“Стандарт хэмжилзүйн төвийн дарга н.Гантөмөрийг Стандарт хэмжилзүйн төвийн жижүүр болгож чадахгүйтэй адил Төрийн албаны зөвлөлийг төрийн хуулийн манаач болгож чадахгүй хэмээн УИХ-ын гишүүн асан С.Батмөнх хэлэв. Тэрбээр “Д.Тогтохсүрэн гишүүнээ та манаачийг нь олж харахгүй байна.

1994 оны хуулийн төрийн албаны удирдлагын коцепцийг олж хараагүй байгаа юм” хэмээн Төрийн албаны тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Тус хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар холбогдох байгууллагуудын байр суурийг сонсохоор зохион байгуулсан юм.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй ТАЗ-ийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харах шаардлага тулгарсан аж.  Мөн Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгагджээ. Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэхэд хүргэсэн юм.

УИХ-ын гишүүн асан А.Бакей төрийн алба тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсныг шүүмжлэв. Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийг сайжруулах ач холбогдлын хувьд маргаан байхгүй. Төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон. Үндсэндээ төрийн алба улстөрчдийн тоглоом болж хувираад байна. Энэ байдал нь аль нэг намын буруугаас болсон гэж хэлэхэд хэцүү. Энэ байдлыг улам бүр даймжруулаад, улам утга учиргүй болгож байна. Тиймээс энэ асуудлыг их ач холбогдол өгч нухацтай хэлэлцэж, батлах ёстой. Миний бодож байгаагаар 2008 онд шинэчлэн найруулж, батлагдсан Төрийн албаны тухай хууль сайн хууль. Гэтэл энэ сайн хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм гэхээр төрийн албаны удирдах ажилтнууд, улстөрчид зөрчөөд байгаа юм. Түүнээс жирийн төрийн албан хаагч хууль зөрчиж байгаа зүйл бага. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга маягаар хууль баталж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүдийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд, бүтэн хоёр жил хэлэлцээд, сайжруулж, батлах гэж үзсэн. Тухайн үед сөрөг хүчин эсэргүүцсээр байгаад огт батлуулаагүй. Тэгвэл одоо энэ хуулийг батлах гэж байгаа бол 2008 онд батлагдсан одоогийн мөрдөж байгаа хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах маягаар батлах ёстой. Шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр одоогийн 76 гишүүн 200-300 санал гаргаад ирэх вий. Сайжруулах биш харин ч бүр муу хууль гаргах байх. Тиймээс хэлбэрийн хувьд нэмэлт өөрчлөлт маягаар батлаасай гэж хүсч байна” гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн даргаар олон жил ажилласан Н.Чадраабал Төрийн албаны тухай хууль муу хууль байгаагүйг онцолсон. Тэрбээр “Би энэ хуулийг анх батлагдан гарсан өдрөөс хойш нийтдээ 22 жил гартаа бариад, эргүүлж байгаа хүн. Тиймээс энэ хуулийг зөв гаргаасай гэж бодож байгаа. Ашгүй намайг ажлын хэсэгт оруулсан. Эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчилсэн найруулга хийх эсэхээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ шинэчилсэн найруулга хийнэ гэвэл хуулийг үндсээр нь солих ямар шалтгаан байгаагаа сайн тодорхойлох ёстой. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр уг хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын 12 гишүүний саналыг оруулаад, шийдвэл бодитой болох байх. Ер нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль муу хууль биш. Бидний яриад байгаа мэррит тогтолцоо ч байж л байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17 зүйлд суларсан ажлын байрыг дэвшүүлж нөхөх ёстой. Хэрвээ дэвшүүлээд нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан хаагчдаас шилжүүлэх, шилжүүлэх хүн байхгүй бол нөөцөөс хүн авах ёстой. Харин эдгээр байдлаар ажлын байрыг нөхөх боломжгүй бол ажлын байрыг нийтэд зарлах гээд заасан. Харин манайхан л улс төрийн сонгуулийн дараа өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулдаг. Манай ТАЗ-ийнхөн ч хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж чаддаггүй. Гол нь ТАЗ-ийн гишүүд өөрсдөө улс төрийн шалгуураар орж ирээд байна. Цаанаасаа “дөнгөлүүлчихсэн” хүмүүс ажил хийж чадахгүй байгаа юм. Тиймээс ч хуулийн зөрчил хаана байгааг, заавал хуулийг өөрчлөх ёстой эсэхийг тодруулах нь чухал” гэдгийг хэлсэн.

Гишүүн асан М.Батчимэг “Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол төрийн доройтол буюу төрийн албаны чанарын асуудал. Төрийн алба улстөрчдийн талбар болоод хувирчихсан. Муухайгаар хэлбэл тэдний гарын шүүс болоод дуусч байна. Энэ нь төрийн албаны өөрийнх нь алдаа гэхээсээ илүү улстөрчидтэй шууд холбоотой” гэсэн юм.

niigmiintoli.mn