Улс орны хамгийн чухал салбарын нэг бол Боловсролын салбар. Иргэдийн мэдлэг боловсролыг хөгжүүлснээр улс орны хөгжил ч үүнийгээ даган чанаржина.

Манай улсын хувьд харин Боловсролын салбарт хэр байгааг одоогийн нийгэм харуулж байгаа болов уу. Ер нь бол Монголын ардчилсан нийгмийн эхэн үеэс буюу 1990-д оны үеэс  боловсролын салбар туршилтын салбар болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Боловсролын чанар нь дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадавхийн индекст нэг чухал хүчин зүйл болдог байна. Иймд манай боловсролын үзүүлэлт сайн байвал, энэ нь манай улсын өрсөлдөх чадавхийн ерөнхий индексийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болох учиртай байв.

 “The Global Competitiveness Report” улс орнуудын ерөнхий индексийг гаргахдаа тус үзүүлэлтэд чухал хүчин зүйл болох боловсролын чанарыг дангаар нь үнэлж, эрэмбэлдэг ажээ.

 “The Global Competitiveness Report: 2013-2014” тайлангаас харвал, Монгол Улс боловсролын чанараар маш доогуур байранд эрэмблэгдсэн байна. Тус тайланд мэдээлснээр, Монголын бага боловсролын чанар 148 орноос 91 дүгээр байранд, харин үүнээс дээшхи шатны боловсролын системийн чанар нь сүүл мушгиж 137 дугаарт эрэмблэгджээ (The Global Competitiveness Report, 281 дүгээр тал).

Харин одоо энэ үзүүлэлт хэр сайжирсан бол гэдэгт тийм ч итгэлтэй бус л байна. Манай улс бусад орны туршлагыг ихээхэн туршин хэрэгжүүлдэг. Үүнийгээ тууштай хэрэгжүүлэх ч мөн тун ховор.

Энгийн жишээ гэвэл дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлт билээ. Уран зохиолын хичээлийг хассан. Хүүхэд багачуудыг багаас нь номын амт шимтэнд оруулж ном унших арга дадалд сургадаг, улмаар тэдний үгийн баялгийг арвижуулж, ёс суртахууны болон гоо сайхны хүмүүжил олгодог байсан "Унших бичиг” /үг хөгжил/ хичээлийг нэгтгэх нэрээр "хассан” .

 Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр Боловсролын дидактикийн шинэчлэлд "нэгдмэл хичээл”, "хичээл хоорондын холбоо”, интеграц нэрийн дор бага ангид урд өмнө үздэг байсан "Унших бичиг” хичээлийг монгол хэлтэй нэгтгэсэн юм.

Мөн 2012 оноос Боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангид энэ хичээлийн оронд "Ёс суртахуун” гэх хичээл орох болсон. "Ёс суртахуун” гэсэн бие даасан хичээл байх эсэх нь үнэхээр эргэлзээтэй асуудал юм.

Хүүхдийг номын амт шимтэнд оруулдаг байсан "Унших бичиг” хичээлийг хасчихаад /нэгтгэчихээд гэж ярих нь зөв байх/ "Ном” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр болжээ. Багадаа ном уншаагүй хүүхэд том болоод уншихгүй, зүйрлэвэл, "уургандаа цадаагүй хурга төлөг болтлоо майлдаг”-тай үлгэр адил юм.

Өндөр хөгжилтэй орнуудын жишээнүүдийг харж байхад нэг зүй тогтол байдаг нь анзаарагдсан. Хүүхэд болгон 4-5 настайдаа үлгэр яриулах сонирхолтой байдаг. Яг үүн дээр нь дөрөөлөөд хэрэгтэй мэдээллийг нь өгдөг. Гэтэл манайд зургаа хүртэлх ангид уран зохиолын хичээл хасагдсан. Долдугаар ангийн хүүхдүүдэд уран зохиолын хичээл ороход юм хүлээж авах үе нь аль хэдийнэ өнгөрчихсөн байдаг. Тэр үеийн хүүхдүүд өнөөдөр интернэтээр олон нийтийн сүлжээнд орж, компьютер тоглодог. Манайд монгол хэл, уран зохиолын хичээл хоёр хамт байх ёстой гээд ганцхан цаг ордог. Гэтэл Америкт энэ нь дөрвөн хичээл болж ордог. Уншлагын хичээл нь гэхэд хоёр бөгөөд нэг цаг дээр багш нь өөрөө ном уншиж өгдөг. Уншиж бичүүлж сургахаасаа илүү хэрэгцээтэй мэдээллийг нь өгдөг юм байна. Яагаад гэхээр хүүхдийн хүлээж авах хөрс нь бэлэн болчихсон байдаг нас нь. Ийм туршлага байна. Дөрөв хүртэлх ангийнхан багшаараа уншуулдаг. Бичгийн хоёр, уншлагын хоёр цагтай байх жишээтэй. Энэ бүхэн манай боловсролын тогтолцоонд байхгүй.

 

Үүнээс гадна бага ангийн боловсрол олгох шинэ хөтөлбөр буюу зургаан настануудын анги. Цэцэрлэгт тоглон нааддаг байсан нас одоо бол сургуулийн сурагчийн нас болжээ.

Ихэнх улс оронд хүүхдүүд нь зургаан насанд сургуульд элсдэг гэх боловч үнэндээ сургуулийн нас нь улс орнуудад, түүний дотор бидний хөгжингүй гэж магтдаг улс оруудад ч харилцан адилгүй юм.

 Тухайлбал, Англид хүүхдүүд нь 4 наснаас сургуульд явж болох бол Финляндад бага сургуульд элсэх нас зөвхөн 7-8, харин Швейцарьт 7 ажээ.

2008 онд Монголд сургуулийн нас 7-8 байсныг 6 болгосон юм. Тухайн үед эрх баригчдын хэлснээр нь энэ нь боловсролын “лут том” шинэчлэл байсан гэнэ. Шинэчлэлийг сайжруулахын тулд хийдэг. Гэвч тэр цагаас хойш Монголын боловсрол сайжирч, цэгцэрсэн үү? Монгол хүүхдийг 6 наснаас сургуульд явуулах нь ерөөсөө “боловсролын шинэчлэл” мөн үү? Тэр үед хүүхдийн насаар оролдохоос өөр хийх зүйл байгаагүй гэж үү?

Өнөөдөр “Зөв монгол хүүхэд” гэх мэт сүржин нэртэй “шинэчлэл” явуулж байгаа гэх боловч “боловсролын бодлого”-оо зөв болгох, алдааг засах тухай төдийлөн ярьсангүй.

Монголчуудыг нүүдэлчин ард түмэн гэдэг. Энэ ч утгаараа хүүхэд бүрийн хүмүүжил, өсч торниж буй орчин өөр. Амьдралын бололцоотой айлын хүүхдүүд л арай өөр орчинд өсөх нь дамжиггүй. Харин хөдөөний зарим айл болоод хотын захад зурагт ч байхгүй нөхцөлд өссөн жаалууд соёлын “шоконд” орох нь мэдээж. Ийм орчныг хаа байсан өндөр хөгжилтэй орны сургалтын стандарттай харьцуулж, үүний хохирогчоор нь зургаан настнуудыг сонгох ч гэж дээ.

Дараагийн асуудал бол сургуулийн байрны хүчин чадал болон гуравдугаар ээлжнийхэн буюу Шөнийн ангийнхан юм.

Сургуулийн барилга хүрэлцээгүйн улмаас нийслэлд энэ жил 20 гаруй сургууль өдрийн гурван ээлжээр хичээллэж байна. “Нийслэлийн хэмжээнд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэлтэй байдаг. Харин эдгээрээс энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй, хичээл сургалт явуулах боломжгүй 5-6 сургууль бий” гэдгийг албаныхан хэлж байсан.

Тиймээс зарим сургуулийн сурагчид өөр сургуулийн хаяа бараадан хичээллэж байна. Сурч мэдэхийн төлөө айх цочихыг умартсан багачууд орой 20:00 цагийн орчимд, зарим нь бүр шөнийн 22:00 цагт гэрийн бараа харж байна.

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын ихэнх нь өнөөх л хотын захын хорооллын багачууд гэнэ.

Тэдний хувьд ингэж оройтож хичээлэхийн хажуугаар ид утааны голомтод амьдарч, яг л утаа ид гарах үеэр хичээлээ тарж байгаа нь багачуудын хувьд эрүүл мэндийн ноцтой асуудал гэдгийг холбогдох албаныхан анхааралдаа аваасай. Энэхүү орой ээлжийн хуваарилалтад голдуу 1-4-р ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.

Энэ мэтээр БОЛОВСРОЛын салбарын болохгүй байгааг тоочоод баршгүй. Энэ бол зөвхөн бага болон дунд сургуулийн асуудлууд. Цаашлаад чанаргүй их дээд сургуулиудын тоо гээд тоочоод барамгүй баримтууд байна.