Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх саяхан зүүн аймгуудын нутгаар ажилласан. Салбарынхаа асуудлуудыг анхааралтай ажиглан явж байсан эрхэм сайдад адууг амьдаар нь урагш хил гаргаж буй дүр зураг тод тусчээ.

Тэр үйл явдлыг харсан Шадар сайдын нүд нь халтирч, хүрэл сүх нь хайлан урссан бололтой юм. Тэр даруйдаа адууг амьдаар нь хил гаргахад хатуу хориг тогтоолоо. Зүгээр ч үгүй энэ бизнесийг бүрмөсөн зогсоосон шийдвэр гэнэт гаргаж, холбогдох яам, тамгын газруудад тушаал буулгав. Ямар ч тооцоо, судалгаагүйгээр, сэтгэлийн хөөрлөөр төр засгийн шийдвэрийг гаргана гэдэг юу байдгийг үнэхээр бодитоор харууллаа. Энэ бол төрийн бодлого тодорхойлогч өндөр албан тушаалтны гаргасан гоомой шийдвэрийн тод илрэл болж байна. Түүний сэтгэлийн хөөрөл, эх оронч болж попдох гэсэн оролдлогын горыг манай бизнесийнхэн амслаа. Шадар сайдын гаргасан гэнэтийн шийдвэр Бичигтийн боомт дээр 800 гаруй адууг гацаав. Бизнес эрхлэгчид нэг адууг газар дээрээс нь 500 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм билээ. Урд хөрш рүү амьдаар нь экспортлоод нэг сая төгрөгөөр наймаалдаг гэсэн. Ингээд бодохоор 800 тооны адууг малчны хотноос авсан үнэ нь гэхэд 400 сая төгрөг болж байгаа юм. Үүн дээр тээврийн зардлын хөлс нэмэгдэнэ. Бизнесмэнүүдэд учирсан энэ их хохирлыг хэн барагдуулах вэ. Ард түмний татварын мөнгөөр лав төлөхгүй. Тэгэхээр гоомой шийдвэр гаргасан Шадар сайд өөрөө барагдуулах ёстой.

Үнэндээ адууг амьдаар нь хил гаргах, амьгүйгээр гаргахын аль аль нь хүнлэг биш. Ямар ч хувилбарыг нь сонгосон хилийн цаана хэрэглэгчдийн гар дээр мах хэлбэрээр очно. Тиймээс аль нь ч бидэнд хэрэггүй. Тэгэхээр адууг алаад хил давуулах нь хүнлэг явдал гэж тайлбарлаж байгаа У.Хүрэлсүх сайдын сэтгэлийн хөөрөл нь эндүү, хөөрхийлөлтэй санаа гэж харагдахаар байна. Түүний тойрон хүрээлэгчид болон салбарын яамныхан “Манай сайдын гаргасан шийдвэр цаг үеэ олсон, мундаг, хүнлэг, энэрэнгүй байлаа” гэж хөөрцөглөн долдойдож байгаа нь бүр ч инээдтэй. Ер нь мөрөөрөө явагдаж байгаа бизнес рүү төр засаг ханцуй шамлан дайрч ороод зохицуулах гэж оролдож буй нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болдгийн нэг жишээ болж байна.

Эрхэм Шадар сайдын халаглан, шимшрэн гаргасан шийдвэрийг логик утгаар нь аваад үзвэл харин ч хүнлэг бус явдал болно. Эрүүл саруул ухаанаар тунгаах юм бол адууг алаад хил гаргаснаас амьдаар нь давуулах нь илүү хүнлэг хэрэг биш үү. Хэзээ байтлаа монголчууд адуугаа алж хядаад байдаг байлаа даа. Жишээлбэл, хөгшид хуучцуул маань насаараа эдэлсэн адуугаа өөрийн гараар унагаж зүрхэлдэггүй байх аа. “Уналгын сайхан явдалтай адуу минь, хонины номхон бор минь” гээд л ихэд хайрладаг ард түмэн, бид. Өдөр тутамдаа хөл залгуулдаг ийм адуу сүргийн дундаас андашгүй, голио шиг бүдүүрч, тарган цатгалан гэж жигтэйхэн харагддаг сан. Тиймээс ийм сайхан буянаа яасан ч өөрсдөө алж идэж чаддаггүй. Итгэл даах хүндээ үнэ тохирч худалддаг. Эсвэл идшинд төхөөрөхөөр болбол нутаг усныхаа хэн нэгнээр “Зовоохгүй гаргачихаарай” хэмээн аминчлан захидаг шүү дээ. Ингэж унагасан адууныхаа умс, кита зэргээс нь дээж болгон авч, бурхан тахилынхаа өмнө тавиад, арц хүжээ буугиулаад, зул барин хүндэтгэдэг тогтсон монгол ёс, уламжлал бий. Тэгэхээр адууг алж, экспортлох шийдвэр хүнлэг явдал байж чадах юм уу.

Гэнэтхэн сэтгэлийн хөөрлөөр үйлддэг ёс, үйл гэж хаа ч байхгүй. Жишээлбэл, төрийн тахилгат уул, төр захиргааны байшин шав зэрэг ёс жаягтай холбоотой төрийн аливаа үйл хэргийг явуулахдаа хүртэл зөвлөлдөж, ном хур айлдаж, өдрийн сайныг товлодог цаг хугацааны хэмжүүр гэж бий. Энэ өнцгөөс нь харсан ч Шадар сайд хүнлэг гэх тодотголтой шийдвэрээ гаргахдаа ядаж л ном хур айлдуулсан байх учиртай баймаар. Гэтэл ганц хүний сэтгэл хөдлөл олон бизнесмэнийг хөлдөө чирлээ. Уг нь төрийн аливаа бодлого шийдвэрийг гаргахад нэн түрүүнд тооцоо, судалгаа явуулдаг. Асуудлыг тал бүрээс нь шинжилж, гарах үр дүнг нь чухалчилдаг биш бил үү. Энэ шийдвэр ард түмний амьдрал ахуйд хэр нийцэх вэ, эерэг тал нь юув, сөрөг үр дагавар нь ямар байх уу гэхчилэн шат шатандаа судалгаа хийдэг. Тухайлсан шийдвэр хөрсөн дээр хэрхэн буухыг нарийвчлан тооцоолохын тулд салбар бүрээс мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг хүртэл томилогддог доо. Амьдралд хэрэгжүүлэх шийдвэрийг зохицуулах дүрэм, журам ч боловсруулдаг. Гэтэл манай Шадар сайд тэгсэнгүй. Төрийн бодлого шийдвэр гаргах тэр бүх процедурыг алгасан өөрийн бодлоо бодлого болгох гэж тулгаж байна.

Монголд маш олон зүйлийг хилээр гаргахыг хориглодог. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд, түүхий эд байна. Ангийн ан амьтад болон тэдгээрийн эд эрхтнүүд, эртний эдлэл, улаан буудайн хэвэг зэрэг тоочоод байвал олон юм бий. Одоо малыг амьдаар нь гаргахыг хориглолоо. Харин Монголд хилээр гаргахыг хориглодоггүй ганц л юм байгаа. Тэр нь азарга шиг харчуулаа ид үржлийн насан дээр нь гадаад улс орнууд руу чөлөөтэй гаргадаг бодлого. Ард түмний амьдрал ядуу байна гээд идэр залуучуудаа хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхийг нь дэмждэг. Тэгсэн атлаа адууг амьдаар нь гаргахгүй гэж энэрэнгүй сэтгэл гарган жүжиглэх хэрэггүй. Үнэн хэрэгтээ энэ мэт төрийн түшээдийн явуургүй, хүнлэг бус шийдвэрүүд ард түмний амьдралыг туйлдуулж байгааг мэдэх үү, та нар. Төрийн түшээдийн сөхрүүлсэн эдийн засагт бизнесээ унагаачихгүйн төлөө тэмцэж яваа хүмүүсээ төр засаг дэмжихийн оронд хуудуугүй шийдвэрээр улам сөнөөж байна. Адгууснаас илүү ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавих сэтгэл даанч тэдэнд алга даа.

Г.ЦЭЦЭГ