“Лантуун дохио” Төрийн бус байгууллага ”Ид шидийн орон” нэртэй есөн хэсгээс бүрдэх хүүхэд хамгааллын төвийг таван сарын дотор барьж чадсан. Харин улсдаа ганц байдаг  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын Х цогцолбор цэцэрлэг”-ийн барилгыг барих эсэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Барилга хот байгуулалтын яам зэрэг холбогдох газрууд таван жил хэлэлцэж байна.

Үйл явдлыг эхнээс нь сануулбал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын Х цогцолбор цэцэрлэг”-ийн барилга 1963 онд ашиглалтад орсноос 50 жилийн дараа буюу 2013 онд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр ашиглалтаас гарсан. Тухайн үед цэцэрлэг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт харъяалагддаг байсан тул нийслэлийн хөрөнгө оруулалтаар дахин  барихаар болж, 2014 онд зураг төслийг нь гаргасан байна. Удалгүй концессын гэрээгээр барих болж  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдэлд шилжсэн. Ийнхүү шинэ цэцэрлэгийг концессийн гэрээгээр барих барилгын жагсаалтад оруулсан байдаг. Ийнхүү гацсаар уг барилгыг өнөөдрийг хүртэл бүрэн нураагаагүй байна

ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ

айлын хаяанд тав дахь өвөлтэйгээ золгож буй сувиллын Х цэцэрлэгийн хаалгыг онгойлгохтой зэрэгцэн хамар цоргим эхүүн үнэр ханхийсэн нь хүүхдүүд бага зай талбайд хэт олуулаа байгаагаас гадна агааржуулалт маш мууг илтгэж байв. Ингээд цэцэрлэгийн ангитай танилцахад хааш хаашаа таван метр хэмжээтэй жижиг өрөөнд 40 орчим хүүхэд, хоёр ахлах багш, зургаан асрагч гэсэн бүрэлдэхүүнтэй зөрөх зайгүй шахам газар үйл ажиллагаа явуулж байв. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын Х цогцолбор цэцэрлэг”-ийн дунд бүлгийн багш Ц.Наранцэцэг “Тархины саажилт, дауны хам шинжтэй хүүхэд маш тайван орчин, нөхцөлд аз жаргалтайгаар эмчилгээ хийлгэж байж үр дүн гардаг. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал нэг ангид 40 хүүхэд хичээллэхээс өөр аргагүй болтол хүндэрсэн. Энэ цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүд  энгийн хүүхдүүдтэй адил "За одоо хоолоо идээрэй, сандалдаа суугаарай" гэхээр чаддаггүй. Манай төвийн багш нар хүүхэд нэг бүрийн онцлогт тааруулж, хөдлөхгүй байгаа гар, хуруу бүрт анхаарал хандуулан ажиллаж байж үр дүн гардаг. Өнөөдрийн энэ нөхцөлд эмчилгээ хийгээд хангалттай хэмжээний үр дүнд хүрнэ гэдэг хэцүү. Хамгийн энгийнээр л гэхэд нэг нь уйлахад бусад нь дагаад уйлдаг гэх мэт хүүхэд амархан ядрах, ууртай болох зэрэг сөрөг тал сүүлийн жилүүдэд эрс ажиглагдах болсон. Ийм нөхцөлд бүх үйл ажиллагаа маш хүндрэлтэй явагдаж байна. Хүүхдийн өсөлт, хөгжилд ч сөрөг нөлөөтөй байгаа. Тиймээс бидэнд өөрсдийн гэсэн тохилог, том зай талбайтай, зориулалтын цэцэрлэг ус агаар мэт хэрэгтэй байна" гэсэн юм. Энэ төвд ажиллаж буй багш, үйлчлэгч, тогооч, харуул гээд бүх албан хаагч хүүхэд нэг бүрийн онцлогт тааруулж ажиллахаар хичээж байгаа нь "Багшаа та намайг мэдэх үү" булангаас харагдаж байлаа. Одоо харин тэдэнд стандартад нийцсэн цэцэрлэгийн барилга л дутагдаж байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилалын Х цогцолбор цэцэрлэг”-ийн нийгмийн ажилтан С.Энхбат “Бид хүүхдүүдийг хэдэн цаг харж өгөх гэж энд ажилладаггүй. Хүүхэд бүрийн биеийн байдал сайжраасай, эрүүл болоосой гэсэн сэтгэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Цэцэрлэгийн удирдлагууд шинэ барилга, тоног төхөөрөмж гээд бүх хэрэглэгдэхүүнийг  тооцоолж үзээд шинэ цэцэрлэгтэй болоход 5,3 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Харин төр засаг үүнийг төсөвт суулгахдаа 2,5 тэрбум болгож танасан байна. 2,5 тэрбум гэдэг бол өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй. Гишүүд, төрийн түшээдүүд нэг удаа нөхцөл байдалтай танилцаагүй байж 2,5 тэрбум төгрөг хангалттай гэж үзэж байгаа нь сувилалын цэцэрлэгийг  энгийн хүүхдүүдийн цэцэрлэгийн хэмжээнд хүлээж авдагтай холбоотой.  Стандартад нийцсэн тоног төхөөрөмж, сургалтын байртай болсноор хүүхдэд цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм. Ингэж чадвал богино хугацаанд олон хүүхдэд хүрч ажиллана. Тархины саажилт дауны хам шинжтэй хүүхдүүд насан туршдаа нийгмээс ангид байна гэсэн үг биш. Ийм төрлийн эмгэгтэй  хүүхэд сэргээн засах эмчилгээнд хамрагдсанаар энгийн хүүхдүүдийн дунд суралцах бүрэн боломжтой болдог. Тийм учраас бидний зүгээс анх төлөвлөсөн 5,3 тэрбумын хөрөнгөөр барилга, тоног төхөөрөмжөө авах хүсэлтэй байгаа. Боловсролын сайд бидэнд хэлэхдээ “Сайдын багц гэж  байдаг, тэндээс үлдэгдэл хөрөнгийг шийдэх боломжтой” гэсэн. Бид энэ үгэнд их итгэл хүлээлгэж байгаа” гэсэн юм. 
Олон улсын стандартын дагуу тархины саажилт, дауны хам шинжтэй  хүүхдийг сэргээн засах эмчилгээнд  хамруулахдаа ганцаарчилсан эмчилгээний өрөө, зориулалт бүхий усан эмчилгээний өрөө гэх зэрэг тайвшрал, аз жаргал мэдрүүлэх орчин бүрдүүлэх ёстой байдаг байна. Харин манай улсад цор ганц байдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын Х цогцолбор цэцэрлэг” өнөөдрийн байдлаар  “Өнөр бүл” асрамжийн газрын  гурван ангид түр байрлах нэрээр таван жил боллоо. Ингэхдээ зай талбай байхгүй гэдэг шалтгаанаар зургаан ангийн 100 орчим хүүхэд гурван ангид хуваагдан суралцаж байна. Стандартын дагуу бол нэг бүлэгт 6-8   хүүхэд авах ёстой байдаг аж. 
Хүүхдүүд нэг ангид олноороо байгаагаас шалтгаалан хүчилтөрөгчийн дутагдалд орж амьсгалын замын өвчлөлд өртөх нь амархан болсон тухай багш нар хэлж байлаа. Тархины саажилт, дауны хам шинжтэй хүүхдүүдийн хувьд ганцаарчилсан сургалт, сэргээн засах эмчилгээ хамгийн чухал байдаг. Сэргээн засах эмчилгээ хийхийн тулд хүүхэд тус бүрт найман метрквадрат талбай хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр  ганцхан хүүхэд байх ёстой талбайд бүтэн анги хичээллэж байна. Энэ талаар тус цэцэрлэгт хамрагддаг охины Ээж 
Л.Байгалмаа “Манай хүүхэд дауны хам шинж гэсэн онштойгоор 2016 онд  Х цэцэрлэгт орсон. 
Энэ цэцэрлэгт хамрагдсаны үр дүнд биеэ дааж зогсдог, явдаг болсон. Ээж, аавуудын зүгээс энэ төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ тохирсон дасгал, хөдөлгөөн хийлгэж хөгжүүлж чаддаггүй. Энэ цэцэрлэгт хамрагдсанаар биеийн байдал нь сайжирч байгаад ээж хүний хувьд баярлаж явна. Харамсалтай нь цэцэрлэг сургалтад ашигладаг төхөөрөмжөө тавих зайгүй, дөнгөж тэргэнцрүүдээ тавиад л анги  нь дүүрчихдэг. Сэргээн засах эмчилгээ хийлгээд алхаж сурч байгаа хүүхдэд алхах зай талбай, тэргэнцэртэй хүүхэд өөрөө тэргэнцрээ хөдөлгөөд эргэж тойрох боломж байхгүй байгаа нь багш нарын тэр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж үр дүнг удаашруулж байна” гэсэн юм. 


Цэцэрлэгийн барилга барих асуудал удааширч байгаагаас шалтгаалан орчин, нөхцөл, хүүхэд хүлээн авах хүчин чадал муудаж байгаад олон хүн гомдолтой байгаа юм. Энэ талаар өөр нэгэн ээж С.Баялагмаа "Миний охин дөрвөн мөчний саажилттай Х цэцэрлэгт хамрагддаг байсан ч өнгөрсөн жилээс больсон. Ийм төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дархлаа маш сул байдаг. Нэг ангид олон хүүхэд байгаагаас шалтгаалан хүүхэд ханиад гэх мэт амьсгалын замын элдэв өвчин амархан тусаад байсан учир хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй байгаа. Охин минь төрөхийн хүндрэлээс болж дөрвөн мөчний саажилттай болсон. Сүүлийн үед төрөхийн хүндрэлээс шалтгаалсан саажилттай хүүхдийн тоо нэмэгдэж байгаад би их эмзэглэдэг.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг сэтгэл санааны хүнд дарамт шүү дээ. Миний охин нийгмийн гадна өсч байна гэж бодохоор л эх хүнийхээ хувьд сэтгэл их өвддөг. Швед, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдэд үзүүлдэг сэргээн засах эмчилгээ, нөхцөл боломж сайн байдаг юм байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ олон улсын жишигт нийцсэн  тэтгэмж өгдөггүй юм гэхэд ядаж стандартад нийцсэн цэцэрлэг барьж өгөөсэй л гэж төр засгаас хүсч байна. Миний охины ижил олон хүүхэд шинэ цэцэрлэгээ хүлээн гэртээ байсаар байна” гэв. 
Тархины саа, дауны хам шинжтэй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдсанаар мөлхөж чадахгүй нь мөлхдөг, явж чадахгүй нь явдаг, ярьж чадахгүй нь ярьдаг болж байгааг эцэг эх, багш асрагч нар хэлж байлаа. Ийм төрлийн эмгэгтэй  хүүхдүүд эрт оношлогдож, цэцэрлэгт хамрагдвал эдгэрэх магадлал өндөр байдаг байна. Харин цэцэрлэгийн байргүйгээс болж олон зуун хүүхэд эрүүл болох боломжоо өдөр хоногоор алдан гэртээ хүлээсээр л. Тэдгээр хүүхдийн харцнаас хүүхдийн жаргалтай инээд бус амьдрахын төлөөх тэмцэл харагдаж байсан юм. Тэдний хэн нь ч өөрийн хүслээр хөгжлийн бэрхшээлтэй болох хувь заяаг сонгоогүй. Тархины саажилт, дауны хам шинжтэй гэж оношлогдсон 1000 гаруй хүүхдийн хувь заяа стандартын шаардлага хангасан цэцэрлэгийн барилга хэзээ ашиглалтад орохоос шалтгаалж байна.

"А" ХЭСЭГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Айлын хаяанд үр дүн муутай, хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа явуулсан таван жилийн тухай давтан ярихаас илүүтэй дахин хэдий хугацаанд цэцэрлэгийн барилгыг хүлээх вэ гэдэг асуулт тэднийг зовоож буй биз. Энэ талаар БСШУСЯ-ны үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н. Отгонбаяр "БСШУСЯ Х цэцэрлэгийн барилгын ажлыг 5.3 тэрбумийн төсвөөр баригдана гэж Сангийн яаманд хүсэлт гаргасан. Харин УИХ-аас 2.5 тэрбумын төсөв баталж эхний ээлжинд 800 сая төгрөг олгохоор болсон. Яамны зүгээс анхны зураг төслийн дагуу буюу 5.3 тэрбумын төсвөөр цэцэрлэг барина гэсэн төлөвлөгөөтөй байгаа. Үүний тулд ирэх жил яаралтай барих барилгын жагсаалтад дахиад хүсэлт гаргана. Эхний ээлжинд бид энэ онд батлагдсан төсвөөр нэгдүгээр хэсэг буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн байрлах анги танхимаас бүрдсэн "А" байрыг барихаар төлөвлөж байна.

Тиймээс энэ хавар барилгын ажлыг эхлүүлж ирэх оны есдүгээр сард ашиглалтад оруулна гэж төлөвлөөд байна" гэв. Нийт гурван хэсгээс бүрдэх таван давхар цэцэрлэгийн барилгын эхний хэсэг 2018 оны хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн ашиглалтад орно гэж яамны мэргэжилтэн хэллээ. Тиймээс бид газар гэсэхтэй зэрэгцэн эхлэх цэцэрлэгийн барилгын ажлыг чих тавин хүлээх л үлдлээ.

Үндэсний шуудан сонин