Тодорхой газар нутагт хамтран амьдарч, нэг хэлээр харилцан ойлголцож, ижил зан заншил баримталж, түүнийгээ түүхийн хугацаанд үргэлжлүүлэн залгамжлуулдаг зохион байгуулалт бүхий хүмүүсийн бүлгийг үндэстэн хэмээн нэрлэнэ. Гэхдээ уг бүлэг ижил шинж чанар агуулсан бусад бүлгүүдээс арьс өнгө, түүхийн язгуур угсаагаар ялгарах төдийгүй нэг удирдлагад захирагдсан байх нь их гэж “Black”-ийн хуулийн толь бичигт тодорхойлсон байдаг. АНУ-ын хууль зүйн салбарт хамгийн өргөнөөр хэрэглэдэг уг толь бичиг барууны ертөнцөд багагүй нэр хүндтэй бөгөөд ерөнхийдөө барууныхан үндэстэн гэх ойлголтыг дээрх тайлбарын дагуу хүлээж авдаг гэсэн үг. Энд ойлголт, үгийн утгыг дурдаж байгаа нь монголчууд бид үндэстний хувьд өөрсдийгөө чухам хэн болох, бидэнд үндэстний хувьд юу хамаарах, бидний зорилго юу болох талаар төөрөлджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас тэр юм. 


Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн хандлага, эх оронч тодотголтой хөдөлгөөнүүд болоод тэдний үйлдлээс үндэсний үзэл болон үндсэрхэг үзлийн ялгааг ойлгодоггүй болох нь тодхон харагдах аж. Үүн дээр нэмээд 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад “Монголын түүх” хичээлээр нийслэлд шалгалт өгсөн 875 сурагчаас ердөө 13 нь “A” дүн авч, эх орныхоо, үндэстнийхээ түүхийн талаар “хангалттай” мэдлэгтэй болохоо харуулав. Хэн хүнгүй Чингис хаан гэж цээжээ дэлдэх авч тэрхүү аугаа түүхэн зүтгэлтний талаар мэдэх нь байтугай гавьяа зүтгэлийг нь ойлгож хүндэлдэг нь хэд билээ. Урд хөрштэй холбоотой бүхнийг цээжнийхээ гүнээс үзэн ядах атлаа БНХАУ-ын импортын бараа, худалдаагаар Монгол Улс  амьдралаа залгуулж байгааг мэддэг хүний тоо “жинхэнэ” эх орончдоос хэд дахин бага. Монголын ард түмэн “хар масс”руу урсан орж байгааг нотлох дээрх жишээнүүд олон мянган жилийн түүхтэй үндэстний хувьд юу вэ. Энэ бол эмгэнэл. 

Үндэс тойрч үнэнээс зугтах хандлага

Үгийн хувьд үндэс гэсэн нэг язгууртай авч үндэсний үзэл болон үндсэрхэг үзэл хоорондоо асар их ялгаатай. Үндэсний үзэл буюу национализм (nationalism) бол аливаа үндэстний өөрсдийн үүсч бий болсон түүхэн нутаг дэвсгэр дээр өөрсдийн удирдлага, бүрэн эрхийг тогтоох, цаашлаад хадгалах зорилго дор улс төр, нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлоо нэгтгэж илэрхийлэх үзэл санаа. Эх оронч сэтгэл чухам энэхүү үндэсний үзлээс эхлэлтэй байдаг. Харин их гүрний үндсэрхэг үзэл буюу шовинизм (chauvinism) бол тухайн үндэстний үндэсний үзэл зарим талаар зохист хэмжээг халин гарч хэт туйлширсан хэлбэрт шилжин, бусад үндэстнээс өөрсдийгөө илүүд үзэхийг хэлнэ. Их гүрний статустай улс орнууд хөрш зэргэлдээ жижиг үндэстнүүдэд үнэт зүйлээ хүчээр тулгадагтай энэ бүхэн холбоотой. Үүнээс гадна жижиг үндэстний айдсыг үндсэрхэг үзлийн нэг хэлбэрт тооцож болно (xenophobia). Жижиг үндэстний өвчин гэж ёгтлон нэрлэдэг энэхүү айдас гарал үүсэл, шашин шүтлэг, итгэл үнэмшил, зан заншил, аж төрөх ёс, хэл соёлоо бусад улс орнуудаас тусгаарлан, тэднийг үзэн ядахад чиглэнэ. Үндсэрхэг үзэл төрөл, хэмжээнээсээ үл хамааран ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, хүчирхийллээр илэрдэг онцлогтой. Нэгдмэл шинжтэй эх оронч үзэл задрал бутралыг дагуулдаг үндсэрхэг үзлээс асар их ялгаатай болох нь эндээс харагдана. Монголын нийгэмд энэ ялгааг үл ойшоож, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ашиглах болов. Сүүлийн жилүүдэд үндсэрхэг үзлийг үндэсний үзэл мэтээр ухуулагчид улам олширлоо, бас нэмээд хүчирхэгжлээ. Харин ямар сөрөг үр дүн гарах бол, жишээ татан таамаглая.
Баримт 1
Улс төрийн онолч Ханна Арендтийн 1945 онд тодорхойлсноор үндсэрхэг үзэл бол үндэсний үзэл санаанд шингэж үлдсэн “тусгай зорилго, үндэстний даалгавар”-аас урган гардаг бүтээгдэхүүн. Тэрхүү даалгавар бол үндэстний хувьд өөрсөддөө хүлээн авсан өвөрмөц үүрэг бөгөөд гүйцэтгэхийн тулд ямар ч үйлдэл хийхийг зөвтгөдөг бас зөвшөөрдөг. Энд 1933-1945 оны Герман Улсын нацист, Итали Улсын фашист бодлого юуны түрүүнд жишээ болон дурдагдана. Гэхдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж байхдаа буудуулсан ОХУ-аас Турк Улсад сууж байсан элчин сайд Андрей Карловын хэрэг бидэнд илүү ойрхон тусах болов уу. Түүнийг хөнөөсөн 22 настай Турк цагдаа Мевлут Алтынташ Исламын хэт үзэлтэн байсан нь хэргийг шалгах явцад тодорхой болж, улмаар Ойрхи дорнодод болж буй зэвсэгт мөргөлдөөнд хамтран ажиллаж байгаа улс орнуудын харилцаанд сэв суулгах дөхсөн. Хэрвээ ОХУ Турктай олон улсын тавцанд хамтраагүй, ижил ашиг сонирхол илэрхийлээгүй бол дээрх улс төрийн аллага дайнд хүргэх нь гарцаагүй байв. 
Иймэрхүү тохиолдол түүхэнд маш олон. Хамгийн гол нь үүнийг давтахад хүргэхүйц нөхцөл байдал манай улсад бага багаар бүрэлдсээр байгааг анхаарах учиртай. Их Монголын эзэнт гүрний үе өнгөрөөд хэдийнээ хагас мянган жил өнгөрч байгаа өнөөгийн монголын нийгэмд Их Монголын даалгаврыг хүлээн авсан хэт үзэлтнүүдийн тоо цөөнгүй. Бүр нэгдсэн хөдөлгөөн байгуулж, хүчээ авч байгааг та бид мэднэ. Тэдгээр “эх оронч”, “үндэсний” нэр бүхий хөдөлгөөнүүд эх орноо цэвэрлэе, Хятад Улсаас хамгаалъя уриан дор өмнөд хөршийн иргэдэд халдаж, дураараа авирладаг. Түүнийг нь иргэд олон нийтийн сүлжээгээр зөвтгөж, зарим талаараа дэмжих хандлагатай байгаа нь “үндэсний” хувьд жинхэнэ түгшүүрийн дохио юм. Жижиг үндэстний үндсэрхэг үзэл дээр их гүрний өдөөн хатгалга нэмэгдвэл тун гашуун түүх бичигдэн үлддэг. Жишээгээр тайлбарлан нурших нь илүүц биз ээ.
Баримт 2
Их Британи Улс 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр явуулсан олон нийтийн санал асуулгын дагуу Европын холбооноос “өрх тусгаарласан”. Энэхүү үйл явдлыг судлаачид төрөл бүрийн өнцгөөс харж байгаагаас “Brexit бол үндсэрхэг үзлийн илрэл” гэсэн тайлбар хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. Өөрсдийн биеэ даасан байдлыг илүүд үзсэн шийдвэр гаргаснаараа британийн улстөрчид үндэсний үзлийн төлөө шийдвэр гаргасан хэмээн өөрсдийгөө үзэж байж болох ч тоо баримтууд эсрэг түүх өгүүлж байна. Европын холбооноос тусгаарласан эхний өдрөөс л паундын ханш унаж эхэлсэн ба нэг жилийн дараах харьцуулсан судалгаагаар паунд өмнөх оныхоос 14 хувиар унасан. Ажилчдын цалин, амьдралын өртөг сайжрах хурдаас хэд дахин өндөр хурдаар дотоодын инфляци нэмэгдэж байгааг “Independent” мэдээлжээ. “Independent” бол Их Британийн хэвлэлийн магнатуудын нэг бөгөөд тэдний мэдээлснээр 2009 оны сүүлчээс хойш хөрөнгө оруулалт анх удаагаа сөрөг үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн Английн төв банк бизнесийн хөрөнгө оруулалт 2019 онд 25 хувиар буурна гэж таамагласан, бондын үнэлгээний “Moody’s” агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан болохыг энд дурдъя. Салан тусгаарлах шинжтэй бодлого баримталж, үндэстнээ дөвийлгөсөн тохиолдолд их гүрнийг ч зовлон тойрдоггүй аж.

Үндэс ба улс төр

Сонголт 1 - Үндэсний үзэл ба улс төр
Үндэсний үзлийг улс төр дээр нэмвэл нийлбэрт нь үндэсний эдийн засаг гэх ойлголт бий болно. Өөрөөр хэлвэл улс орныг удирдах бодлогод үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, улс орныхоо тусгаар тогтнол, биеэ даасан байдлыг чухалчилж, цаашид ч үүнийгээ хадгалахыг эрмэлзэнэ гэсэн үг. Үндэсний эдийн засгийн бодлого бол дотоодын эдийн засаг, хөдөлмөр болон баялгийн хуваарилалтыг хийж, татвар, худалдааны үндсэн чиглэлийг түүнд нийцүүлэхийг хэлнэ. Ихэнх тохиолдолд энэхүү санаа глобалчлалтай эсрэгцэх бөгөөд чөлөөт зах зээлийг үгүйсгэдэг байна. Үндэсний эдийн засгийг амжилттай хэрэгжүүлсэн жишээнүүд:
1. Италийн хот улс Венец нэгэнтээ үндэснийхээ хүчийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн дотооддоо чиглэсэн байхаар эдийн засгийн тогтолцоогоо өөрчилж байв. Үүнд, Венецийн ойролцоо, мөн хөлөг онгоцон дээр явагдаж буй бүх худалдаа наймаа эрхлэгчдэд худалдааны эрх зарж, Венецэд газардах ёстой гэсэн шийдвэрийг жишээ болгон дурдаж болно. Ингэснээр бүхий л худалдаанд Венецийн хүртэх ашиг хэд дахин нэмэгдсэн байдаг. Тэд гаднаас зөвхөн түүхий эд худалдаж авдаг байсан бөгөөд дунд давхаргын ажилчдын орлого үлэмж хэмжээгээр өсчээ. 
2. Их Британи XVII-XVIII зуунд үндэстэндээ чиглэсэн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байсан түүхтэй. Тэдний боловсруулсан арга барил хоёр баганаас бүрдэнэ. Эхнийх нь гаалийн татварыг нэмэгдүүлэх, хоёр дахь нь бараа бүтээгдэхүүндээ шинэ зах зээл олох. XVII зууны дунд үед гаалийн татвар 30 хувьтай байсан бол 1820 онд 57 хувьд хүрсэн байдаг. Импортын барааны үнэ нэмэгдсэн ч дотоодын үйлдвэрлэгчид энэ үед “хөлөө олж” алдарт Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлж, Их Британийг дэлхийд тэргүүлэх гүрэн болгон хувиргасан.
3. Канад Улсад Консерватив Засгийн газрын 1879-1950 оныхооронд хэрэгжүүлсэн Үндэсний эдийн засгийн бодлого бол гайхалтай жишээ. Эрхэм Жон А.Макдональд, Эрхэм Роберт Борден, Р.Б.Беннет, Жон Дифенбакер тэргүүтэй улстөрчид Канад Улсын аж үйлдвэр, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалж, Засгийн газрын оролцоо болон хяналтыг зах зээлд нэмэгдүүлсэн. Энэ бол Канад Улсын их гүрэн болоход хүргэсэн эхний алхам. 
Дээрх сонгодог жишээнүүдээс гадна Арабын нэгдсэн Эмират Улсын 2006 онд хэрэгжүүлсэн бодлого, 2007 онд ОХУ-д тавьсан хориг дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн явдал, түүнчлэн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн “Trumponomics” (Трампын эдийн засаг, гол уриа нь “Америк хүнийг ажилд ав, Америк барааг худалдаж ав”) бол үндэсний бодлогыг улс төрөөр дамжуулж хэрэгжүүлвэл өндөр амжилт олдгийг харуулж байна. 
Үр дүн: Амжилт, Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, тогтвортой байдал

Сонголт 2 – Үндсэрхэг үзэл ба улс төр
Ихэнх дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн ашиг сонирхлын зөрчилдөөн, дэлгэрүүлбэл үндсэрхэг үзлээр чиглүүлэгдсэн бодлогоос улбаалдаг. Их гүрний дээрэнгүй үзэл эсвэл жижиг үндэстний айдсыг улс орныг удирдан жолоодох бодлогод оруулбал дайны зовлонг тухайн ард түмэн өөрсдийн биеэр туулахаас өөр аргагүйд хүрдэг билээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа уг дайныг өдүүлсэн Герман Улс хүн амынхаа 8.8 хувийг (долоон сая хүн) алдаж, холбоотнуудад 23 тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх шаардлагатай болсон байдаг. Энэ нь одоогийн 310 тэрбум ам.доллартай тэнцэхүйц мөнгөн дүн юм. Өөрсдийгөө бусад үндэстнээс дээгүүр тавьж, хүчээр үнэт зүйлээ тулгасны хариуд ийм л хариу хүртсэн. Ямарваа нэг байдлаар үндсэрхэг үзэл улс төрд нөлөөллөө батжуулахад араас нь дайны аюул заналхийлдэг зүй тогтолтой. Дэлхийн түүхэнд болж өнгөрсөн ихэнх дайныг үндсэрхэг үзэлтэй холбоход төдийлөн буруутахгүй болов уу.
Үр дүн: Дайн, Үндэсний оршин тогтнолыг бүрэн хамаарсан заналхийлэл
Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал харамсалтай нь үндсэрхэг, хэт үзлийн хоёр хэлбэрт хоёуланд нь автсан байдалтай байна. Олон зууны өмнө алдагдсан дэлхийн их гүрний статус одоо ч Монгол үндэстний ухамсарт хадгалагдсан хэвээр байхад төр, нийгмийн удирдлагууд үүнд анхаарал хандуулж, зохих бодлого хэрэгжүүлж, шийдвэр гаргасангүй. Тийм учраас залуусын дунд хэт үндсэрхэг үзэл хүчээ авч, нийгмийн аюулгүй байдалд хэтдээ заналхийлэхүйц үзэгдэл буй болсон хэрэг. Үндсэрхэг хөдөлгөөн, байгууллагуудын үйл ажиллагаа хөрш улсуудын хооронд хагарал бий болговол нийгмийн шилжилтийн үеэ даваагүй, эдийн засгийн хямралаасаа гарч чадаагүй улсад тусгаар тогтнолын үнэтэй тусах эрсдэлтэй. Үүн дээр нэмээд манжийн дарлалд олон зуун жилийг өнгөрүүлэхдээ жижиг үндэстний айдас монголчуудын дунд бий болсон байна. Иймээс өөр үндэстнийг хавчин гадуурхах, тэдний нөлөөллөөс айх сэтгэхүй бидний ухамсарт гүнзгий сууж, нийгэмд бусад үндэстнийг үзэн ядах хандлагыг биежүүлжээ. 
Үндсэрхэг үзлийн хоёр салаа эртний түүхтэй Монгол үндэстний нүдийг ингэж ороосон байхад улстөрчид өөрсдийн хувийн эрх ашгийг түрий барих нь хэвийн хэмжээнээс хэтэрлээ. Үндэстний үзэн ядалтыг өрсөлдөгч рүүгээ чиглүүлж, өөртөө ялалт хямдхан арга сонгууль бүрээр харагдах болсон байна. Ингэхдээ үнэнийг гүтгэн гуйвуулж, нийгмийг хагалган бутаргах үйл ажиллагаа идэвхитэй хийж байгаа нь харамсалтай. Өрсөлдөгчөө, энгийнээр бол дургүй хүнээ өөрсдийн үндэстний үзэн ядалт чиглэсэн үндэстнээр нэрлэх явдал жилээс жилд нэмэгдсээр байгаад яагаад хэн ч анхаарал хандуулахгүй байна вэ. Эхний ээлжинд үндсэрхэг үзлийг үндэсний үзлээс салгахад эрх баригчид юуны түрүүнд анхаарах шаардлагатай. Нийгмийг хамарсан хагарган бутаргах чиглэлтэй үндсэрхэг үзлийг зогсоолгүй үргэлжлүүлэх үү, эсвэл үндэсний бодлого хэрэгжүүлж, жинхэнэ утгаараа эх оронч сэтгэлийг нийгэмд түгээх үү. Үндэс гэсэн язгуур эхлэлтэй ийм л хоёр зам байна. Хаашаа явахыг улстөрчид шийднэ, харин дагах эсэхийг ард түмэн шийднэ буй за.