Шашны суртлыг хэн хэрхэн ашиглаж байв?

 

Хүн төрөлхтний тэн хагас орчим нь 2500 гаруй жилийн  турш дахь асар их хугацаанд Буддагийн үзэл, сургаалыг оюун санааныхаа амьдралын луужин, танин мэдэх үйл ажиллагааныхаа онол-аргазүй, аргачлал болгож ашигласаар өдий хүрчээ. Өнөөдөр ч гэсэн бурханы шашинд ил, далд сүсэглэгч тэрбум гаруй хүн мөнхүү шашин суртлын “Нүд ба сэтгэлээр” өөрийгөө болон гаднах ертөнцдөө тусгаж, таньж, өөрчлөхийг эрмэлзсээр байна. Жирийн сүсэгтэн олон энэхүү шашин суртлыг номлогч лам хуврагийн үгэнд шууд итгэж, тэдний айлдварын дагуу зам мөрөө хянахыг хичээдэг ажээ. Харин мөнхүү шашин сурталд суралцаж төгс гэгээрэхийг хүсэгч лам хуваргууд бол буддагийн үзэл, сургаалын бүхэл бүтэн системийг зүйлчлэн ойлгож, суралцаж, эндэгдэлгүй эзэмшихийг зорилгоо болгон мэрийцгээдэг байна. Энэ бүхэн бол бодитой оршин буй үзэгдэл билээ. Өнөөгийн хүн төрөлхөн нэг талаас ийм бодит байдалтай зэрэгцэн оршиж, харилцаж байна. Нөгөөтэйгүүр дан ганц шинжлэх ухааны онол-аргазүй, аргачлалыг хүлээн зөвшөөрч, танин мэдэх үйлсдээ ашигладаг хэдэн зуун сая шүтлэггүйчүүд бас байгаа билээ. Цаана нь Христийн болон лалын ертөнцийнхэн гэх томоохон бүлгүүд бас буй. Өөр элдэв шашинцрууд ч мөн зөндөө...

 

Буддагийн үзэл, сургаалыг таван том бүрэлдэхүүн хэсэгт (прамана, парамид, мадхьямика, абдхидхарма, Винай) хуваагаад хэсэг нэг бүрээр нь их тав, бага таван ухааныг тодорхой дараалал, урт хугацаа, гүн гүехний ялгаа, хэмжээгээр судлуулах аргаар тус тус чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж, мөн цааш нь лавлуулан давтан, гүнзгийрүүлэн сургаж цол хамгаалуулж ирсэн нь иргэний шинжлэх ухааны боловролтой үндсэндээ их төсөөтэй юм.

Прамана (шалгадаг ухаан), Парамид (орчлонгийн чинад хүрэх ухаан), Мадхь- ямика (төв үзлийн ухаан), Абхидхарма илт номын ухаан, Виной (номхотгохуйн ухаан) гэх төрөл, чиглэл бүр нь улс орон нэг бүрд, мөн сүмхийд нэг бүрд өөр өөрийн нь онцлог, чанар байдлаас нь хамаарсан сургалтын жич хөтөлбөрүүдтэй байжээ. Их таван ухааныг (Дунд ухаан буюу хэл шинжлэл, Учир шалтгааны ухааны буюу логика, Урлахуйн ухаан буюу оньсон техникийн ухаа, Дотоод ухаан буюу анагаах ухаан) үзэх сургалтын хэмжээ, хугацаа, аргачлал, ч тэр, мөн бага таван ухааныг (Зурхай, яруу найргийн онол, ёгт өгүүлэхүйн ухаан, холбон найруулахуйн ухаан, жүжгийн ухаан) үзэх хэмжээ, харьцаа, аргачлал ч тэр байнгад шахам өөрчлөгдөж, элдэв шинжийг олон төлөвшсөөр л байжээ. Холбогдох ном, сурах бичиг, тайлбарууд нь улам дэлгэрэнгүй болж чанаржсаар ирсэн түүхтэй билээ.

XVII зууны сүүлчээс эхлэн Монголын номч мэргэн гавж нар Буддагийн үзэл, сургаалын үүднээс ном бүтээлээ туурвиж, Энэтхэг, Төвдийн философичдын гол, чухал гэгддэг зохиолуудыг орчуулж, тайлбар хийж, улмаар Их Хүрээнд буддын гүн ухааны сургууль байгуулж (1739 онд) “Гандан хийдийн Шашины их сургууль” хэмээн алдарштал нь хөгжүүлж, бэхжүүлжээ. Цаашдаа хөдөөний сүм хийдүүдийн дэргэд мөн буддын төрөл бүрийн ухааныг судалдаг сургуулиуд байгуулагдаж олон чиглэлээр мэргэжилтэн лам нарыг бэлтгэх болжээ. Хөдөөгийн томоохон хийдүүд ч чойрын номд сургах хэрэгт их анхаарч байжээ.

Бурханы шашин гэх нэрийн дор оюун санааны олон салбараар суралцаж мэргэшсэн үндэсний сэхээтэн, оюунлаг хүмүүсийн тоо хүрээ, хөдөөгүй олширч тэдний бичсэн ном, судрыг барлах хэвлэх ажил ч их өргөжжээ. Нэр цуу нь Төвд ба Монголд алдаршсан номч мэргэн гавж нар ч олон байв.

 

Жишээ нь Лувсанпэрэнлээ (1642-1715), Ишбалжир (1704- Лувсандагва-даржаа (1734-1803), Лувсанчүлтэм (1740-1810), Дамцагдорж (1781-1856), Дандарлхарамба (1758--1830) нарын туурвисан зохиол, бүтээлүүд аль хэдийнээ Монголын буддын соёлын өв болон үзэгдэж, үнэлэгдэх болчихсон, энэ суурь уламжлал дээр дараа дараагийн үе бэлтгэгдэж байжээ.

 

Олон зуун сүм хийд нь

 

НЭГДҮГЭЭРТ

 

Хурал, номын хэргийг үл таслан явуулж сүсэгтэн олон түмэнд үйлчилж байх залгамж халаагаа бэлтгэх

 

Хоёрдугаарт

 

Буддагийн үзэл, сургаалд сайтар мэргэшсэн дээд дэсийн номч мэргэдийг тодруулах,

 

Гуравдугаарт

 

Энэтхэг, Төвд, Монгол анагаахуйн ухаанд суралцсан эмзүйч, оношзүйч, эмчлэн илааршуулагч оточ нарыг бэлтгэх,

 

Дөрөвдүгээрт

 

Зурхайч, орчуулагч, хэлзүйч, уран зураач гэх мэтийн нарийн мэргэжлийн лам нарыг бэлтгэх ажлыг 17-р зууны сүүлчээс XX зууны 30-аад оныг хүртэл дөрвөн зууныг дамнуулан хийжээ. Энэ урт хугацаанд Монгол оронд Бурханы шашны нэр ба шүхэр доор мэдлэгийн олон галбар хөгжиж, оюуны соёл хуримтлагдаж, монголчуудын оюун санааны амьдрал, соёл-иргэншил буддын шашин суртлын нөлөөн доор орших, хувьсах болсон байна.

Байгаль ба хүмүүсийн хоорондын шууд, ил харилцаан дээр суурилсан, хүмүүнлэг, энэрэнгүй аж төрөх ёс, иргэншил нь бөө мөргөлийн ёсыг орхиод Бурханы шашин суртлын нөлөөнд бүрэн автаж эхэлсэн нь тухайн цаг үедээ дэвшил мөн байв. Гэвч бурханы шашин суртал Монгол даяарт дэлгэрч байсан үйл явдлыг монголчууд өөрсдөө болохоор дотоод эв нэгдлээ бэхжүүлж, нэгдмэл, хүчирхэг үндэстэн улс болж сэргэн мандахын төлөө ашиглахыг зорьж байхад төвдүүд харин шашин суртлаа хойд зүгт аль болохоор өргөн дэлгэрүүлж нэгэн цагт дэлхийд хаанчилж байсан улс орны баялгийг өөр лүүгээ урсган өвөрчлөхийг хүсэж байв. Монголд бурханы шашин хүчээ аван дэлгэрч байгаа үйл явцыг Манжийн хаан

 

НЭГДҮГЭЭРТ

 

Монголчуудыг номхон хүлцэнгүй байлгах

 

Хоёрдугаарт

 

Цэрэг, дайны чадавхгүй болгох

 

Гуравдугаарт

 

Монгол хүн амыг цөөрүүлэх, эрчүүдийг нь аль болох олноор нь лам хувраг болгох,

 

ДӨРӨВДҮГЭЭРТ

 

Чингисийн удмын эрчүүдийг ноёд, жанжид биш шашны зүтгэлтэй тойн нар болгож номхруулах хэрэгт ашиглах боломж хэмээн үзэж бүх талаар дэмжиж эхэлжээ.

Дөрвөн зуу орчим жил өнгөрөх хэрд эргээд харахад төвдүүд ба манжийн төрийн хүсэл, зорилго урьдчилан төлөвлөж байснаас нь хол илүү давж биелсэн байлаа. Уг шашин суртал маань ямар шинжтэй, хаана ямар үр дагавар үлдээж чадах, тэр нь хэн хэнд ашигтайгаар эргэхийг урьдчилан харж ашиглаж болдгийн нэгэн том жишээ энэ юм.

Шашин суртал бол нэгэн төрлийн зэвсэг мөн болохыг мартаж, огоорч ер болохгүйг улстөрчид байнгад санаж, тооцож байх ёстой ажээ. Шашин суртал, түүнд суурилсан тусгаар иргэншлүүдийн хооронд сөргөлдөөн, тэмцэл гарч дайн самууныг үүдэх болсон орчин үеийн нөхцөлд энэ нь улам бүр чухалчлагдах болоод байна.

Хөөрсөн, бухимдсан сүсэгтэн олны сэтгэлзүйд дөрөөлөн дайн самуунд турхирахыг хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг гэж үзэж НҮБ цаазлан хориглох ёстой.

Оюун ухаант хүний төрөл олоод ээж, аав, ах, дүү, төрөл төрөгсдийн ивээл, асрамжаар өсөж бойжсон хэн ч болов сайн хүн болж, зөв амьдарч, бусдад тус буян хийж, өөрөө гэгээрч, өрөөл бусдын гэгээрэхэд тусалж явахын зам мөрийг бодон, суралцан, бясалгаж байж боловсруулсан Буддагийн үзэл, сургаал өөрийг нь амьд сэрүүн байхаас эхлэн шашинжсаар эцэс сүүлдээ сүсэг бишрэлд үйлчилдэг, сүсэг бишрэл төрүүлдэг, элдэв дүрийн бурхдыг тахьдаг, ид шид увдист итгэдэг, хойт насны сайн сайханд бэлтгэдэг зам мөр болон хувирчээ. “Буддагийн үзэл сургаалын дагуу суралцаж, сахил хүртэж, гэгээрч, төгс чанарыг олсон хүн бурханы хутгийг олж мөнхөрдөг” тухай үлгэрт лам хуврагууд итгэж тийм хэмжээнд хүрэхийн төлөө зүтгэсээр эцсээ үзэж чадалгүй (тоотой насны эрхээр) хорвоогоос хальсаар хоёр мянга гаруй жил болжээ. Тэгэвч өнөөгийн лам хуврагууд мөн л дээрх үлгэр, хуурамчлалд итгэсээр суралцсаар, даянчилсаар, бясалгасаар, нууц тарни, ёогийн увдисыг үзэхээр өтөл насаа огоорон зүтгэсээр байгаа болно. Төгс чанарын зам мөрийн тухай:  Гэгээрэгсдийн эх сударт

"Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэгээрэгсэд Төгс чанарын зам мөрөөс өөрийг туулахгүй, төгс чанар бол гэгээрсэн төлөвт хүрэх зам мөрийн амин сүнс мөн. Төгс чанар бол судар, тантра хоёулангийнх нь зам мөр юм. Энэн дээр нууц тарнийн онцгой зам мөр буюу авшиг, тангараг, сахил, хоёр шатны ёог, дээд зан үйлийг нэмчихвэл гэгээрсэн төлөвт хүрэх нь тэр..." хэмээн номложээ. Судар номд дээрх мэтээр зүйлчлэн заасан боловч энэ замыг туулаад тэр мөрөөр мацсаар оройд нь гарчихсан хүн үгүй юм. Ийнхүү хүсэмжлэн хичээсээр 80, 90 наслаад жирийн хүний адилаар нас эцэслэсэн лам хувраг харин хэдэн арван мянган байсан бизээ. Хувь хүний нэгэн нас дээрх зам мөрийг гүйцээхэд хүрэхгүй, хүргэхээр хичээгсэд үхэх цагтаа энэ нь боломжгүйг ойлгосон ч “Энэ зам мөр амьдралаар шалгагдаж үнэн эсэх нь тогтоогдох учиргүйг” мэдээллэж, зарлаж байсангүй. Ийм байдал, эцэс төгсгөл л мөнхүү сурталд аврал болсоор иржээ. XXI зууны өндөрлөгөөс ингэж хэлэхээс өөр аргагүй байна.

 

Хүрэх боломжгүй, хэрэгжих нь худлаа зорилгод хөтлөгдөж нэгэн насаа элээх нь чин сүсэгт лам хувраг нарын хувьд эмгэнэл юм. Хойд насны сайн сайхныг энэ насандаа хангах бурханы хутгийг олж мөнхрөх, диваажинд залрах, хутаг хувилгаадын ид увидасыг олох, нууц тарнийн хүчийг эзэмдэх мэт нь 2000 гаруй жилийн практик амьдралаар няцаагдлаа. Энэ үнэнтэй бурханы шашны ихэс дээдэс ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР зам мөр үлдсэнгүй. Ингэхлээр энэ шашин сурталд шинэчлэл хэрэгтэй, Буддагийн үзэл, суртлыг хир, шавааснаас нь цэвэрлэх, чөлөөлөх шаардлагатай. Ийм ажлыг энэ шашны ихэс дээдэс өөрсдөө хийж хэрэгжүүлэх нь зөв болов уу... Энэ үгийг би XIV Далай ламтанд хандан хэлж байна.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав