Бидний өвөг дээдэс байгаль дэлхий болон дөрвөн улирлын ааш ариншинг  удам дамжин ажиглаж түүнийхээ дагуу ажил амьдралаа зохицуулсаар ирсэн бөлгөө.Эцэг өвгөдөөс маань бидэнд үлдээсэн зүйл бол өвлийн дунд сарын энэ өдөр хамгийн богино болж, Монгол оронд өдрийн урт 7 цаг 20 минут орчим үргэлжилдэг билээ.
 
Буурлууд маань энэ өдрийн маргаашнаас нь эхлээд нар дээшилж, өдөр буудайн чинээ уртаслаа гэж ярьдаг байлаа. Есөн ес дуусч цагаан сар гарснаар хаврын эхэн сар залгана.
 
Энэ хорвоогийн зарим хэсэгт энэ өдөр харанхуй байдаг. Ийм өдрүүд хойд болон өмнөд, умард туйлын орнуудад болдог аж. Иймээс Аляскт энэ өдөр нар үл гарах агаад шөнө 24 цаг үргэлжлэнэ. Аляскийн ихэнх хэсэг нь Арктик, хойд мөсөн далай, умард туйлын нөөлөгт орших тул цаг агаар, байгалийн байдал бидний амьдарч дассанаас огт өөр байдаг юм билээ. Энэ тухай бичихийн учир гэвээс би Аляскт амьдардаг хүү дээрээ нэг бус удаа очиж энэ бүхнийг нүдээр үзэж, биеэр мэдрэх жавшаан тохиосон юм.
 
Дэлхийн бөмбөрцгийн |нар тойрон| эргэх босоо тэнхлэгийн хамгийн дээд ба доод захын хоёр хязгаар цэг ба түүний орчмын газрыг өмнөд ба умард туйл хэмээн нэрлэдэг юм. Доод хязгаарыг өмнөд туйл, дээд хязгаарыг умард буюу хойд туйл гэдэг. Дэлхий ертөнцийн орой нь болсон умард туйлд дэлхийн далайнуудаас хамгийн бага нь болох Хойд мөсөн далай бүхлээрээ багтана. Гэхдээ л хамгийн бага гээд байгаа энэ далай маань 14,09 сая хавтгай дөрвөлжин км тул манай газар нутгаас бараг 10 дахин их гэсэн үг л дээ. Тэн хэмжээгүй, тэс хөлдүү энэ далайн төв хэсэг буюу дэлхийн бөмбөрцөгийн эргэх тэнхлэгийн хамгийн дээд цэгт умард туйл орших тул  хойд мөсөн далайн хүйс гэж  нэрлэж ч болмоор.
 
Дэлхийн тэнхлэгийн налуу тал нь налуу |27хэм| нар луу харсан эсэхээс шалтгаалан хойд туйлд жилийн тэн хагас нь нарлаг, тэн хагас нь харанхуй шахуу байна. Бүх улс оронд нар зүүн өмнөөс мандаж байхад Антрактидад нар баруун талаас гарна. Аляскт харанхуй өвөл үргэлжилж байхад дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд Австралийн эрэг, Шинэ Зеланд мэтийн орнуудад зун болж байдаг ажгуу.  Эх дэлхий маань нарыг тойрон эргэхдээ өөрөө ч бас эргэлдэж байдаг. Энэ нь өдөр, шөнө болон дөрвөн улирал солигдох үндэс болж үүнээс шалтгаалж ургамал амьтны амьдралд нөлөөдөг ийм нарийн зохилдлоготой юм. Хавар, намарт болдог өдөр шөнийн тэнцэл |eqvinox| буюу өдөр шөнө үргэлжлэх хугацаанаас |solstice| шалтгаалж өвөл өдөр богино, шөнө урт, зун өдөр урт, шөнө богино болдог байна. Гэхдээ туйлуудад онцлогтой, гуравдугаар сард болдог өдөр шөнийн тэнцлийн дараа өдрийн урт шаламгай нэмэгдэж явсаар дунд үедээ 24 болоод цааш улам танагдсаар |өдрийн урт| есдүгээр сарын тэнцлийн дараа дунд үед шөнийн урт мөн ийм байдлаар 24 цаг болоод цааш танагдсаар өдөр уртсана гэх мэт үргэлжлэнэ. Иймээс тэнд өдөр, шөнө хоёр 24 цаг үргэлжлэдэг явдал хоёр туйлын ойролцоо жилд нэг удаа тохиодог онцлогтой байдаг.
 
Дэлхийн бөмбөрцөгийн дээд налуу дахь хойд туйл нар руу харсан тохиолдолд тэнд нар үл жаргах ба хаяалбараасаа доош буухгүй үргэлж тэнгэрийн хаяанд байсаар дахин дээш мандах тул тэнд зургаан сарын турш нарлаг өдөр байх нь. Иймийг туйлын өдөр гэх ба эсрэг тохиолдолд нар хаяалбараасаа дээш гарахгүй тул хойд туйлд шөнө үргэлжилэнэ. Туйлын шөнө мөн л зургаан сар үргэлжилнэ. Гээд бодоход тэнд нар жинхэнэ утгаараа мандаж жаргахын хооронд зургаан сар болж байна гэж ч болмоор.
 
Өвөлдөө шөнө байх үеэр туйлын туяа хэмээх олон өнгөт гэрэл солонгорон харагдах нь элбэг тохиолдоно. Үргэлж өдөр байх үед цагаан шөнө эхлэнэ. Хойд абсолют буюу үнэмлэхүй туйл дээр Та хаашаа ч харж зогссон өлмий дор өмнө зүг байх агаад энд алтан гадас од зөвхөн тань руу л харж буй мэт орой дээр ойрхон анивчиж хорвоогийн бүх хойд зүг газар газраас өөрийн хувь тавиланг тээсээр ирж, бүх уртрагуудынхаа хамт энд нэгэн цэгт уулздаг. Иймээс цагийн бүс үгүй болох тул та энд зөвхөн өөрийнхөө цагаар л цаг хугацааг баримжаалах болно гэж тэнд очсон хүмүүс бичсэн байдаг. Өмнөд ба хойд туйлд өргөрөг уртрагууд нэг цэгт очих тул ийнхүү цагийн зөрөө үгүй болдог ажээ.
 
Хүн төрөлхтөн умард ба өмнөд туйлыг холбодог дэлхийн бөмбөрцгийн босоо тэнхлэгийн дагуу 0 градусын уртраг дээр орших АнглийнГринвич хотын цагаас эхлэн дэлхийн цагийн бүсийг өргөргийн дагуу тооцдог жишигтэй |эталон| болжээ. Өргөрөг хоорондын зай хол байх тусам цагийн зөрөө нэмэгдэж ойртоход багасна. Ази Европ тивийг дамнан, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг өргөн уудам нутагтай ОХУ цагийн арваннэгэн бүстэй. Энэ нь оросууд Чукоткоосоо Калининград хүртэлх цагийн бүсээрээ бол шинэ жилээ арван нэгэн удаа тэмдэглэнэ гэсэн үг юм. АНУ, Гавай Аляскийн хамт цагийн зургаан бүстэй. Улаанбаатар, Өлгий хотууд нэг цагийн зөрөөтөй тул Өлгийчүүд нэг цагийн дараа шинэ жилээ тэмдэглэнэ.
 
  Ингэж эх дэлхий маань өөрийнхөө хэмнэлээр оршин тогтнож үүнийг даган хүн, амьтан, газар орон, сансар  огторгуйд амьдрал олон янз байх ажгуу. Дэлхий дээр зарим амьтад хоёр зуун жил унтаж, зарим нь зуун жил насалж байхад зарим нь ганцхан өдөр насалж тэр ганц өдрийнхөө дотор өсөхөөс хөгшрөх хүртэл бүхий л жаргал зовлонг амсан хойшид орших үр удмаа амжин үлдээж амждаг.
 
Газарт өдөр шөнө 24 цагаар солигдож байхад сансарт энэ шилжилт 90 минутад болж байдаг аж. Цаг хугацаа, орон зай гэдэг арга, билгийн нөлөө бүхий асар их хүчтэй хязгааргүй өргөн ухагдахуун юм. Амьдралын хэмнэлийг өөрчилж, дэлхий хорвоог дээлийн өнгө мэт элээхдээ өөрөө мөнхийн хөдөлгөөнд орших агаад өчүүхэн ч үл элэгдэх өдөр шөнийн тэнцэл дунд амьдрал үргэлжлэсээр байх ажгуу. 
 
Найдансүрэнгийн Бадарч