Ганцхан жишээ дурдая.  “500 төгрөгийн гүйлгээ хийхэд шимтгэл нь 2000 төгрөг”. Тиймээ та зөв уншсан. Бид ийм л арилжааны банкны супер системд амьдарч байна.  Өнөөдөр эдийн засаг хүндэрч, иргэдийн нуруун дээр ирэх ачаа улам л нэмэгдсэн. Олон төрлийн татвараас эхлээд банкны шимтгэлд хүртэл дарлуулж амьдарна.

Инфляци өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улам л ядуурсаар байна. Үүний жишээ бол Дондов. Дондов сард 400 мянган төгрөгийн цалин авдаг. Хэдэн жилийн өмнө амьдралд нь хүрэлцдэг байсан Дондовын цалин өнөөдөр арай хийж хоногийнхоо хоолыг залгуулахад зориулагдах болжээ. Тэрбээр цалингаа өөрөөсөө ч харамлан картандаа хадгална. 500 төгрөгөөр унаанд суухын оронд хэдэн буудал газар алхана. Гэтэл өөрөөсөө харамлан байж уван, цуван авдаг мөнгөнөөс нь банк 100-300 төгрөг хумслана. Өөр банкны АТМ-аас мөнгө авахаар бол 500 төгрөг дэнчинд нь тавина. Бүр болоогүй Дондов эхнэр рүүгээ банкны теллерээр дамжуулан хэдэн төгрөг шилжүүлэхээр бол 2000 төгрөгийн шимтгэл төлнө. Ийнхүү Дондов банкны шимтгэлд сард дор хаяж 10000-15000 мянган төгрөг төлөх жишээтэй. Өнөөдөр Дондов шиг амьдралтай хүмүүс нийгмийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Дэлгүүрээс худалдан авалт хийх, гадуур хоол идэх, ямар нэгэн үйлчилгээний газраар үйлчлүүлэх бүртээ картаа ашигладаг. Өнөөдөр бараг бэлэн мөнгөөр тооцоо хийдэг хүн ховор болсон. Тэгэхээр банкууд иргэдийн картны шимтгэлээс овоо ашиг олдог нь тодорхой. Мэдээж гадаадын улс орнуудад шимтгэл авдаг тогтолцоо бий. Гэхдээ манайд арай дэндээд байна уу даа гэж хэлэх гээд байгаа юм. Иргэд ч мөн үүнд гомдолтой явдаг боловч яаж ч чаддаггүй. Үүнийг нь зохицуулдаг байгууллага ч өнөөдөртөө Монголд алга. Монголбанкнаас тодорхой журам гаргадаг ч арилжааны банкуудад хатуу хориг тавьдаггүй юм билээ.Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны бан-куудаас хэдхэнийг нь сонгон ямар шимтгэл авдагийг нь сонирхуулъя. Арилжааны банкуудаас хамгийн ширэн нүүртэй нь “Хас” банк. 2014 онд  “Хас” банк хэрэглэгчдээ залилдаг байсан нь тогтоогдож байсан удаатай. Шударга өрсөл-дөөн, хэрэглэгчдийн төлөө газ-раас тус банкинд шалгалт хийхэд бусад банкнаас хоёр дахин их мөнгийг иргэдээс шимтгэл, хураамж нэрээр авч байсан нь илэрч байв. Өдгөө энэ банкны шимтгэлийн арга барил ямар байгааг харъя. “Хас” банкны харилцагч бэлнээр зарлага гаргахаар бол 200 төгрөг төлнө. Харин банк хооронд бэлэн бусаар шилжүүлэг хийхэд 300 төгрөг, бэлэн мөнгө тушаах буюу бусад банк руу шилжүүлэг хийхэд 2000 төгрөг төлдөг юм байна. Хэрэв тус банкинд карт захиалахаар болбол жилийн хураамж 10000 төгрөгийг төлөх учиртай. Тэгвэл харилцах, хадгаламжийн дансны орлогын бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийхэд шимтгэлгүй, бэлэн бусаар зарлага гаргах,  шилжүүлэг хийхэд банк дотроо шимтгэлгүй байдаг юм байна. 
Төрийн өмчит банк болох “Төрийн банк”-ны шимтгэлийг сонирхоё. Банкны теллерээс бэлэн мөнгө авахад 300 төгрөг, байгууллага бэлнээр гүйлгээ хийвэл 1000 төгрөг, иргэн бэлнээр гүйлгээ хийвэл 500 төгрөг байдаг бол банк хоорондын гүйлгээ нь “Хас” банкнаас гурав дахин бага буюу 500 төгрөг. Харин АТМ-аас бэлэн мөнгө авахад 100 төгрөг,  АТМ-аас шилжүүлэг хийхэд 100 төгрөг,  бусад банкны АТМ-аас мөнгө авахад 500 төгрөг авдаг юм байна. Гадаадын банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад хэмжээнээс нь шалтгаалж хувь тооцож шимтгэл авна. Тухайлбал, виза карт 1.5 хувь, JCB карт 1.0 хувь, Юнионпей карт 1.5 хувийг шимтгэлтэй. Мөн бэлнээр тушааж буй рублийн 10, 50, 100-тын дэвсгэрээс  2,7 хувь, Английн фунт стерлинг, Японы иенээс 0.3 хувь, юаны 1-20-тын дэвсгэрт болон ам.долларын 1,2,5-тын дэвсгэртээс 2,0 хувийн шимтгэл, воны дэвсгэртээс 1.5 хувийн шимтгэлийг тооцож авдаг байна. 
Монголын номер нэг гэг-дэх “Хаан” банкны шимтгэл, хураамжийн тухайд теллерээс бэлэн мөнгө авахад 300 төгрөг, теллерээр банк хооронд гүйлгээ хийхэд 500 төгрөг, банк дотроо гүйлгээ хийхэд  300 төгрөг, АТМ-аас мөнгө авахад 1000-100000 төгрөгийн бол 150 төгрөг, 101000 төгрөгөөс дээш мөнгө авахад 200 төгрөг юм байна. Харин АТМ-аас шилжүүлэг хийхэд 100 төгрөг, АТМ-аас баримт авахад 50 төгрөг, олон улсын АТМ-аас мөнгө авахад 1.5 хувь, бусад банкны АТМ-аас мөнгө авахад 500 төгрөг,  бусад банкны АТМ-д үлдэгдэл шалгахад 100 төгрөгийг шимтгэл авдаг. 
Тэгвэл  “Голомт” банк телле-рээс бэлэн мөнгө авахад 200 төгрөг, АТМ-ээс мөнгө авахад 100 төгрөг, үлдэгдэл шалгахад 100 төгрөг авдаг бол “Худалдаа хөгжлийн банк” теллерээр банк дотроо шилжүүлэг хийхэд 300 төгрөг, дотоодын бусад банк руу бэлэн мөнгө тушаахад 2000 төгрөг, өөр банк руу бэлэн бусаар мөнгө хийх 300 төгрөг, АТМ-аас мөнгө авахад 100 төгрөг, тус банкны гэрээт банкны АТМ-аас мөнгө авахад 300 төгрөг, гэрээгүй бусад банкны АТМ-аас мөнгө авахад 500 төгрөг байдаг байна. 
Үүнээс гадна арилжааны зарим банкууд иргэдэд зээл олгохдоо “Үйл ажиллагааны зардал” гэх нэрээр шимтгэл авдаг. Банкуудын мөрдөж буй журмаар, нэг хувийн шимтгэл авлаа гэж бодоход нэг тэрбум төгрөгийн зээлд арван сая, хоёр тэрбум бол 20 сая төгрөгийн шимтгэл авах жишээтэй. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар  Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн” гэж үзэн шимтгэл авахаа зогсоох хугацаатай шаардлагыг арил-жааны банкуудад хүргүүлж байсан удаатай. Тэгвэл арилжааны банкуудын шимтгэлийн асуудлыг зөвхөн Монголбанк зохицуулдаг гэж дээр дурдсан. 
Монголбанкнаас “Монгол-банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий журам”-ыг жил бүр шинэчлэн тогтоодог байна. Энэ журмаар зөвхөн банк хоорондын аливаа төлбөр тооцоо, гүйлгээнээс зөвхөн Монголбанкны авах шимтгэлийн доод хязгаарыг тогтоож өгчээ. Үүн дээр нэмээд банкууд өөрсдийн үйл ажиллагааны зардлаа нэмж, шимтгэлийн хэмжээг тогтоож өгч болно гэж заасан байдаг байна.  Жишээ нь, Хаан банкны карттай иргэд  “Голомт” банкны  АТМ-аас мөнгө авахаар болбол 500 төгрөгийн шимтгэл төлдөг. Банк хоорондын гүйлгээ болж байгаа учраас Монголбанк тодорхой шимтгэл аваад, дээр нь тухайн гүйлгээг хоорондоо хийж буй банкууд өөр өөрсдийн зардлаа шингээснээр 500 төгрөгийн шимтгэл тогтож байгаа нь энэ юм. Монголбанкны хувьд АТМ-аар хийж буй банк хоорондын гүйлгээнээс 40-100 төгрөгийн шимтгэл авдаг байна. Үүнтэй адилаар иргэн, аж ахуйн нэгжийн банк хооронд хийж буй их дүнтэй гүйлгээнээс Монголбанк 300-1000 төгрөгийн шимтгэл  авдаг ажээ. 2015 онд Монголбанк банк хооронд хийж буй бага дүнтэй, цахим гүйлгээний шимтгэлээ 200 төгрөг байсныг 40 төгрөгөөр бууруулж 160 төгрөг болгожээ. Энэ талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Төв банкны хувьд банкууд хоорондын картын их болон бага гэсэн хоёр систем дээр банкууд хоорондын гүйлгээг явуулдаг. Картын хувьд Төв банкны бодлогын бэлэн бус төлбөр тооцоог дэмжинэ гэдэг үүднээс жил болгон картаар дамжуулж байгаа үнийг аль болох багасгах чиглэл рүү хандаж ажиллаж байгаа. Банкуудын хувьд өөрсдөө шимтгэлээ нэмдэг  асуудал бий. Үндэсний системийн хууль 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд “Төв банк шимтгэлийн дээд хязгаарыг тогтооно” гэсэн заалт байгаа. Энэ заалт хэрэгжээд ирэхээр асуудал шийдэгдэх байх. Төв банк аль болох бэлэн бус төлбөр тооцоог дэмжих, шимтгэлийг нь бага болгох тал дээр ажиллана” хэмээн хариулав. 
Тэгвэл банкууд шимтгэл, хураамжаа юунд зарцуулдаг вэ гэдэг нь сонин. Арилжааны банкууд хэлэхдээ “Иргэдэд үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө авсан шимтгэлээ эргээд иргэдэд үйлчлэх үйлчилгээндээ зарцуулдаг” гэдэг. Мөн АТМ-ын хэвийн үйл ажиллагааг хангах зардал, цалин, түрээс, унаа, программ хангамж, элэгдэл зэрэгтэй зардуулдаг гэж тайлбарладаг. “Голомт” банкнаас гаргасан мэдээллээр  нэг АТМ-ыг 45 сая төгрөгөөр худалдаж авдаг байна. Харин АТМ-аар гүйлгээ хийхэд гарч буй зардал нь  гүйлгээ тутамдаа 150 төгрөг байдаг гэнэ. Ямартай ч иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа сэдвийн нэг нь банкны шимтгэл. “Олны үг ортой” гэдэгчлэн банкууд иргэдээс авсан шимтгэлээр мөнгө завшиж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Бүх зүйл өөрчлөгдөхөд цаг хугацаа хэрэгтэй. Монголбанк ирэх онуудад арав гаруй хуульд өөрчлөлт оруулахаар болсноо мэдэгдэж буй. Дээрээс нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад AQR буюу активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн. Ийнхүү ирэх жилээс банкууд эмчилгээнд орох учиртай. Энэ эмчилгээний үр дүнд банкууд илүү энэрэнгүй, шударга, зөөлөн болно гэдэгт итгээд л сууж байхаас өөр арга алга даа

 

Үндэсний шуудан сонин