“Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирлын нүүрсний үнийн талаарх жиргээ олны анхаарлыг татав. Г.Батцэнгэл захирал “Олон улсын зах зээлээ дагаад зургадугаар сараас хойш нүүрсний үнийг 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл Эрдэнэс-Таван толгой улирлаар нь үнээ 25 ам.доллар дээр фикс хийсэн гээд “янаглаж” байна даа” гэж жиргэсэн юм. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сэргээд багагүй хугацаа өнгөрсөн учраас хувийн хэвшлийнхэн ингэж жиргэхээс аргагүй л дээ. Хөрөнгө зардал гаргаж барьсан үйлдвэртээ коксжих нүүрсээ баяжуулаад ахиу үнээр худалдах бүрэн боломжтой “Энержи ресурс”-ын хувьд харин ч өчнөөн тэсч байж дуугарсан нь энэ болов уу. Коксжих нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр ямаршуу байгааг сонирхъё. Австралийн “Business insider” сэтгүүл коксжих нүүрсний үнэ сүүлийн таван жилд анх удаа бодитой өсөлт үзүүлж байгаа талаар тоймлон бичжээ. Тэд тоймоо бичихдээ нүүрсний зах зээлийн хамгийн гол судалгааны фирм “Platts”-ын судалгаанд үндэслэсэн байна. Сайн чанарын коксжих нүүрсний тонн тутмын үнэ Австралийн боомтууд дээр энэ оны хоёрдугаар сараас хойш 60 орчим хувиар өсч, 120-125 орчим ам.доллар хүрчихэж. Өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлт хамгийн сайн үзүүлэлттэй байсан гэж шинжээчид онцолж байна. Бүхэл бүтэн таван жилийн турш тасралтгүйгээр үнэ нь уналттай байсан коксжих нүүрсний зах зээлийн тухайд энэ бол тун эерэг мэдээ. Коксжих нүүрсний үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгаа юм билээ. Эхнийх нь нийлүүлэлт багассан, тасалдсан гэх шалтгаан. Хятадын гол нийлүүлэлтийн мужуудаас гадна Австралийн Куинслэндэд үер болж, олон уурхай нийлүүлэлтээ зогсоогоод байгаа нь нүүрсний үнэ өсөхөд нөлөөлж. Нийлүүлэлт тасалдсантай холбож ярих өөр хэд хэдэн жишээ бий.

Наад зах нь гэхэд дэлхийд гэж яригддаг “Вале” компани Мозамбикийн цэргийн үймээнээс болж уурхайгаа зогсоогоод байгаа. Нүүрсний ханш өсч буй хоёр дахь шалтгаан нь урд хөршийн бодлого. БНХАУ нүүрсний нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг хүчээр нэмэгдүүлэх алхмыг шат дараатай авч хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уурхайнуудыг долоо хоногт зөвхөн таван өдөр ажилладаг болгож, ажлын цагийг нь богиносгоод байгаагаас гадна жижиг уурхайнуудыг хаах, хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг чангатгах гэх мэт алхмыг ч хийгээд эхэлчихсэн. Хар алт хаданд гарах болсон гурав дахь шалтгааныг шинжээчид урд хөршийн хүнд үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхжил үүсч, эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Коксжих нүүрсний үнийн өсөлт аажимдаа бага багаар өгссөн графиктай үргэлжилнэ гэсэн гэгээтэй мэдээг шинжээчид ам нэгтэй хэлэх болсныг онцолъё.

Дэлхийн зах зээл дээр хэдхэн сарын дотор 60 хувиар өссөн коксжих нүүрсний үнэ манайд ч нөлөөллөө үзүүлэх нь зах зээлийн жам, хууль. “Энержи ресурс” үнээ өсгөх оролдлого хийж байгаа ч төрд данстай “Эрдэнэс-Таван толгой” гэдэг компаниас болж, төрийн хөшүүн удаан менежмэнтээс шалтгаалж яаж ч чадахгүй байдалд хүрчихснийг сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас төвөггүй харж болохоор байна. “Эрдэнэс Таван толгой” компани сайн чанарын коксжих нүүрсийг түүхийгээр нь уурхайн аман дээрээсээ гаргасаар байгаа. Хоногт 500-700 тээврийн хэрэгслээр Хятад руу гаргадаг, тонн тутмыг нь 20 гаруй ам.доллараар үнэлж зардаг гэж удирдлага нь саявтар хэлсэн. ”Эрдэнэс-Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Т.Билгээ “Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу хоёрдугаар улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байгаа. Одоо талууд гэрээг тогтвортой мөрдөх, гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар урьдчилгаа төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллаж байгаа” гэж ярьсан байна лээ. Түүний ярилцлагыг байгууллагынх нь www.erden­estt.mn цахим хуудаснаас харж болно. Даргын үгнээс “Таван толгойн сайн чанарын коксжих нүүрс 24 ам.доллараас мөддөө өсөхгүй” гэсэн дүгнэлтийг хөнгөхөөн хийчихэж болж байна. TTJVCO гэх хятад компани Таван толгойд ажиллаж, Цанхийн хэсэг бүхэлдээ Хятадын мэдэлд орсон гээд байгаа нь угтаа ийм учиртай.

“Чалко”-гийн өрийг дарж байгаа гэдэг ч урд хөршийн компанид өгөх учиртай өр 110 сая ам.доллараас огт буудаггүй нь бас хачирхмаар хэрэг. “Чалко”- д төлөх өр оны эхэнд 121.2 орчим сая ам.доллар байсан гэхээр бүхэл бүтэн есөн сарын хугацаанд арав гаруйхан сая ам.доллар л төлсөн гэсэн үг. Цанхийн сор болсон нүүрс их хэмжээгээр гараад байдаг, өр нь дарагддаггүй зовлон үүсчихээд байгаа. “Чалкогийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна” гэж “Эрдэнэс-Таван толгой”-н гүйцэтгэх захирал ярьсан байсан. Хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын зээл ч бий гэж учирласан харагдсан. Төр бизнест орохоор яаж дампууруулдгийн тодоос тод жишээг сая хэлсэн тоонуудаас харчихаж болж байна. Нүүрсээ хятадуудад өгч байгаа үнэ 24 ам.доллар. Гэтэл нөгөө талдаа гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 32 ам.долларын хөлс төлдөг гэсэн аймаар тоо бий. Тэгэхээр төрд данстай орд маань хөдлөх бүрдээ зоос олох биш алдсаар байгаа гэсэн үг. Алдагдал хүлээн барин нүүрсээ сорчлон гаргаж байгааг яая гэхэв гээд орхиж болох юм. Гэхдээ үүний цаана байгаа эрсдэл нь юу гээч. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах дээр өсч байгаа энэ үед төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” монгол нүүрсний өрсөлдөх чадварыг үгүй хийж байна.

Билгээ захирлын ярилцлагад шүүмжлэхээс аргагүй нэг хэсэг бий. “Энержи ресурс”-ын сул шахуу зогсч байгаа 15 сая тонны хүчин чадалтай угаах үйлдвэрийг ашиглаж болохгүй хэрэг үү гэсэн асуултад эдийн засгийн ашиггүй, түүхийгээр нь зарсан нь илүү дээр, тодорхой хугацаанд баяжуулахгүйгээр зарна, тэгээд ч хятадууд түүхий нүүрс авах сонирхолтой байгаа гэх маягийн хариу өгсөн харагдсан. Хар ухаанаар бодоод үз дээ. Угааж баяжуулаад зарах коксжих нүүрс түүхийгээсээ ашиггүй байх уу. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж, түүхий нүүрснээс татгалзаж эхэлсэн урд хөрш угааж баяжуулсан нүүрс авахгүй гэж зүтгэх үү. Австрали угааж баяжуулсан коксжих нүүрсээ дажгүй үнээр борлуулаад байхад бидэнд өрсөлдөөний гол тоглогч байх бүрэн боломж бий. Захирлын яриа цааш хуульд заавал баяжуулна гэсэн заалт байхгүй, баяжуулах үйлдвэрийн төслийг тусдаа хэрэгжүүлнэ, гадны компаниар жилд 20 сая тонн нүүрс баяжуулах ТЭЗҮ боловсруулж батлуулсан, Японы компанитай хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна, солонгосчуудтай жилд 1.2 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах загвар төсөл хэрэгжүүлнэ гэх мэтээр үргэлжилсэн байна лээ. Үр ашиггүй баахан төсөл хэрэгжүүлж мөнгө унагах сонирхол үе үеийн засагт байдгийг Т.Билгээ захирлын ярианаас уншчихаж болж байна. Төр бизнесийг ингэж л хардаг, ингэж л “алдаг”.

Нүүрсний үнэ бага ч гэлээ аажимдаа өсч буй энэ үед ийм уруу дорой тайлбар хэлээд суугаад байвал Монголын Таван толгой коксжих нүүрсний наймаагаараа Австралитай өрсөлдөж чадахгүй. Амьдралаа залгуулах гэж чадан яван яваа төрийн албан хаагчдаа халж, цалинг нь буулгалаа гээд төсөв хасагдаж танагдана гэдэг юу л бол. Төсөв байдгаараа улайсан ийм цагт бөөсөнд хутга гээч л болно. Таван толгойг үнэд хүргэж, ховордчихоод байгаа ноён ногооныг ахиухнаар нь чирээд ирэх нэг л гарц бий. Зах зээлийнх нь жамаар хөдөлгөчихөд л бүх зүйл OK болоод ирнэ. Хувийн аль нэг компанидаа “Та нар боломжоо ашиглаад гаднаас хөрөнгө оруулалт татаад ир. Таван толгойг төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь бүтээн байгуулаад ашигла” гэчихэд л өмнө дурдсан элдэв дэмий саад төвөггүй арилна. Өмнө нь “Шинхуа”, “Сумитомо” гэсэн дэлхийн томчуудтай ингэж ажиллах тохироо хийж л байсан.