Монгол банкнаас гаргасан албан мэдээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд нь арилжааны банкуудаас жилдээ 12-13 их наяд төгрөгийн зээлийг авч ашигладаг, арилжааны банкуудын олгож буй бизнесийн зээл жилийн 30-36% хүртэл хүүтэй байгаа бол хамгийн өндөр нь 48% хүүтэй байна.

Арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд нь төрөөс тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд олгож буй зээлийн хүү нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвараас хэт давсан хэмжээтэй, хэрвээ төлж чадахгүй бол барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, орон байрыг хураан авах нөхцөлтэй байдаг нь дээрх үйл ажиллагааг төрөөс зөвшөөрч байгаа үйлдэл юм. Учир нь дээрх байгууллагуудын үйл ажиллагааны дүрэм журмыг төрөөс баталж өгдөг. Иймд төрийн зүгээс хязгаарлалт хийж зээл олгогч болон зээл авагч аль аль талын эрх ашгийг хангасан зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь нууц биш.

Манай орны хувьд арилжааны банкууд болон санхүүгийн бусад байгууллагууд зээл, хадгаламжийн хүүний хувь хэмжээг зах зээлийн зарчмаар буюу эрэлт нийлүүлэлтэд нийцүүлэн өөрсдөө тогтоож ирлээ. Эдгээр зээлийн бүтээгдэхүүнүүд нь хэт өндөр хүүтэй, богино хугацаатай байгаагаас зээлдэгчдийн эрх ашиг шудрага бусаар хөндөгдөж, олсон ашиг, барьцаа хөрөнгө эрсдэлд орох, цаашилбал аж ахуйн нэгжүүд биеэ дааж хөгжих боломж хязгаарлагдмал байдалтай байна. Дэлхийн зарим улс оронд зээлийн хүүний хэт өндөр хувь хэмжээг хязгаарласан заалтыг хууль тогтоох замаар болон төв банкинд эрх олгох замаар зохицуулалт хийж байна.

Тухайлбал, АНУ-д банкнаас олгох зээлийн хүүний дээд хэмжээ жилийн 8-10 хувиар, Япон Улсад “Хүүлэлтийн эсрэг хууль” тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд зээлийн хүүний дээд хэмжээг 20 хувиар тогтоосон байна. Цөөн тооны их хэмжээний хадгаламж эзэмшигчид капитал бүтээхгүйгээр мөнгө хүүлэх замаар амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломж байгаа хэдий ч олонхи буюу жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэд хэт өндөр зээлийн хүүний дарамтаас болж сэргэж чадахгүй байгаагаас улс орны эдийн засгийн өсөлтийн хурд сайжрахгүй байна гэж үзэж байна. Иймд зах зээл дэх зээлийн хүүний хувийн дээд хэмжээг төрийн зохицуулалтаар зохистой тогтоосноор аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн бизнес эрхлэх, хөгжүүлэх боломж нээгдэх, санхүүгийн зах зээл солонгорон хөгжих, шудрага өрсөлдөөнийг дэмжих боломжтой болох, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх боломж нээгдэх болно гэж үзэж байгаа тул зах зээлийн бодит нөхцөл байдал, талуудын эрх ашгийг харгалзан үзэж зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох хуулийн төслийг  УИХ-ын гишүүн санаачилсан байна. Хууль батлагдсанаар

- Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн хүүний хувийн дээд хэмжээг хуулиар тогтоох, - Хуулийн хэрэгжилтэд Төв банк (Монгол банк), Санхүүгийн зохицуулах хороо хянал тавих,

- Энэхүү хуулийг дагаж мөрдөх хугацаа, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлыг зохицуулах аж.

Зээлийг хүүг бууруулах талаар Монголбанк ямар алхам хийж байна вэ?

Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын баримт бичиг дээр зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах зорилт дэвшүүлж байгаа аж. Төвбанкны зүгээс  арилжааны банкны төлөөллүүд болон эрдэмтэн судлаачдыг хамарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тиймээс ойрын үед стратегийн баримт бичгээ бэлэн болгож хэрэгжүүлэх ажлаа тодорхой болгоно гэдгээ мэдэгдсэн юм.

Төв банкны Ерөнхийлөгч энэ талаар “Үүн дотор ипотектэй холбоотой асуудал яригдана. Ипотекийн журмыг өөрчлөх асуудлыг авч үзэж байна. Одоогоор Монголбанкнаас арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл гардаг. Дээр нь арилжааны банкууд дахин 4 хувийг нэмээд жилийн 8 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож байгаа.

Санхүүжилтийн эх үүсвэрийг 2 газраас авдаг. Дийлэнхи хэсэг нь Монолбанкнаас урьд нь олгосон ипотекийн зээлд олгосон 4,2 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөс 16 тэрбум төгрөг өгч байна. Мөн 2017 оны төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тавьдаг болсон. Одоогоор 25 тэрбум төгрөгийн хэмжээнд яригдаж байна.

Энэ хөтөлбөрийг яаж өөрчлөх вэ гэдэг талаар бид дэлхийн банкнаас техникийн туслалцаа аваад, судалгааны үр дүн бэлэн болж байгаа. Тэдний өгсөн зөвлөмжийг багцаалж үзэх юм бол арилжааны банкууд зээлээ иргэдэд өгдөг байх хэрэгтэй. Засгийн газраас харин хөтөлбөрт хамрагдсан иргэдэд татаас өгч, хүүгийнх нь хэмжээг буулгах арга хэмжээг авах арга байгаа. Тиймээс цаашдаа санхүүжилтийнх нь журам өөрчлөгдөнө гэж хэлж болно” гэсэн юм.

Харин өчигдөр Монголын банкны холбооныхон зээлийн хүүд хуулиар хязгаар тогтоох гэж байгааг буруутгаж мэдэгдэл гаргасан байх юм. Тэд дэлхийд хаана ч байхгүй өндөр хүүгээ хуулиар хязгаарлуулахгүй хэмээн эсэргүүцэж, муу жишгүүдийг дурьджээ. Гэвч тэд энэ мэдэгдэлдээ зээлийн хүүг бууруулах илүү оновчтой санал санаачлагын талаар дурьдсангүй. Нэг үгээр эсэргүүцлээ л илэрхийлж байна. Цаашид ч энэ эсэргцүүлэх хүчээ авна. Гэхдээ ард түмний зүгээс хэзээ зээлийн хүүг хэвээр үлдээх талд зогсохгүй. Иймээс парламент хийгээд Төв банк зорилгоосоо ухрахгүйгээр зээлийн хүүд “гар хүрч” чадах уу?гэх асуулт хариултаа хүлээх нь ээ