Энэ намар Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар нилээдгүй “тэнэх” аз тохиов. Аялалынхаа явцад амьдралдаа үзээгүй нэг зүйлийг ажаад өвгөд хөгшдөөс учрыг тодруулах гэж оролдсон ч бүтэлтэй юм болсонгүй.
 
Учрыг тайлбарлабал, Өмнөговь аймгийн нөгөө алдарт Ёлын аманд биднийг явж байхад хөеөгөө хөндлөн зуучихсан үхэр огдоохойнууд энд тэндгүй бөндөгнөн гүйлдэх нь дэндүү хөөрхөн байлаа. Огдойнууд хүнээс айхаа аль хэдий нь больжээ. Тэдний дотор нэг “нөхөр” аргал амандаа зуучихсан харайж явахыг хараад гайхаад нүхэн дээр нь очвоос бүр үүнээс сонин юм харагдлаа. 
 
Юу гээч? Нөгөө огдоохой чинь баахан өвс нүхнийхээ аманд дээр овоолчихоод дээрээс нь аргалаар үй зайгүй хучиж, бүр болоогүй аргалан дээрээ жижиг жижиг чулуу өрчихсөн  байхыг хараад ёстой нөгөө үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэдэг л боллоо. Яагаад өвсөн тэжээлтэй амьтан чинь хатсан аргал цуглуулдаг байна аа?.
 
Яахаараа ингэж чулуугаар даруулдаг байна аа? Энэ тухай мэдэх гэж нилээд хэдэн мэргэжлийн хүмүүсээс асуусан боловч хэнбугай нь ч дорвитой хариу өгсөнгүй. Магадгүй цуглуулсан жаахан өвсийг нь дарагдтал их цас орох юм боловуу, хийстэл хүчтэй шуурга дэгдэхийг зөнгөөрөө мэдрээд байгаа юм болов уу л гэж дотроо таалаа.
 
1944 онд нийт нутгийг хамарсан аймшигт зуд болж, ихэнх нутагт малыг нь хуу хамсан, зарим аймгийн малчид арай танагтай үлдсэн. Гэхдээ л Монголын бүх мал сүргийн бараг тэн хагасыг нь дуусгаж хотыг нь харлуулсан гэж байгаа. Тэр өвөл нийтдээ 10 орчим сая толгой мал цасанд булагдсан гэдэг юм билээ. Бүхнийг фронтод гэсэн уриан дор байдаг л мал сүргээ Зөвлөлт нөхдөдөө хандивлаж байсан тэр үед байгалийн ийм ширүүн догшин үзэгдэл болсон гэдэг.
 
Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад өвлийн адаг сард үе үе хүчтэй цасан шуурга тавьж, хамаг адуу нь урагшаа туугдчихсан гэлцдэг. 1942-1943 онуудад эх орноо хамгаалан тулалдаж буй орос нөхдийнхээ хүнсэнд нэмэрлэхээр  энэ аймгуудад цагаан зээр нилээдгүй алчихсанаас болж тэнгэр огторгуй ингэж хилэгнэсэн ч гэж зарим хүмүүс ярьдаг.
 
1968 онд манай нутагт айхтар их цас орж, ямар ч машин тэрэг явж дөнгөхөө больж билээ. Тэгэхэд орос ах нар маань сэтгэл харамгүй гар сунган тусалж цэргийн том том нисдэг тэрэг ирүүлж, хавь ойрын хэдэн сумдын малчдын хотонд өвс тэжээл дээрээс нь шидэлж байсныг санаж байна. Тэр зуднаар 4 сая гаруй мал нүд аньсан.
 
Онгоц буух хэсэг газрын метр зузаантай цасыг цэвэрлэх гэж бид сумаараа л хөдөлцгөөсөн дөө. 1983 онд говийн аймгуудад айхтар зуд болоход бид ямар хүнээс юм гуйж сураагүй биш Бал даргаараа дамжуулан уруулаа дэвсэж  байж, Монголд байсан орос цэргийн ангийн бараг бүх машиныг дайчлан Хэнтий Сэлэнгээс өвс тэжээл зөөж байсан цаг тун саяхан мэт. 
 
Миний анзаарсан бас нэг муу ёрын шинж тэмдэг гэвэл энэ жил самар жимс гайхалтай эрт боловсорсон. 9 сарын дундуур болц нь гүйцдэг хушны самрыг 8 сард зараад эхэлчихсэн, хүүхдүүд цөмчихсөн гүйж явсан. Манай зуслангийн хэдэн модны чацаргана 9 сарын эхээр шарлаж эхэлдэг юм. Гэтэл энэ жил бас л сарын өмнө болчихсон. Одоогийн байдлаар баруун аймгийн зарим сумдад метр гаруй зузаан цас орсон дуулдана.
 
Хөдөөгийн малчид маань хадлан өвс тэжээлээ ахиухан базааж, бичин жилийн болзошгүй зудыг өнтэй туулахад бэлэн байгаа гэдэгт  найдья. Бич сүүлээрээ айхтар шарвадаг амьтан гэлцдэг. Оны эцсээр яаж ч мэднэ.
 
      Ямартай ч гэсэн л хатуухан өвөл болох төлөвтэй байна шүү, хүмүүсээ.
 
 
 Ш.Пүрэвсүрэн