Deliberamo ergo sumus

Ардчиллын инноваци

Сүүлийн жилүүдэд deliberative democracy - зөвлөлдөх ардчилал, deliberative polling - зөвлөлдөх санал асуулга гэх ойлголтууд улс төрийн орчинд идэвхтэй эргэлдэх болсон билээ. Римийн эрхзүйн толь бичгээс уламжлагдан ирсэн “deliberation” гэх латин үг нь “эргэцүүлэх”, “зөвлөлдөх”, “эсрэг тэсрэгийг дэнслэх”, “зөвлөлдөөн явуулах” гэсэн утгуудыг илэрхийлдэг байжээ. Бүр анхлан МЭӨ I зуунд амьдарч байсан Римийн найрагч Публий Сир эрхзүйн суурь зарчмын талаар “Deliberandum est diu quod statuendum est semel” гэсэн мөр бичиж үлдээжээ. Үгчилэн орчуулбал, “Урт хугацаанд орших үйлийг бүтээх гэж байгаа бол тэр талаараа хангалттай хугацаанд эргэцүүлэн зөвлөлдөх хэрэг­тэй”.

Шинэ зүйл гэдэг нь сайтар мартагдсан хуучин санаа байдаг бөлгөө. Ардчиллын орчин цагийн үзэл баримтлалын хувьд энэ нь Жон Дьюигээс эхтэй санаа бөгөөд орчин цагт энэхүү онолыг Жозеф М.Бессет, И.Коген, К.П.Рипп, Ю.Хабермас, С.Бенхабиб, Д.Коэн, Ж.Роллз, Ж.Фишкин нарын судлаачид хөгжүүлэн дэлгэрүүлж байна.

Ардчилал 2.0 буюу зөвлөлдөх ардчиллын суурь нь иргэдэд идэвхтэй зөвлөлдөх, эсрэг тэсрэгийг дэнслэн бодох, үр дүнтэй шийдвэр гаргахын төлөө сайтар эргэцүүлэх боломжийг олгодог нэгэн зүйл нийгмийн салбарын инноваци билээ.

Төлөөллийн ардчиллын гажуудал

Ардчилал буюу олонхийн засаглалыг хэрэгжүүлэх хоёр загвар бий.

Төлөөллийн ардчилал (иргэд сонгосон төлөөллөөрөө дамжуулж засаглах)

Шууд ардчилал (иргэд засаглалын шийдвэрт шууд санал хураалтаар оролцох)

Саяхан болтол төлөөллийн ардчиллыг орчин цагийн төрийн үндсэн асуудлуудыг шийдвэрлэхэд тохиромжтой загвар гэж үзэж байлаа. Иргэд сонгогчид өрсөлдөөний зарчмаар өөрсдийн төлөөллийг сонгоод, сонгосон төлөөлөлдөө тодорхой хугацаанд өөрсдийнх нь нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх олгодог энэ загвар харамсалтай нь өөрийн чадамжийг улам бүр алдаж, иргэдийн итгэлийг төрүүлэхээ больж байна. БНСУ-д сонгогдсон Ерөнхийлөгчид нь байнга авлига, албан тушаалын хэрэгт орооцолдох нь зуршил шахуу болсон. Энэ нь сонгогдсон төлөөлөлдөө итгэх итгэлийг сулруулах гол хүчин зүйл болоод байгаа юм.

Иргэдийг төлөөлж сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхийн хугацаандаа өөртөө давуу тал олж авахад төлөөллийн мандатаа ашиглахыг илүүтэй бодож, тэр ч бүү хэл сонгогдохоосоо өмнө сонгогдвол төрийн албан тушаалыг арилжих, үнэлэн худалдах талаар үгсэн хуйвалдсан, авилга хээл хахуулийн аалзны тор үүсгэхээр зөвлөлдөх хүртэл гажуудсныг “60 тэрбумын” гэх дуулиан харуулдаг.

Монгол бол Үндсэн хуулиараа төлөөллийн ардчиллын засаглалтай орон. Гэтэл төлөөллийн ардчилалд нь гажуудал нүүрлэснээс Гүйцэтгэх засаглал нь чадамжаа алдаж, Хууль тогтоох засаглалд итгэх иргэдийн итгэл ихэд суларсан, Шүүх засаглал нь улс төрийн нөлөөнд автчихсан, засаглал бүхэлдээ шийдвэрийн гуйланчлалд автсан гацааны нийгэм болжээ.

Шууд ардчиллын сүүдэр

Шууд ардчилал нь иргэн бүрийг шийдвэр гаргалтанд оролцуулах гэдэг сайн талтай ч энэ нь цаг хугацаа, санхүүгийн хувьд хүнд тусдаг. Сонгуулийн насны 1 сая иргэнийг нэг дор цуглуулах боломж хэзээ ч гарахгүй, тийм болохоор бичгээр санал асуулга явуулах болдог. Тэр нь урт цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардна. Нөгөө талдаа иргэн бүрт аливааг сууриар нь ойлгож, зөв шийд гаргах чадвар заяагддаггүй. Тэдэнд мэдээлэл дутдаг, зөвлөлдөх нөхцөл тэр бүр олддоггүй.

Төлөөллийн ардчиллын чадамж буурахын хэрээр шууд ардчиллын зарим хэрэгслийг ашиглах оролдлого гарч байлаа. Үүний нэг нь бүх нийтийн санал асуулга - референдум юм. Харамсалтай нь санал асуулга бүр асуудлыг шийдэж чадахгүй болохыг Их Британид явагдсан Brexit, Италид Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар жил бүр 500 сая евро хэмнэх эсэх санал асуулгууд бүтэлгүйтсэн явдал харуулдаг. 

Референдум нь зарим талаараа Засгийн газрын зүгээс маргаантай асуудлуудыг шийдэхдээ хялбарчилж, товчлох мэх болоод байгаа билээ. Үүний тод жишээ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд гар утас, интернэт сайт ашиглан 2 зүйл асуултыг бүх нийтийн санал асуулга хэлбэрээр явуулсан болж, иргэдийн олонхийн дэмжлэгээр шийдвэр гаргасан гэдэг дүр эсгэхээр оролдсон. Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо нь насанд хүрсэн иргэдээсээ давчихсан үзүүлэлттэй улсад нэг сонгогч - нэг санал гэдэг зарчим хэрэгжихгүй нь тодорхой. Хоёрт, шийдвэрлүүлэхээр тавьж байгаа асуултууд нь маш ерөнхий, хариулах иргэд нь ямар ч мэдээлэлгүй байсан учраас ердийн заль мэх болоод л өнгөрсөн юм.

Засаглалын зүгээс иргэдийн саналыг авдаг уламжлалууд монголд байсан. Социализмын үед санал хүсэлтийн хайрцаг, нэргүй шуудан зэрэг аргаар санал авдаг байсан ч их төлөв хов, матаас эсвэл хувийн чанартай хүсэлт зонхилж байжээ. Одоо цагт гар утасны мессэж, веб сайт, тусгай утас, эсвэл саналын хайрцаг байрлуулах замаар иргэдийн санал хүсэлтийг авдаг болсон. Гэтэл эдгээр аргууд нийт иргэдийг төлөөлөх чадамжгүй. Зөвхөн идэвхтэй  болон зорилтот хэсгийнхний оролцоог л хангадаг. Ийм аргууд нь төлөөллийн чадамжийг бус идэвхийлж санал өгсөн хүмүүсийн тоог чухалчилдаг. Нээлттэй хэлбэрээр явуулсан санал асуулгад ихэвчлэн бухимдуу, шүүмжлэлтэй хандсан хэсэг л оролцох нь түгээмэл.

Автократ дэглэмтэй улсуудад санал асуулгыг сонгогчдыг жолоодох хэрэгсэл болгон ашигласан жишээ: 2016 онд Тажикистанд Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг бүх насаар нь албан тушаалд нь мөнхлөх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явагдаж сонгогчдын 99,6%  нь “дэмжжээ”. Ийм өндөр хувь нь уг санал асуулгад итгэх итгэлийг үгүй хийж байгаа юм.

 

Зөвлөлдөх технологи

Ардчиллын үнэ цэнэ нь төрийн шийдвэрт олон нийтийн санаа бодлыг тусгахад оршдог. Гэтэл иргэдийг төлөөлөх нэр доор хэсэг бүлэг хүмүүс дураар авирлаж байна. Нийт иргэд зөв мэдээлэл, мэдлэггүй байгаагаас турхирсан үг ярианд автах, сонгосон төлөөлөл, төр засгаа үзэн ядах, хийрхэх нь түгээмэл болж ямар ч эрүүл санаа бодлыг сонсохоо больсоор байна.

Мэдээлэлгүй иргэд аливаа асуудалд сохроор хандаж, өнгөц мэдээлэлдээ тулгуурласан дүгнэлт хийдэг. Хэдэн жилийн өмнө АНУ-д Олон нийтийн харилцааны тухай хуулийг хүчингүй болгох эсэх талаар санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 78 хувь нь энэ хуулийг хүчингүй болгохыг дэмжив. Конгрессийн гишүүн хүртэл “Олон нийтийн харилцааны хуулийг хүчингүй болгохыг дэмжиж байгаагаа” илэрхийлэн олны өмнө үг хэлж байжээ. “Вашингтон пост” сонин “Олон нийтийн харилцааны тухай хуулийн 20 жилийн ойг тэмдэглэнэ” нэртэй нийтлэлийг хүртэл гаргаад амжсан. Гэтэл бодит байдал дээр АНУ-ын Олон нийтийн харилцааны тухай хууль гэж огт байгаагүй. Энэ нь олон нийт мэдээллийг нягталдаггүй, шалгадаггүй зүгээр л хийрхэлд автдгийг нотлох туршилт байсан юм.

Иргэдийг мэдээлэлжүү­лэхийн давуу талыг япончууд харуулсан юм. 2011 оны тав­дугаар сард Японы Засгийн газар Хэрэглээний татварыг нэмэгдүүлэхээр зэхэж бай­гаа­гаа мэдэгдэхэд маш их эсэргүүцэл нийгэмд бий болов. Иймд Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, иргэдийг мэдээлэлжүүлэн, эсрэг тэсрэг байр суурийг танилцуулсны эцэст санал хураахад олонхи иргэд Хэрэглээний татварыг нэмэгдүүлэхийг дэмжжээ. Чухамдаа зөвлөлдсөний үр дүнд япончууд ирээдүйд учрах эрсдлийг ойлгож, хуулийг дэмжсэн юм.

Хятадын нийгэм хэдий авторитар дэглэмтэй гэгддэг ч шийдвэр гаргах үйл явцдаа энэ инновацийг нэвтэрүүлж, тодорхой асуудлуудаар иргэдийнхээ дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулдаг стандарттай болоод байна. Шанхайн орчмын Zeguo сууринд явагдсан Зөвлөлдөх санал асуулгын үеэр хятадын улс төр судлаач Yu Ping “Орчин үеийн Барууны ардчиллын онол, практикийн сүүлийн ололт, инноваци болох Зөвлөлдөх ардчилал нь иргэдэд эрх тэгш харилцан яриа, зөвлөлдөөн, хэлэлцүүлэг эргэцүүллийн за­маар төрийн шийдвэр, улс төрийн амьдралд оролцох өргөн боломжийг нээж байна. Нийгмийн зөвлөлдөөн, харилцан ойлгол­цол нь шийдвэр гаргах ардчилсан явцын салшгүй хэсэг юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Улс оронд тулгарсан томоо­хон асуудлуудыг иргэ­дийн оролцоотойгоор, туйлш­ралгүйгээр, нийтийн эрх ашигт нийцүүлэн, шударгаар шийдэх улс төрийн аргачлал бол “Зөвлөлдөх ардчилал” юм. Хүн төрөлхтөн одоогоор үүнээс дээр аргыг бодож олоогүй байна. АНУ, Австрали, Япон, Европын холбооны хөгжингүй улс орнууд төдийгүй Эстон, Хонгконг, Макаогийн тусгай бүс, Бразилд Зөвлөлдөх ардчиллыг идэвхтэйгээр ашиглаж, хөгжүүлж байгаа юм. 

Ардчилал 2.0 буюу зөвлөлдөх технологийн гол зүйлс

Төлөөллийн ардчиллын сул талыг нөхөх гэж хүн төрөлхтөн янз бүрээр оролдож ирсний дүнд гаргасан инноваци нь Ардчилал 2.0 буюу зөвлөлдөх ардчилал юм. Зөвлөлдөх ардчилал нь төлөөллийн ардчиллыг дэмжих, сул талыг нь нөхөх зорилготойгоос бус дангаараа засаглалыг бүрдүүлэх, хэрэгжүүлэх механизм болж чадахгүй. Шийдвэр гаргах явцад иргэдийг татан оролцуулах, тэднийг бүрэн мэдээлэлжүүлэн зөвлөлдөх замаар гаргасан шийдвэр нь амь бөхтэй, эрс­дэлгүй учраас Зөв­лөлдөх ардчиллыг төлөөллийн ардчиллын амь тариа гэж үзэх нь ч бий.

Зөвлөлдөөнийг чанартай явуулахын тулд тодорхой технологи дарааллыг баримтална.

- Юуны өмнө бүх иргэд бус санамсаргүй түүврээр сонгогдсон, магадлалын томъёогоороо нутаг дэвсгэрт байгаа нийт иргэдийг төлөөлөх хэмжээний иргэд зөвлөлдөөнд оролцох ёстой. Одоо байгаа практикт орон нутгийн нэгж дээр хурал зарлаад иргэдийг өргөнөөр оролцохыг уриалдаг. Ажилгүй, цаг завтай, эсвэл тусгайлсан зорилт өвөртөлсөн иргэд л хуралд оролцдог. Энэ нь зөвлөлдөөний чанарыг шууд унагаж, гарч байгаа шийдвэр олонхи иргэдэд таалагдахгүй болох магадлалыг үүсгэдэг. Тусгайлсан зорилт өвөртлөсөн бүлэг хурлыг үймүүлэх, хэрүүлийн талбар болгох эрсдэл ч байдаг. Ноён уулын асуудлаар орон нутагт болон Иргэний танхимд болсон хурлууд тусгайлсан зорилт тавьсан иргэн О.Цэрэнадмид, Босоо хөх монгол бүлгэм, УИХ-ын гишүүд давамгайлсан бүтцээр явагдаж шийдвэр нь маш ойлгомжгүй болох, хэрүүл өрнөөд аль ч үгүй тарах зэргээр явагдаж байлаа. Зүй нь хурлыг санамсаргүй түүвэрт тулгуурласан ирцээр бүрдүүлж эсрэг тэсрэг байр суурийг хангалттай хэмжээнд танилцуулаад, дараа нь эрүүл хэлэлцүүлэг, зөвлөлдөөн хийх ёстой байсан юм.

- Зөвлөлдөөнд түүврээр сонгогдсон иргэдэд хэлэлцэгдэх асууд­луу­даар тэнцвэртэй, хангалт­тай мэдээллийг өгнө. Мэдээлэл­жүүлэхдээ эсрэг тэсрэг байр суурь, шүүмжлэлт санаа бодлыг ч сонсгоно. Товчхондоо иргэдээ бүрэн мэдээлэлжүүлнэ.

Мэдээлэлжсэн иргэд жижиг бүлгүүдэд хуваагдан бүлэг дотроо бичил хэлэлцүүлэг зөвлөлдөөн явуулна. Хүлээж авсан эсрэг тэсрэг мэдээллүүдээ дэнслэн, цэгнэх, санал солилцох явц энд өрнөж байгаа юм.

Үүний дараа нийт оролцогчид тусгайлан бэлтгэсэн асуулгын хуудсаар саналаа нууцаар өгнө.

Санал асуулгын дүнг нэгтгэж, олонхийн шийдвэрийг нийтэд мэдээлснээр Зөвлөлдөх үйл ажиллагаа дуусна. 

Ийм технологи дарааллаар явагдсан санал асуулга нь сэтгэл хөдлөлөөс ангид маш эрүүл, бодитой шийдвэр гаргадаг нь нотлогдсон. Санал асуулгыг ганц удаа биш эхлээд төсөл, саналаа танилцуулах үед, дараа нь тухайн асуудлаар шийдвэр гаргахын өмнө давтан санал авах зэргээр баталгаажуулах шаардлагатай байдаг.

Нийгэм хоёр талд хуваагдан талцаад суулгүй, мэдээлэлгүй хэсгийг мэдээлэлжүүлэн санал асуулгад татан оруулж, туйлшрахаас илүүтэй зөвлөлдөж сурвал ардчиллыг “амьд” байлгаж чадна. Монголд шийдвэрлэгдэхгүй удсан, шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа бөгөөд эдгээрийг зөвлөлдөх ардчиллал хэмээх инновацийг ашиглан шийдэх бүрэн боломж бий.

 Г.Мөнгөнчимэг

Queensland-ын Их сургуулийн магистр