, жүжиглэдэг жүжигчин олон болоосой гэж хүсдэг байсан минь биелсэн. “Хувьсал”-ын Уранаа болон Энхтуул, Өлзийхүү, Одончимэг бүгд дуулж бүжиглэдэг байсан. Одоо үеийн жүжигчид ч ямар сайхан дуулж бүжиглэдэг юм бэ.

-Тантай нэг ангид сурч, театрт хамт өрөөнд суудаг байсан Лхамхүү гуай “Хөгшрөхөөр инээх хүртэл багасдаг юм байна” гэж билээ. Танд ямар өөрчлөлт илэрч байна вэ?

-Нэг л өдөр насан эцэслэх болохоор түүнээс урьтаж, үр хүүхдүүд, шавь, ах дүүдээ зөв юм хэлээд өгөх сөн, алдахгүй явахад нь туслах юм сан гэж анхаарал тавих нь ихэсдэг юм байна. Одоо инээд бидэнд ач, зээ нараас л ирдэг. Тэд ирж үнсэж үнгэн, хамт тоглоход нь сэтгэл тэнийж, залуужиж, түүнийгээ дагаад тухайн өдрийн уур амьсгал сайхан болох жишээтэй. Лхамхүүтэй оюутан цагаасаа л үерхсэн. Их инээд муутай, нулимсаа гартал хөхөрдөг охин байж билээ. Инээхдээ намайг нударсаар гарыг минь хөхрүүлчихнэ.

-Орчин үеийн зарим эмээ “Би хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихээд гавьяаныхаа амралтыг эдэлж сууна. Амьдралын сүүлчийн мөчүүдээ өөртөө зориулах минь” гээд ач зээгээ хардаггүй юм билээ. Эмээ хүн ямар байх ёстой бол?

-Би бүх хүнд эрүүл энхийг л хүсдэг. Эрүүл байвал амьдралынхаа сүүлч хүртэл өөрөөс ургасан хүүхдүүдийнхээ цаашдын амьдралд тус нэмэр болох юм сан гэж бодно шүү дээ. Хэрвээ өөрөө эрүүл байж чадахгүй бол үр хүүхдүүддээ түвэг болно. Тийм эцэг, эхийгээ тээршааж, асрамжийн газар аваачиж өгчихөөд эргэж тойрдоггүй улс олон байдаг. Тиймээс эрүүл л байх юм сан гэж бодож байна. Эрүүл байвал хүн амьдрах хугацаагаа дуустал нийгэмд идэвхтэй оролцож болох байх.

-УДЭТ-ынхан П.Цэрэндагва гуай та хоёрыг ам мурийж байхыг ер үзээгүй гэдэг. Түүнийг танд цэцгийн баглаа барьж байхыг хоёр ч удаа харсан. Хэр романтик хүн бэ?

-Бие биендээ итгэж чадвал амьдрал сайхнаар үргэлжилдэг. Бие биедээ итгэж чадахгүй, хар хор санаснаас л хэрүүл маргаан, зодоон үүсдэг. Нэгэнт биенээ ойлгож, итгэж чадсан бол залуучууд түүнийгээ насан туршдаа хадгалах ёстой. Нэгнийхээ ажлыг ойлгож, хүлээцтэй хандаж гэмээнэ асуудал амар шийдэгдэнэ. Биенийхээ дээр гарах гэж ам мурийж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, өширхчихөөд эргээд яаж “Хайртай шүү” гээд тэврэх юм бэ. Тэр амьдрал биш шүү дээ. Огт муудалцахгүй байна гэж үгүй л дээ. Хэн хэн нь “Ямар цаг үед, тэр надад яагаад ингэж хэлсэн бэ” гэдгийг бодож, эргэцүүлдэг байх хэрэгтэй.

-Та хоёрыг олон насны зөрүүтэй гэж дуулсан.

-Дөрвөн насны зөрүү гэдэг хүн аймаар хэрэг биш шүү дээ. Хүмүүс биднийг 10 гаруй насны зөрүүтэй гэж ярьдаг юм билээ. Бид хүнтэй танилцахдаа “Чи хэдтэй вэ” гэж асуудаггүй биз дээ. Хөтлөлцөж гүйж байгаад бүр сүүлд л дөрөв эгч гэдгээ мэдсэн. Дөрвөн насны зөрүүгээ би их юманд боддоггүй. Цэрэндагва ч тийм бодолтой байх. Чи миний дэргэд байвал бай, үгүй бол тэр л биз гэсэн эмэгтэй хүний бардам сэтгэлээр анхнаасаа хандаж ирсэн.

-“Эрдэнэзуу” хийдийн хамба Баасансүрэн нэгэн ярилцлагадаа “Нэг хүнийг хайрласнаар өөр хэн нэгнийг хайрлах эрхээ хасуулах буруу гэж боддог. Эр эмийн хайр би чинийх, чи минийх гэж өмчирхөж, улс ч түүнийг нь баталгаажуулах юм” гэсэн байна лээ. Та ямар бодолтой байна вэ?

-Зөвхөн нэг л хүнээ хайрлах ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Хэсэг зуур шохоорхсон, тэр хүнийг гэх сэтгэл нь унтарсан гээд хайр дотроо олон янз бий. Тухайн хүмүүсээс л шалтгаална. Хайрыг, хүнийг өмчилж болохгүй. “Миний дэргэд байя гэж хүсэж байгаа бол бай, үгүй бол яв” гэж л би үздэг.

-Тухайн үед театрын удирдлагууд жүжигчдийнхээ хайр сэтгэлийн асуудалд оролцдог байсан биз дээ.

-Ганц театр гэлтгүй, бүх албан газарт л тийм асуудал байсан. Ямар сайндаа намын байгууллага дээр эхнэр, нөхрүүд ирж уйлж унждаг, тэнд гэр бүлээ эрсдэлд оруулж буй хүний тухай хэлэлцдэг байлаа. Гэхдээ энэ бол хэнхэг коммунистууд гэр бүлийг нь амихандаа тогтвортой байлгах гэж л тэгж айлгадаг, ярилцдаг байсан болохоос биш бүр авч хэлэлцэж байгаагүй юм билээ л дээ.

-Та хоёрыг хайр сэтгэлтэй болоход театрт асуудал үүсэж байв уу?

-Театрын дарга арга хэмжээ авахаар бид хоёрыг хурлаар хэлэлцэхэд нь “Бид суухгүй ээ” гэчихээд тараад хөтлөлцөөд л явж байсан. Энэ 60 орчим жилийн өмнөх асуудал шүү дээ.

-Тэр явдлаас болж Цэрэндагва гуайг театраас гаргаж байсан гэж дуулсан.

-Тухайн үед би дандаа гол дүрд тоглодог, ёстой л нэр хүндтэй байсан цаг. Гол дүрд тоглодог жүжигчнээ шинээр ирсэн бандитай нийлүүлж, замыг нь алдуулахгүй гэж ахмадууд үзэж, биднийг салгахын тулд П.Цэрэндагвыг сургуульд оруулж байсан. Тэгээд төгсөхөд нь буцаагаад ажилд авсан.

-Нэгэнт түмэнд хүндлэгдчихсэн,

тоглох дүрүүддээ тоглочихсон хүн одоо юу хүсдэг бол?

-Боломж байгаад чадал минь хүрдэг юм бол шинээр хийгдэх кинонуудад өөртөө тохирсон дүрд л тоглож байя гэж боддог. Чөлөөт уран бүтээлч болон, гэртээ сууж байгаа ч жилд хоёр киноны туслах дүрд тоглож, клипэнд оролцоод завгүй л байдаг. Миний хувьд энэ л яг болоод явчихаж байгаа юм.

-Та тоглох кинондоо ямар шалгуур тавьдаг вэ. Ажиглах нь ээ, чанар муутай кинонд ахмад жүжигчид олон тоглосон харагддаг. Муу зохиол зохиолчийн дайсан гэдэг. Жүжигчин хүн ч гэсэн хожим сайхнаар дурсагдахын тулд аль болох сайн бүтээлд тоглох ёстой юу, эсвэл залуу уран бүтээлчдийг туршилт хийхэд туслах хэрэгтэй юү?

-Киночдын эхний бүтээлүүд хүнд хүрэхгүй тохиолдол байдаг. Гэхдээ ахмад уран бүтээлч бид залуучуудынхаа урмыг хугалдаггүй. Аль болох чадах чинээгээрээ тусалж, кинонд нь оролцож өгдөг.

-Габриэль Гарсиа Маркес “Нэр алдрын цор ганц давуу тал нь түүнийг улс төрийн зорилгоор ашиглаж болдогт бий” гэж байсан юм билээ. Жүжигчний үүднээс олж авсан нэр алдар, олны хүндлэлийг улс төрийн зорилгоор ашиглах тухай та ямар бодолтой байдаг вэ?

-Хувь хүний эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй л дээ. Уран бүтээлчийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрх бий. Тэгэхдээ уран бүтээлчийн, мөн хувь Мэндбаярын үүднээс хандах өөр хэрэг. Энэ ялгааг мэдэж, зөв бодож дүгнэх ёстой байх.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин