Ерөөс монголчуудын аж төрж буй өнөөдрийн хэв шинжийг бүхэлд нь харвал нэг хэсэг нь зах дээр байгаа бол нөгөө хэсэг нь эмнэлгийн үүд сахиж байна гэчихвэл нэг их буруутахгүй болов уу. Хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилгээ нь чиглэсэнУлсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатори ч үүнийг батлах гэсэн мэт хөл багтах зайгүй байв.

Хаалгаар оруут баруун гар талд эмийн сан байх ба дугаар олгодог хэсгээс дутахгүй урт дараалал үүссэн нь бидний анхаарлыг татлаа. Тэдний зарим нь ганц хоёр эм, боолт, витамин зэргийг авч байгаа бол дийлэнх нь  авсан эмээ уутанд хийлгэж 2 кг чихэрийн хэмжээнд бондойлгоод гарах нь элбэг байв. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үүдэнд ийн эмч авч дугаарлаж байгаа иргэдийг ажиглаж байгаа шалтгаан нь бидний эмийн хэрэглээ иргэдийн бодит орлогоос хэр хэмжээг нь “залгиж” байгааг тандах байсан юм. Учир нь антибиотикийн хэрэглээ хэрээс хэтэрч эмийг хоол шиг иддэг болсон нь монголчуудын эмнэлэг гороолох тэргүүн зэргийн шалтгаан болж байгааг мэргэжлийнхэн анхааруулсаар л байгаа.  Иргэд сардаа хэдэн төрлийн эм ууж, хэчнээн төгрөгийг зарцуулдаг, эмчийн жороор эмээ авдаг уу эсвэл булан тойроод л “ургачихсан” тааралдсан эмийн сангаас эм гэх онцгой барааг авдаг уу гэх асуултад хариулт хайлаа. Эмээр “хооллодог” иргэдийн төлөөллүүд сарынхаа хэрэгцээт эмэнд цалин, тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгааг учирлав. Тэдний нэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн С.Цэрэннадмид гуай аж.

Нас сүүдэр 60 хүрсэн энэ буурал “Хэчнээн төрлийн эм авдаг, хэдэн төгрөг зарцуулдаг вэ” гэсэн асуултыг угтаад “нүдний болон даралтны эм авдаг. Нүдний дусаалгаа 38 мянган төгрөгөөр авдаг ч сар хүрэхгүй хугацаанд дуусдаг. Толгой, үе мөч, ханиадны гэх мэт бусад эмнийхээ үнийг тооцохоор 100 мянга хол давж байна. Эгч нь нүд муутай л болохоос бусдаар бол дамжгүй. 50 хүрч байж даралтны эм уудаг болсон. Ер нь эм гэдэг зүйлийг байнга хэрэглэж байх ёстой ч юм уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Эмч энэ сайн шүү гэсэн болгоныг нь л авдаг. Эмийн чанарын хувьд зарим нь таардаг. Зарим нь ерөөсөө таардаггүй. Үнэ нь л хэт өндөр байх шиг санагддаг юм. Манай эмнэлгийнхэн их үнэтэй гадны эм бичиж өгөх юм. Бид заавар, орц он сарыг нь тэр бүр харж чаддаггүй. Эмчийн бичиж өгсөн, эмийн санчийн зөвлөсний дагуу л эм авдаг. Сардаа 230 мянган төгрөгийн тэтгэвэртэй бидний хувьд үнэтэй эмэнд хэдэн төгрөгөө зарцуулчихаж байна. Зарим эмийг нь авч чаддаггүй” гэсэн юм.

Мөн л эм үнэтэй байна гэсэн дараагийн хүн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын малчин Д.Миеэжав байлаа. Тэрбээр “Хямд эм гэж алга. Тэтгэврийн 250 мянган төгрөгөө хэмнээд хэмнээд сарынхаа эмийн хэрэгцээнд хүргэж чадахгүй юм. Ах нь зүрх, даралт, үе мөчний эм хэрэглэдэг. Үе мөчний 6 ширхэг эм авчихаад сууж байна. 66 мянган төгрөг боллоо. Сард 30 ширхэгийг уух ёстой гээд бод. Мөн зүрхэнд сайн гээд тариа хийлгэдэг. 20 ширхэг  нь нэг курс болдог. Гэтэл нэг ширхэг тариагаа 40 мянган төгрөгөөр авч байна. Тэгэхээр нэг курс тариаг би хэчнээн төгрөгөөр хийлгэх болж байна. Хэдэн төгрөгөөр эм тариа хийлгэж хэдэн төгрөгөөр хоол хүнсээ залгуулах болж байна. Хөдөөний бид хот төв бараадаад эмнэлгээр үзүүлэх гэхээр 14 хоног хүрэлцэхгүй юм. Маш их дараалал. Эмнэлэг яагаад ийм их ачаалалтай хүнээ авч үзлэг хийж дийлэхгүй байна вэ. Шалтгаан нь монголчууд энэ хүчтэй антибиотикуудад дасамтгай болж байна. Тийм болохоор өвчин нь илааршдаггүй. Илааршлаа ч дараа дараагийн шинэ өвчин үүсгэгчийг нь өдөөж байна гэж л ах нь бодох юм. Дээхнэ үед ийм олон төрлийн эм байсангүй. Пенициллин тариулчихаад ханиад, хатгаа эдгээд болчихдог л байсан юм. Одоо эмч нарын зөвлөж байгаа эмийг уугаад уугаад тусаа өгөхгүй байна. Тэгэхээр эмийн чанар сул байна гэж л хэлье. Эм үйлдвэрлэгчид ашгаа бодохоос хүнээ бодохгүй байна.  Өвчин намдаана гээд л  үнэтэй, том антибиотик л өгөөд байдаг болж. Тэр нь тухайн хүний биед таарах уу, үгүй юу гэдгийг бодох ч үгүй юм. Хөдөөгийн бид эмнэлгээр явна гэдэг бол маш их зардал чирэгдэлтэйгээс гадна заавал нэг хүн давхар ажлаа алдаж байна.

Дорнод аймгийн иргэн Н.Сэлэнгэ:ОРОН НУТАГТ В,С ВИРУСИЙН ЭМ ХЭТЭРСЭН ҮНЭТЭЙ БАЙНА

-Би С вирусийн ганцхан сарын уух эмийг гэхэд л 130 мянган төгрөгөөр авч байна. Гэтэл нийслэлд хөнгөлөлтөөр 99 мянган төгрөгөөр авч байх юм. Манай Дорнодод хөнгөлөөд 130 мянган төгрөгөөр ганцхан газар зардаг. Тэр нь “Молор” гээд лаборатори. Шинжилгээ, үзлэг оншлогоо бүгд үнэтэй. Ханьтайгаа хамт Нэгдүгээр эмнэлгээр явж байна. Хоёулаа бие муутай. Тэгэхээр тэтгэврийн бидэнд эмийн үнэ эмнэлгийн төлбөр хүнд тусч байна. В вирусийн эм авах юм бол 170 мянган төгрөгөөр авна. Би В,С вирусийн эмийг хоёуланг нь авбал 300 мянган төгрөгөөр авч байна. Сардаа авдаг 280 мянган төгрөгийн тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Эмийн чанарын тухайд манай монголын үйлдвэрлэж байгаа эмийн орц барьцалдуулах материал зэрэг нь заасан тунгаасаа бага байдаг юм болов уу. Үйлчилгээ ер нь тааруу. Хүүхдийн ханиад шуухнааг дардаггүй. Энэ эм чинь болохгүй байна гэхээр гадны үнэтэй эм зөвлөдөг. Өнөөх нь сахар ихтэй сиропон эм. Ханиадыг улам сэдрээгээд байх шиг санагддаг. Цефазолин гэхэд л хоёр өөр байгаад байна. Солонгос цефазолин гээд авахаар зарим газар зарж байгаагаасаа 10 дахин үнэтэй байна. Гадны эмийн чанарыг хаанаас яаж хянаж зах зээлд оруулж ирдгийг мэдэхгүй. Хяналт байдаг биз. Хэн дуртай нь эмийн сангаас авчих л юм. Эмийн хүртээмж их задгай шүү дээ. Дотоодын эм үйлдвэрлэгчдийн толгойг илээд байдаг юм уу. Чанар баталгааг нь хангаж хянаж байдаг хүмүүс нь яг зах зээлд борлуулагдаж байгаа цэгээс нь тухайн бүтээгдэхүүнийг сонгож дээж авбал дүн мэдээ нь нэлээд үнэн гарна байх. Үйлдвэр дээрээс нь дээж шинжилгээ авахаар мэдээж тусгайлан бэлдсэн стандарт хангах эмийг л хяналтынханд үзүүлнэ шүү дээ.

В, С вирусын эмээр хөдөө орон нутагт бизнес хийж байна. Орон нутагт энэ төслийг хариуцсан эмнэлэг эмч нар монополдож байна. Манай Дорнодод 130 мянган төгрөгөөр шинжилгээнийхээ давтанг өгч байхад энд ердөө 80 мянган төгрөгөөр өгч байна. В вирусын эмийг 140 мянган төгрөгөөр шинжилгээг нь хийгээд 170 мянган төгрөгөөр эмийг нь зарж байхад энд 30 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байна.

 

niigmiintoli.mn