Mонгол түмний маань олонхи туйлын ядуу, хүнд нөхцөлд сэтгэл гундуу амьдарч байгаад санаа зовниж явдаг хүмүүсийн нэг бол ахмад дипломатч байсан миний бие билээ.

Олон улсын хурал чуулганд оролцож хөгжлийн индексээр доогуурт яваа гэдгээр улс эх орноо муугаар дуудуулж, даалгавраа хийгээгүй муу сурлагатан хүүхэд адил цоллуулах үед нүүр улайж, хүзүү нугдайдгийг хэлэхэд илүүц болохгүй байхаа.

Дипломат эрх эдэлж харийн нутагт суугаа бидний ч цалин хангамж бусад улстай харьцуулахад нэн доогуур зардлын лимит хаанаа ч хүрэхгүй, СЯ-наас, төвөөс санхүүжилт хугацаандаа ирдэггүйгээс яамны байрын дулаан хангамж,цахилгаан гэрэл, түрээсийн мөнгөө төлж чадахгүйд хүрч гадны улсын дэргэд эвгүй байдалд ордог явдал цөөнгүй байдаг.

Хөндлөнгийн хүний нүдээр, тэр тусмаа гадаадаас эх оронтойгоо харьцаг хүний хувьд энэ талаар болон манай улсын олон тулгуурт гадаад бодлогын зарчим, хөрш орнуудын хамтын ажиллагаа, харилцаа, зөвхөн манайд л байдаг увайгүй улс төрийн засаглал, тэдний өчүүхэн эрх ашгийн талаар ярих зүйл их байдаг.

Төр засгийн зүгээс өмнөх жилүүдэд улсад асар их мөнгөний урсгал орж ирсэн, төсөв өмнөх жилүүдээс 10 дахин томорч 8 их наяд орчим төгрөгт хүрсэн тухай бахархан ярих боловч ард иргэдийн амьдрал сайжран нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алгаа. Харин мэргэжлийн яамдууд мэргэжлийн бус хүүхдүүдээр дүүрч, төрийн аппарат данхайж, төсвийн хөрөнгийн үрэлгэн систем ноёлж, төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг үрж шамшигдуулах шинэ арга хэлбэрт шилжиж байна. Үүний нэг тод жишээ гэвэл сүүлийн 4-н жилүүдэд Монгол Улсыг төлөөлж Гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудыг/40 орчим/ шалгахад жил бүр зөвхөн 1 улсад гэхэд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Үндэсний аудитын газрын хамтарсан ажлын хэсэг буюу мэргэжлийн бус дарга нар тухайн улс орнуудад очиж санхүүгийн тайлан тэнцлийг шалгаж ирсэн. Шалгах ч гэждээ 2 хуудас цаасыг тулгах нэрээр өөрсдөө зугаалж наргисан.Энэ их зардал мөнгө хаанаас гарч байна вэ? Ихэнх ЭСЯ, Диполмат төлөөлөгчийн газруудад 1-3 айл амьдарч ,зардал хэмнэх үүднээс нягтлан бодогчийг нь мэргэжлийн бус хүнээр давхар хийлгэж ,санхүүгийн мэдээ тайлангаа яаманд цаасаар болон цахим шуудангаар илгээдэг байхад энэхүү багахан хэмжээний төсөв, хөрөнгө тодорхой зүйлийг яагаад Гадаад харилцааны яам шалган тогтоож болдоггүй байнаа. Сангийн яам, Гадаад харилцааны яамыг шалгах бүрэн эрхтэй Үндэсний аудитын газар нь тухайн яамдуудын ажил хариуцсан холбогдох ажилтнуудыг дагуулаад явж байгаа нь туйлын хачирхалтай. Эсвэл бурууг зөвхөн бидэнд тохох зорилготой яваа юм уу? Шалгаж байгаа арга нь гэвэл ,төв рүү гаргах мэдээгээ зөв гаргасан эсэх, анхан шатны маягт, журналуудыг нэхэх, үлдэгдэл мөнгөө төвд тушаахыг албадан шаардах төдийхнөөр ажлаа дуусгадаг. Яамнаас тухайн оны эцсийн үлдэгдэл мөнгийг үлдээж дараа оны санхүүжилтээс хасч тооцон гүйлгээ хийдэг хялбархан тооцоог шалгалтынхан үзэж төлбөрийн акт тавьж төв рүү татсанаар явсан зардлаа 6 дахин олж ирсэн гэх мэтээр ажлаа тайлагнан УИХ-ыг хуурах ажиллагаа амжилттай хэрэгжинэ. Шалгалтаар ирсэн 5 хүн өөр өөр зүйл ярьж, хэн ахалж буй нь үл мэдэгдэх бөгөөд юуг хэрхэн яаж шалгахаа зарим нь мэдэхгүй байв. Зүй нь төвөөс санхүүжүүлсэн хөрөнгө хүрэлцэж буй эсэх, үр дүнтэй зарцуулсан эсэх, төсвөө хэмнэсэн эсэх ,менежмент сайжирсан эсэх, бодлого зарчим алдагдсан эсэх зэрэг олон асуудалд Гүйцэтгэлийн шалгалтаа чиглүүлэх ёстой бусуу. Үүнийг УИХ, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад мэдсэн ч мэдээгүй юм шиг суусаар өдий хүрчээ. Энэ нь төрийн түшээд төсвийн мөнгөөр улс орон дамжин зугаацах нэг арга болсон гэж үзэхээс өөр үг олдохгүй байна.

Сүүлийн жилүүдэд ард түмний амьдрал доройтон, улсын төсөв хүндрэлтэй үед Үндэсний аудитын газар нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг хорогдуулахад санал санаачлагатай ажиллахын оронд харин ч эсрэгээр хувийн аудитын компаниудыг дэмжих нэрээр тэдгээрийг сонгон шалгаруулалтгүйгээр нахөр Зангад шууд дур мэдэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд аудит хийлгэхээр гэрээ байгуулж их хэмжээний үйлчилгээний хөлс өгч байгаа нь татвар төлөгчөөс төсөвт оруулах мөнгийг хорогдуулах ,нөгөө талаар дундаас нь өөрөө мөнгө цохих гэсэн хорлонтой аргыг нэвтрүүлж байгаа юм биш үү.

Татвар төлөгчдийн мөнгийг хадгалж ,хамгаалах ёстой газар нь ингэж үрэн таран хийж байхад улс орон яаж өөдлөх вэ гэхээс сэтгэл өвдөх юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр харж байхад энэ байгууллага 2013 онд Төрийн аудитын тухай хуулиа өөрчлөөд бүтэц,зохион байгуулалтын хувьд сахил хүртээд шал дордов гэгч болжээ. Өндөр хөгжилтэй орнуудын хяналтын дээд байгууллагын хараат бус байдлыг хангадаг сонгодог нэг хувилбар нь Хяналтын дээд байгууллагын дарга, орлогч нарыг парламентаасаа томилдог, бие биедээ харилцан хяналт тавих явдал юм. Гэтэл УИХ-аас Төрийн аудитын тухай хуулинд 2013 онд өөрчлөлт оруулан Ерөнхий аудиторыг орлогчгүй болгосон боловч хамгийн хачирхалтай нь хууль батлагдсаны дараахан Үндэсний аудитын газрын дэд дарга гэдэг орон тоог шинээр бий болгоод даргаар нь Б.Баттуяа гэгч шавилхан бүсгүй томилогдож байсан юм.Бүхэл бүтэн хууль өөрчлүүлэн байж дарга болдог мундаг том толгой хэн бэ гэвэл тэр нь мөн л УИХ-д суугаа С,Эрдэнээгийн шахааны хүн гэх.

Тус байгууллагын хяналт шалгалт хийдэг газруудын шинээр томилогдсон дарга нараас аудит хийж үзсэн хүн байхгүй,дандаа мэрэгжлийн бус хүмүүсээр дүүргэсэн байх, мөн аудитыг дөнгөж сургууль төгссөн дадлага туршлагагүй хүүхэд ч хийж байх шиг, гэтэл эсрэгээрээ нөгөө аудитор, шинжээч нарын гадаад сургалтад болохоороо нөгөө мэрэгжлийн бус газрын дарга нар нь явдаг хачин жишиг тогтжээ. Ганцхан жишээ хэлэхэд эцгийн эрх давамгайлсан Япон, Солонгос улсад болсон сургалтад гэхэд Гүйцэтгэлийн дарга Нараа, Санхүүгийн дарга Заяа, Тамгын дарга Дулмаа нар хамт явж гадныханы нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэн, ардчилал хөгжиж буй орон гэдгээ гайхуулав. Зи / З.Энхболд/ дарга залуу охидуудаар цусаа сэлбэж, гадаад орнуудаар зугаалуул гэж За/Зангад/-ад үүрэгдээгүй байлтай.

Нөгөө талаар багаа бүрдүүлэх нэрийн дор чадах чадахгүй хүнээр орон тоогоо хэтэрхий их данхайлгасны бодит жишээ нь 2012 онд ҮАГ-нь 60 гаруй хүнтэй байсан бол одоо 130-аад хүнтэйгээр ажиллаж байгаа ажээ.Мөн үүнээс гадна төсвийн хөрөнгөөр баригдаж дуусаагүй барилга обьектуудын шалтгаан нөхцөл байдлыг шалган тогтоож 1 сарын дотор дүнг танилцуулах үүргийг Ерөнхий аудитор А.Зангадад УИХ-аас өгсөн боловч 3 сарын дараа дүнгээ танилцуулж энэ ажилд 250.0 сая төгрөг зарцуулсан талаар экс спикер ярьж байсан. Гэвч тэр нь бодит үр дүнтэй шалгалт болоогүй,зардал өссөн шалтгааныг тогтоож дүгнээгүй, зөвхөн хэдэн төгрөгөөр нэмэгдсэн тухай тайлагнасан нь аудитаа хийж чадахгүй байгаагийн жишээ, тэдгээр ажилтнуудад хариуцлага тооцох талаар УИХ-ын эрхэм гишүүдийн ярьж байхыг та бид хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хангалттай сонссон билээ. Зөвхөн зах зухаас нь дурдахад ийм байна. Яах вэ. Хэрхэх вэ.

Ахмад дипломатчийн хувьд өөр олон зүйлийг бичих гэсэн боловч цаас багадаж, үзэг мохох бизээ.Энэ нь хэн нэгнийг муулах атгаг санаа агуулаагүй бөгөөд ард олон, эрүүл нийгэм, шударга төрийн төлөө бага ч гэсэн нэмэр болох үүднээс эцсийн найдвар болох үнэнийг хэлдэг хүчирхэг зэвсэг олон нийтийн хэвлэлд хандлаа. Хүлээн авч олон түмэнд хүргэнэ үү.