Монголын хоёр мянган жилийн төрт ёсны түүхэнд хамгийн харгис улаантны засаглал хорьдугаар зууны эхэнд тогтож бүтэн далан жил ард түмнээ дарангуйлсан байдаг.Тэр үеийг ард түмэн улаантны цөвүүн цаг хэмээн нэрлэдэг байлаа. Хорьдугаар зууны гучаад онд Хан Хэнтий нутагт нэгэн гайхамшигт мэргэн хувилгаан хөвгүүн мэндэлсэн бөлгөө.Улаантнууд бяцхан хөвгүүний хувилгаан ид шид, алдар хүнд, ард олны сүсэг бишрэлийг нь хүчээр нухчин дарахын тулд элдэв арга хэрэглэж, эцэст нь аав, ээж, лам багшийг нь хөнөөж, адаг сүүлд нь арван настай бяцхан хүүг хорооосон эмгэнэлт түүх байдаг. Харгис засгийн хар балаг эдүгээ илчлэгдсээр байна. Худал хуурмаг манан мэт замхарч, Үнэн наран мэт мандах цаг иржээ. Түүх өгүүлье.


“Хэнтийн мэргэн жаал” буюу “Ламаадан хутагт” хэмээн алдаршсан бяцхан хөвгүүн бол цөвүүн цагийн улаан Монголд төрсөн сүүлчийн хувилгаан хүү байлаа.Ламаадан хутагт хуучнаар Хөвчийн Жонон вангийн хошуу буюу одооны Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт малчин ард Цэсэнгийн Сэрээтэрийн хөвгүүн болон 1936 онд мэндэлжээ. Хүүдээ Цэрэнпунцаг хэмээх нэр хайрлажээ. Энэ нутагт Богд хатан Дондогдулам мэндэлсэн газар юм. Ламаадан хүүгийн төрсөн эх нь хараагүй сохор эмэгтэй байжээ. Эцэг Сэрээтэр нь мөн нэг нүд нь хараагүй байсан гэдэг.Эцэг эх нь амьдрал хүнд,нүд хараагүй тул хүүгээ өсгөх нь хүнд хэцүү гэдгийг мэдэж нэгэн өдөр нутгийн айл “Онин” Гомбо хэмээх айлын гэр дээр нялх хүүгээ тавьчихсан ажээ. Ийнхүү Цэрэнпунцаг хүү одооны Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Гаравын Гомбо хэмээх айлд үрчлэгджээ.


Гомбынх Өмнөдэлгэр сумын Хөгнө, Шанаган, Дундбаян, Шар талаар нутаглаж мал маллан амьдардаг байжээ.Дөнгөж хоёр гурван нас хүрсэн бяцхан хүү Цэрэнпунцаг шавар, чулуу, элсээр суварга босгон тоглодог, үе үе “суварга, сүм дуган, бурхны орон...” гэсэн үгнүүдийг хэлж явдаг хүүхэд байж. Цэрэнпунцаг хүү дөнгөж гурван настай байхдаа зөнч мэргэн хүүхэд гэдэг нь анх мэдрэгдэж иржээ.Тэр үед нэгэн адуучин эр адуугаа алдаад эрж явахдаа тэднийд бууж “Хүүхэд ер нь зөнч байдаг.Энэ хүүхдээс адууныхаа сургийг асууя” хэмээн бодоод асууж гэнэ. Цэрэнпунцаг хүү: “Таны адуу тэр зүгт тийм ууланд байна” гэхэд тэр газар нь очтол адуу нь яг байж байсан гэдэг.Үүнээс хойш нутгийн хүмүүс алдсан мал сүргээ асуудаг болжээ.Асуусан болгоныг нь алдалгүй хэлдэг байж. 
Удалгүй түүний ах Гомбын Амгаабазар 1938 онд цэрэгт явжээ.

Ах нь цэрэгт яваад нэг жил болсны дараа нэгэн халуун өдөр гурван настай Цэрэнпунцаг: “Ах маань цангаж байна, хатаж үхэх гэж байна” хэмээн ээждээ хэлж бүтэн домботой цайгаа зүүн зүгт цацсаар байгаад дуусгажээ. Ах нь 1943 онд цэргээс халагдаж ирэхэд нь ээж нь энэ талаар асуухад Амгаабазар: “ Үнэхээр тийм явдал болсон.1939 оны 6 дугаар сард манай цэргийн хүнд пулемётийн тачанкны морьд халуун өдөр зогсож морьд маань зууурч цэргүүд бид ам цангаж хатаж үхдэгийн даваан дээр устай залгаж амь гарсан” гэж байжээ.


1943 оны зун Гомбынх Ононгийн халуун рашаанд очжээ.Чухам тэнд л бяцхан хувилгаан хүүгийн ид шид, эрдэм чадал, өнгөрсөн, одоо, ирээдүйг нэвт хардаг гоц чадвар, амьтан хүмүүний өвчин зовлон, гай барцадыг зайлуулж авардаг хүч чадал нь тодорсон гэдэг. Юмс үзэгдлийг илт мэдэх чадвар нь түмэн олонд гайхагдаж байлаа.Тэр үед Ононгийн халуун рашаанд ирсэн олон хүний зовлонг нимгэлж, өвчин зовлонгоос нь салгаж, асуусан бүрт нь хариулж байсан бяцхан хувилгаан хүүгийн алдар нэр талын монгол нутгаар гэрлийн хурдаар түгэх болжээ. 


Мэргэн жаалтай уулзаж байсан нутгийн ахмад буурлууд хуучлахдаа:”Ламаадан хүү бол ширэлдсэн долгиотсон өтгөн их урт үстэй , сэргэлэн хурц хар нүдтэй, хөөрхөн хүүхэд байсан. Биднийг хүүхэд байх үед зарим хүмүүс хүүхэдгүй тул “Хэзээ манайх хүүхэдтэй болох вэ? Эхнэр яагаад өвдөөд байна вэ?” хэмээн мэргэн жаалаас асуудаг байсан.Мэргэн жаал “Та тэдэн хүүхэдтэй болноо” гэхэд яг л тийм болдог байсан. “Эхнэр өвдсөн, одоо яах вэ?” хэмээн нэг хүн асуухад мэргэн жаал тэр хүнд “Танай өвөлжөөны дэргэд хар ус байна.Тэр усны хажууд ургасан хус модыг та цавчаад муна хийжээ. Иймд та тэр модон мунаа сэмээд нуур руу шид.Тэгээд Алтангэрэл судар 25 удаа уншуул” гэдэг байлаа.Яг хэлснээр нь хийхэд өвчин зовлон арилж бүх юм сайхан болсон доо” гэдэг байв. 


Нэгэн удаа нутгийн ард 1937 оны хэлмэгдэлтэд алга болсон аав, авга ах нарынхаа тухай асуужээ. Мэргэн жаал: “Авга ах чинь сайн байна.Удахгүй та нар дээр ирнэ, та нарыг дэмжиж тусална.Аавын чинь яс цайчихсан байна” гэжээ.Үнэхээр тэр хүний авга ах нь удалгүй иржээ. 40 жилийн дараа аавынхаа сургийг нэгэн орос хүнээс дуулахад хилс хэргээр аав нь Орос улсад сибирт цөлөгдөж шоронгийн хүнд ажлыг даалгүй тэндээ нас барсан байжээ.


Нэгэн удаа Төв аймгийн харьяат, эмийн сангийн эрхлэгч Лувсангомбо гэдэг хүн Хэнтийд ажиллаж байхдаа Өмнөдэлгэр сумын Дунд буян нутгаар дайрч Хэнтий нутгийн Гиваа гэгч бүсгүйтэй ханилахаар явж байхдаа нэгэн айлын гадна зогстол гэрийн гадаа шилбүүр унаад тоглож байсан нэгэн сэргэлэн бяцхан хүү хүрч ирээд эмийн сангийн эрхлэгчийг шууд нэр усаар нь дуудаж: “Лувсангомбо ах та сайн явж байна уу,Та эндээс хурдан яв.Таны очиж уулзах гэж байгаа Гиваа эгч ахдаа зодуулаад тэр уулын ард хоньтойгоо явж байна.Та яаралтай оч” гэхлээр нь хурдан эргэтэл араас нь бяцхан хүү “Та зургаан хүү, хоёр охинтой болноо.Бушуу яваарай” гэсэн гэдэг.Үнэхээр ч Лувсангомбо, Гиваа хоёр ханилан амьдарч зургаан хүү, хоёр охинтой болж элэг бүтэн сайхан амьдарчээ.


Нэгэн удаа Хэнтийн Шагдар гэдэг хүн Ламаадан хүүтэй уулзахаар явж байтал замд тааралдсан айл энэ тухай мэдэж мөн л гай барцадаа даатгуулахаар хадаг, дээлийн өнгөний хамт дайж явуулжээ. Шагдар Гомбынд очоод хувилгаан хүүтэй уулзахын өмнө гэнэт шунал нь хөдөлж дээлийн өнгийг нь өөртөө үлдээж айлын гадаа нуугаад гэрт орж мэргэн жаалд зөвхөн хадгийг барьтал Ламаадан хүү: “Дээлийн өнгийг авснаараа Та ихэнхийг нь даа, хадгийг нь авснаар би багааханыг нь даая. Гадаа нуусан дээлийн өнгийг чинь үхэр идэж байна шүү” гэхэд нь гараад хартал үнэхээр дээлийн өнгийг нь үхэр идэж байсан гэдэг.


Нэгэн удаа саахалт айлынх нь хүн мэргэн жаалтай уулзахаар явахад нь тэр айлын хүн “манай барцадыг арилгах талаар мэргэн жаалаас асуугаад ирээрэй” гээд ембүү мөнгө, торго хоёр өгчээ.Гэтэл саахалт айлынх нь нөгөө хүн мэргэн жаалынд очих замдаа торгыг нь өөртөө авна хэмээн шуналтаж торгыг тарваганы нүхэнд нуужээ.Нөгөө хүн мэргэн жаалд ембүүг барьж юм асуухад мэргэн жаал: “ Би ембүүний чинь юмыг хэлж өглөө, харин таны тарваганы нүхэнд хийсэн торгыг чинь тарвага гарч ирээд хөдөлгөхчих вий дээ” гэсэн гэдэг.


Өмнөдэлгэр сумын иргэн,өндөр настан Нарангэрэл ах дурсахдаа “Тэр үед би таван настай байсан.Мэргэн жаалтай хамт тоглодог байсан.Насанд хүрсэн том хүмүүс ялангуяа буриад хүмүүс мэргэн жаалыг мөрөн дээрээ байнга өргөж явдаг байсан.Би дөнгөж таван настай хүүхэд байсан болохоор өөр нарийн ширийн зүйл мэдэхгүй л дээ” гэж байлаа. 


Өмнөдэлгэр сумын А.Ханд хэмээх нэгэн буурал эмээ дурсахдаа:”Би хүүхэд байхдаа мэргэн жаалтай хамт саваа мод унаад тоглодог байв. Мэргэн жаалыг ногоон малгайтнууд барьдаг зун Өмнөдэлгэрийн Шанаган хэмээх нутагт манайхан нутаглаж байлаа. Тэр үед мэргэн жаал маш том жартаа чулуугаар татуулсан юм даг.Мөргөлчид жартааны дотор талаар явна.Үүдтэй. Үүдээр нь мөргөлчид орж гарна.Тэр үед нүүр амаар нь дүүрэн яр шарх болсон нэгэн аймаар хүн ирж Мэргэн жаалаар эмчлүүлсэн юм. Мэргэн жаал хар цох авчруулж сүүнд дүрээд эхлээд тэр хүний хамрын үзүүрийн шархан дээр тавихад цох шархыг нь идэж байгаад газарт унахад нь дахин сүүнд дүрээд хацарт нь тавьж идүүлээд тэр хүнийг эдгээж билээ. Нэгэн удаа Мэргэн жаал нутгийн олноор чулуу түүлгэж суварга босгуулж билээ.Тэгтэл нутгийн Дуламсүрэн хэмээх нэг ганган хүүхэн “ Чулуу хормойлуулж хувцас хунарыг минь муухай болгож, дээлийн хормой маань урагдчихлаа” хэмээн Мэргэн жаалд уурлажээ.Гэтэл Мэргэн жаал түүнд: “Чи үүнээс хойш хогон дотор амьдрах юм байна даа, Чиний бүх амьдрал чинь хогон дотор өнгөрөх юм байна даа” хэмээсэн.Үнэхээр л түүнээс хойш тэр эмэгтэй бүх насаараа хогон дотор ядуу амьдарч байсан даа.Энэ түүхийг Өмнөдэлгэр сумынхан бүгд мэднэ дээ” гэсэн байдаг.


1944 оны намар Мэргэн жаалыг Хэнтий аймгийн төвийн дунд сургуульд оруулсан байна.Тэр үеийн Хэнтий аймгийн дарга Дондов гэдэг хүн сургуулийн багш нарт “Мэргэн жаалыг сайтар ажиглаж алхам тутмыг нь надад болон дотоодыг хамгаалахын даргад мэдээлж бай” хэмээн үүрэг өгчээ.Тэр үед мэргэн жаалтай хэсэгхэн хугацаанд хамт сурч байсан хүмүүс дурсахдаа: “Удалгүй намар болж хичээл эхлэхэд Өмнөдэлгэр сумаас ирсэн Ламаадан гэдэг хүүхэд улаан шар дээлтэй, тормолзсон сэргэлэн хар нүдтэй, улаа бутарсан шардуу царайтай, үсээ авахуулсан хүүхэд байсан сан.Сургуулийн дотуур байранд тэр хүүхэд амьдарч байхад нь сүсэгтэй хүмүүс, настай чавганц нар сургуулийн дотуур байранд дайрч орж ирээд тэр хүүхдэд сөгдөн мөргөж адис авдаг байсан. Хүүхдүүд дотуур байранд тэр хүүхдээс аав ээжийнхээ тухай, гэртээ хэзээ очиж чадах вэ? энэ миний атгасан гарт хичнээн ширхэг чулуу байна вэ? гэх мэт энэ тэрийг асуухад шууд хэлдэг , хэлсэн бүхэн нь үнэн байдаг байж билээ” гэдэг байжээ.


Нэгэн өдөр Ламаадан хүү сургууль дээр хичээлээ хийж байснаа “Хүүхдүүд ээ.Хулгайч ирж явна.Үзэг дэвтрээ хямгадаарай” гэжээ. Сургууль дээр тэр өдөр жижүүр хийж байсан багш орж иртэл Ламаадан дахиад хүүхдүүдэд хандаж: “Хулгайч орж ирлээ.Үзэг харандаагаа далд хийгээрэй гэж гэнэ.Тэр жижүүр багш уурлаж: “Чи юу гэж хүн доромжлоод байгаа юм бэ?” гэхэд Ламаадан хүү түүнд “Чи хулгайч шүү дээ” хэмээн огт айсан шинжгүй хэлж байсан гэдэг. Дараа нь жижүүр багш Ламаадан хүүг захирал багшид ховлон матжээ. Захирал багш түүнийг дуудаж “Чи яагаад жижүүр багшийг хулгайч гэв? Багш хүн хулгайч байдаггүй юм.Дахиад багшийгаа хулгайч гэж хэлдэггүй юм шүү” гэхэд Ламаадан хүү: Тэр багш үнэхээр хулгайч. Танд хүн бэлэглэсэн улаан өнгөтэй үзгийг тэр багш хулгайлсан байна.Та үзэгнийхээ хойноос сэтгэл гонсгор явдаг юм байна.Тэр багш одоо гэртээ таны үзгийг авдрандаа хадгалж ихэд нууж байна.Заримдаа гэртээ хүнгүй үед гаргаж юм бичээд бусад үед далд хийчихдэг юм байна” гэсэн нь үнэн байсан гэдэг.Үнэхээр тэрхүү дайны үед нүдний гэм байсан авторучкийг нь хулгайч авчихсан болохоор захирал багш их л сэтгэл дундуур явдаг байжээ.Мэргэн жаалыг хэлсэн бүгд үнэн байсанд захирал ихэд гайхжээ.


Ногоон малгайтнууд мэргэн жаалын аавыг нь Өмнөдэлгэр сумын нутагт хөдөө малаа хариулж явж байхад нь нууцаар баривчилж нийслэл хотод авчирч Ганц худгийн шоронд хорьжээ.Ногоон малгайтнууд Гомбын унаж явсан морийг нь эмээлтэй нь нутагт нь орхиж “Гомбо мориноосоо унаж, сураггүй алга болжээ” гэсэн худал цуу үг тараажээ.Удалгүй ногоон малгайтнууд бяцхан Ламаадан хүүг Өндөрхаан хотын сургуульд сурч байхад нь нууцаар баривчилж Улаанбаатар хотод аваачиж шоронд хорижээ.


Хувьсгалт Монголын төрийн тэргүүн Х.Чойбалсан тэр үед Дотоодыг хамгаалах яамны сайд асан Цэдэвийг дуудаж: “Хэнтийн мэргэн жаалын эцэг, эхийг нь нэн даруй устга” хэмээн тушаал өгчээ.Долоон наснаасаа арван долоон нас хүртлээ Сэцэн хан аймгийн Санбээсийн хүрээнд арван жил бурхны ном үзсэн, хувраг байсан Чойбалсан эцэстээ ийм харгис улаантан болжээ.Чойбалсан арван жил хувраг байхдаа ядаж амьтны амийг тасалж болохгүй гэсэн бурханы ганцхан сургаалийг сурсан бол хүн алж хүрээ талахгүй байх сан, ямар ч гэм зэмгүй хорин хоёр мянган монгол хүнээ хөнөөхгүй байх сан. Ай халаг гэж. 


Ингээд 1944 оны 11-р сарын 13-ны өдрийн Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар тогтоол гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ямар ч гэм зэмгүй жирийн нэгэн малчин ард Гаравын Гомбыг 1948 оны 4-р сарын 14-ны өдөр Дотоод явдлын яамны орлогч сайд Дүйнхоржав, 2-р хэлтсийн дарга Болд нар буудан хороожээ. Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд мэргэн жаалын эх Ч.Янжинлхамыг нөхөр, хүүхдээ эрж Хэнтийгээс нийслэл хотод ирээд Гандан хийдэд мөргөл хийж байхад нь баривчилж, Түргэний голын дэргэд аваачиж 1948 оны 4-р сарын 6-ны өдөр ДЯЯ-ны 2-р хэлтсийн дарга Болд буудан хороожээ. Аравхан настай бяцхан хувилгаан хүүг Дотоод явдлын яамны хэлтсийн дарга, өнөөх Болд гэгч буудан хөнөөсөн гэдэг. Хожим нь “Болдын нэг охин Хятадад сурч байгаад хятадуудад хорлогдож нас барсан гэнэ.Үйлийн үр гэдэг ийм л юм даа” гэсэн яриа жараад онд орон даяар тарж байсан гэдэг. Бяцхан хувилгаан хүүд бурхны ном заасан хэмээн зохиомол ял тулгаж Норов ламыг мөн л Дотоод явдлын яамны ногоон малгайтнууд буудан хөнөөжээ.Мэргэн жаалыг амьд үлдээсэн,үлдээгээгүй гэсэн яриа үе үе гарч байлаа.Нэгэн удаа дотоод явдлын яамны хурал дээр уг асуудал босч “Мэргэн жаалыг яасан бэ?” гэсэн асуултад ДЯЯ-ны Дүйнхоржав,Болд нар “Маршалын тушаалыг ёсоор болгож гүйцэтгэсэн” гэсэн хариулт өгч байсан гэдэг.


Харгис улаантнууд ингэж л монголын жирийн нэгэн малчин айлыг голомтоор нь хүйс тэмтэрсэн ажээ. Ийнхүү Манзушир Бурханы хувилгаан, Ламаадан хутагт, Мэргэн жаал хэмээн алдаршсан монголын хамгийн сүүлчийн хувилгаан бяцхан хүү цахилгаан цахих мэт хоромхон хугацааны амьдралдаа буянт үйл олныг бүтээж, аравхан настайдаа хүний арьс нөмөрсөн улаантан чөтгөрүүдийн гарт алтан амиа алджээ. Хайран хувилгаан хүү. Хайран эцэг эх. Хайран багш. Үүнээс хойш Монголд дахин хутагт хувилгаад мэндэлсэнгүй. Бурхад хувилгаад хүртэл нүгэлт Монголоос нүүрээ буруулжээ. 


Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР 2008.09.8