Монголын тамирчид жилээс жилд амжилтаа ахиулсаар байгаа. Зөвхөн жүдо, чөлөөт бөх, боксоор 1-3 медаль авдаг байсан цаг саяхан.

Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Дээр дурдсан спортынхон амжилтаа ахиулсаар байгаа бол шатар, даам, бодибилдинг, пауэрлифтинг гэх мэт олимпийн бус олон төрөлд монголчууд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, сонсголонт төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулж байна. Тэр ч бүү хэл олимпийн төрөл гэгдэх хүндийг өргөлт, дугуй, сагсан бөмбөгөөр олон улсын тавцанд өндөр амжилт гаргах болов. Үүнд монгол хүн бүр баярлаж, омогшиж байна. Сошиал медиа хөгжсөн орчин цагт хүн бүр л өөрсдийн сувгаар эх орныхоо нэрийг мандуулсан тамирчдыг магтаж дуулж, өргөмжилсөөр. Харин төр засгийн удирдлагууд нь дүлий хүн шиг таг чиг. Бүр дүлий хүнээс дор байна.

төр засгийн удирдлагуудад сандал ширээ булаалдахаас өөр ид шид үнэндээ алга. Шагнахаа хүрвэл бөхийн спортынхонд гавьяатаа харамгүй хайрлаж байна. Бокс, буудлагын хувьд яалт ч үгүй олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн учраас зарлигаа буулгаж байгаа юм. Эс бөгөөс тэд шагнал авч чадахгүй. Н.Төгсцогт, Д.Отгондалай, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, Т.Үйтүмэн, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Алтанхуяг. Бүгд л сайн боксчин. Олимп, дэлхийн аваргаас медаль авсан учраас төр засаг гавьяа шагналаа хүртээсэн. Үүнтэй маргах хэрэггүй. Тэгвэл З.Энхзориг, Б.Түвшинбат тэргүүтэн бас л нэгэн цагт эх орныхоо нэрийг тахалж явсан хүмүүс Б.Түвшинбат одоо ч Монголынхоо нэрийг гаргасаар байгаа. Тэдэнд олимп, дэлхийн медаль л дутуу. Харамсалтай нь төр засаг дээрх хоёр тамирчныг тоолгүй явсаар карьераа дуусгалаа. За энэ ч яах вэ. Бокс, чөлөөт бөх, жүдо дээр тэртээ, тэргүй олимп, дэлхийн аварга гэсэн цензур тогтоочихсон. 2017 оны дэлхийн аваргаас медаль авсан тамирчид хэдхэн хоногийн өмнө амжилтаа үнэлүүлж байна. Монголчууд баярлаж байна. Арга ч үгүй биз. Спортод, тэр тусмаа бөхийн спортод дэндүү хайртай учраас тамирчдаас илүү баярлаж байгаа юм. Гэтэл бусад спорт таг чиг. Бодибилдингээр гурван удаа дэлхийн аварга болсон Угалзцэцэгийг мэдэхгүй хүн өнөөдөр бараг алга. Харамсалтай нь, төр засаг түүний гавьяаг үнэлсэнгүй. Дугуйн спортоор дэлхийн аварга төрөхөд чимээгүй л өнгөрөөчихсөн. Хэдийгээр залуучуудынх ч гэлээ энэ бол дугуйн спортын түүхэнд анхны том амжилт. Өвлийн спортын нэг болох цанаар ч манай тамирчин медаль хүртэхэд холбоо нь байраар шагнасныг эс тооцвол хэн ч тоогоогүй. Гавьяа шагнал дээрээ насны хязгаар тогтоогоод залуучуудаа, шагналд тухайн спортыг чансаагаар нь тогтоогоод олимпоос бусад төрлийн спортоо тоохоо больжээ. Ядаж салбарын дарга нь хүртэл үүнийг үл тоох маягтай. Шуудхан хэлэхэд, ерөнхийлөгчид хэн сайн нөлөөлж чадсан нь төр засагт гавьяа шагналаа үнэлүүлдэг болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөрөө спортын хүн. Спортын зовлон, жаргалыг яс махаараа мэдэрсэн. Тэр тусмаа бөхийн спортынхонд бүр ч ойр дотно нэгэн. Жүдогийнхныг түүнээс, түүнийг жүдочдоос салгах хэцүү. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаанд бөхийн спортынхон дэлхийн аваргаас ядаж л хүрэл медальтай байхад “гавьяат”-уудын тоог нэмээд байна гэсэн үг. Тэдний хувьд шалгуур нь дэлхийн аваргын хүрэл медаль л байхад хангалттай. Тэгвэл бусад спортод бол өөр. Ялангуяа олимпийн бус төрлийн спорт. Тамирчид зүтгэсээр, төр нь гэдийсээр. Насны төгсгөлд тамирчны карьер дуусахтай зэрэгцэн гавьяат болж магадгүй дүр зураг манайд харагдаж байна. Дэлхийн аваргад өрсөлдөх зардлаа хувиасаа гаргадаг, орон байр, машин тэргээ барьцаанд тавин байж олдог тамирчид манайд олон. Тэд спортдоо хайртай, эх орондоо хайртай учраас гэр орноо умартан ийн зүтгэж байна. Гэвч амжилт үзүүлээд ирэхэд тэднийг хэн ч тоохгүй нь харамсалтай. Гэрийнхэн, ойр дотныхон, тухайн спортын холбоо нь баяр хүргээд л өнгөрнө. Улсын байгууллага буюу Биеийн тамир, спортын газар нь ч олимпийн бус төрлийн тамирчдыг бараг тоодоггүй гэвэл үнэнээс хол зөрөхгүй ээ. Гавьяагаа үнэлүүлдэггүй тамирчид хэвлэлд ярилцлага өгөх бүртээ “Биднийг нэг эргээд хараач” хэмээн гуйдаг ч тоох хүн алга. Өнөөдөр ерөнхийлөгч болсон “спортын” гэх тодотголтой Х.Баттулга ч адилхан. Шинэ ерөнхийлөгч жүдо, чөлөөт, боксын тамирчдыг өрөөндөө хүлээж авсан. Бас 3х3 сагсан бөмбөгийн тамирчдыг. Сагсан бөмбөгийнхнийг хүлээн авахад нөлөөлсөн хүн нь АН-ын дарга С.Эрдэнэ. Х.Баттулга ерөнхийлөгчийн харьяалалтай байсан намынх нь дарга дээрх сагсчидыг дэмжиж, ивээн тэтгэдэг учраас уулзсан хэрэг. Тэднээс өөр тамирчид амжилт үзүүлсэн бол уулзахгүй ч байж магадгүй. Спорт улс төртэй хэт хутгалдсаны үр дүн энэ. Тамирчид нь хүртэл намаар талцаж, гавьяа шагнал хүртээхдээ тулахад намын харьяалал харгалзах нь холгүй байна. Монголд тамирчдын амжилтыг шударгаар үнэлсэн тохиолдол тун цөөхөн. Олимпоос алт авсан Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар хөдөлмөрийн баатар болоход мөнгөн медаль хүртсэн П.Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Сумъяа, хүрэл авсан Х.Цагаанбаатар нар дагаад л хөдөлмөрийн баатар авсан. Магадгүй тухайн төрлөөрөө дэлхийн аварга болсон учраас өгсөн байж мэднэ. Тэгвэл У.Мөнх-Эрдэнэ олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой медальтай. Цагтаа ганцаараа шахам эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан. Түүнд хөдөлмөрийн баатар олгочих. Олимпийн мөнгөн медальт Ц.Дамдинд хөдөлмөрийн баатараа өг. Адилхан л олимпийн мөнгөтэй шүү дээ. Түүнчлэн чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг, мөнгөн медальт Б.Оюунсүрэн, Э.Сумъяа нарт гавьяатаа өгчих. Тухайн үед олимпийн бус жингийнх гээд өгөөгүй. Тэгвэл одоо энэ нь хамаарахгүй болсон юм бишүү. Хэдийгээр хожимдсон ч нөхөөд олгоход буруудахгүй. Б.Одончимэг 69 кг-д барилдаж хүрэл авсан. Энэ нь одоо олимпийн жин болсон. 
Тамирчид нь амьд сэрүүн байхад нөхөөд олгож болно. Үндэсний бөхчүүдэд дархан аварга цолыг нөхөж олгодогтой агаар нэг шүү дээ. Товчхондоо бол спортыг олимпийн, олимпийн бус гэж алагчилж болохгүй. Адилхан 10, 20, 30 жилийн хөдөлмөр. Адилхан амьдралаа золиослосон. Олимпийн бус төрлийн тамирчид хувиасаа зардлаа гаргаж, өөрсдийгөө ивээн тэтгэдэг. Гайгүй танилтай нь нэг компанийн үүд сахиж тэмцээний зардал гуйна. Харин олимпийн төрөл буюу шигшээ багийнхны хангамж бүгд улсаас. Тэд улсаас хангамжаа авч, улсын хоол идэж, улсын цалин авч, улсаас шагнал авч байна. Энэ хоёрын хооронд алд зөрүү байна. Бодоод үзээрэй, ерөнхийлөгч өө. Спортын салбараас төрөн гарсан гэдэг утгаар нь өмнөх гурван ерөнхийлөгчөөс арай өөр нүдээр харна гэдэгт итгэхийг хүсч байгаа шүү, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аа.

Үндэсний шуудан сонин