Утаанаас болж жилд 0-5 нас хүртэлх 435 хүүхэд нас бардаг гэх статистик мэдээллийг “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ноос мэдэгддэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ганц энэ жил гамшгийн хэмжээнд хүрсэн юм биш. Харин төр, засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь өнөө жил гэхэд хилсдэхгүй.

Урин дулааны улирал эхлэхээр мартагдаж, дараа жилийн өвөл нь дахин сэдэрч, тэр улиралдаа олны ярианы сэдэв болсоор ирсэн утааг устгахын тулд төр засгийн удирдлагууд хөрөнгө хангалттай төсөвлөдөг ч үр дүн гарсан нь ховор. Ямартаа л зуухыг зуухаар нь солих бизнес цэцэглэж, цөөнгүй хүний халаасыг түнтийлгэв. Тиймдээ ч эцэстээ энэ сэдвээр хөлжигчид олширсон гэхэд болно. Харин иргэдийн хувьд утааг байх ёстой зүйл мэтээр хүлээн авч, өнөөдрийн амьдралын бололцоогоор ирээдүйн эрүүл мэндээ үгүй хийж ирсэн гэхэд хатуудахгүй болов уу.

Жилдээ 40 мянган хүүхэд хатгалгаа тусдаг гэнэ. Харин 2016 онд гэхэд улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар 0-1 насны 505 хүүхэд нас баржээ. Өнгөрсөн 2015 онд гэхэд 475 хүүхэд уушгины хатгалгаагаар нас барсан гэх статистик мэдээлэл бий.

АШУҮИС-ийнхны хийсэн судалгаагаар агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2024 он гэхэд жилд дунджаар 13 мянган хүн агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлөөр нас барна гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл хотын захиргаа 2030 он гэхэд агаарын бохирдол буурна гэж үзэж байгаа.

niigmiintoli.mn