УИХ-ын нэгдсэн чуулганаарирэх жилийн төсвийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас Монгол улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт хийжээ. Дүгнэлтийг хүргэж байна.

Засгийн газраас 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх зорилтын хүрээнд 2019 оны төсвийн төслийг боловсруулсан байна.

 Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүн /цаашид ДНБ гэх/-ий 27.4 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.4 хувьтай тэнцэхээр төсвийн төсөлд тусгасан байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснийг 2018 онд батлагдсан дүнтэй харьцуулахад 647.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ. . Нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2019 онд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргалтаас 252.2 тэрбум, гадаад төслийн болон хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрээс 823.7 тэрбум, Ирээдүйн өв сан /Хүний хөгжил сан/-гийн авлагын барагдуулалтаас 465.4 тэрбум, Ирээдүйн өв сангаас 50.0 тэрбум, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс 322.0 тэрбум, нийт 1,913.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020- 2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар төсвийн тогтвортой байдлыг хангах үндсэн 9 шалгуур үзүүлэлт баталснаас 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд 5 нь хангагдаагүй байгаа боловч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 192.5 тэрбум төгрөгөөр бууруулж -1,913.3 тэрбум төгрөг байхаар тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувийг 1.5 пунктээр бууруулж -5.4 хувь болгон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцүүлсэн байна.

Татварын орлогыг 2019 оны төсвийн төсөлд 2,316.8 тэрбум төгрөг буюу 37.0 хувиар өсөхөөр тооцоолсон нь сүүлийн 9 жилийн дундаж өсөлтөөс 5.2 дахин их бөгөөд уул уурхайн салбараас орох орлогыг бүрэн дайчилсан гэж үзээд орлого нэмэгдүүлэх саналгүй байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд саарах чиг хандлага болон экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, цайр, газрын тосны үнэ буурах төлөвтэй байгаа, нүүрсний борлуулалтын тоо хэмжээг өмнөх оны төлөвлөгөөнөөс 9.8 сая тонн буюу 30.4 хувиар нэмэгдүүлэн өөдрөгөөр тооцсоноос төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байх, төсвийн нийт дүнд эрсдэл бий болох магадлалтай байна.

Нэгдсэн төсвийн тэнцлийг сайжруулах хэрэгцээ шаардлагыг үндэслэн тэвчиж болох, 2018 оны гүйцэтгэлийн түвшинд барих зардлуудыг ач холбогдлоор эрэмбэлж ангилан, 2019 оны төсвийн төсөл боловсруулахад баримталсан зарчимтай нийцүүлэх нь зүйтэй байна.

Төсвийн төлөвлөлт, төрийн албан хаагчийн орон тоо, цалингийн сангийн мэдээлэл бүхий нэгдсэн цахим системийг бий болгож, зардал хэмнэх нөхцөл бололцоог судалж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын ихэнх төсөл, хөтөлбөрүүд нь Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу нийгэм, эдийн засгийн ач холбогдлоороо эрэмбэлэгдээгүй, улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлоготой уялдаагүйгээс 2018 оны Төсвийн хүрээний мэдэгдлээс давсан, төсвийн хязгаарыг баримтлаагүй, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөх хуулийн шаардлага хангаагүй байгаа нь цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого боловсруулж, төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэх шаардлагатайг харуулж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалтын бус төсөл арга хэмжээг төлөвлөх, түүний эх үүсвэрийг давхардуулах эрсдэл байгаа тул хөрөнгө оруулалтын нэгдсэн программ хангамжтай яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна.

 

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ:

• Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөл нь төсвийн хүрээний мэдэгдлээс төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг бууруулж, төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөвлөсөн байна.

• Макро эдийн засгийн төсөөлөл, гадаад, дотоод хүчин зүйлсийг үндэслэлтэй тооцоолохгүйгээр дунд хугацаанд баримтлах Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, баталж байгаагаас уг баримт бичгийг богино хугацаанд өөрчилж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн ач холбогдлыг бууруулж байна.

• Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар Улсын Их Хурлын анхааралд толилуулсан Төсвийн тогтвортой байдал хангагдахгүй байгаа талаарх удаа дараа давтагдаж буй зөрчлийг Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг батлахдаа бүрэн залруулж, зөвлөмжийг цаашид жил бүрийн төсөвт баримталж, мөрдөж хэвших шаардлагатай байна.

ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ:

• Хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг эдийн засгийн зардлын зүйл ангитай уялдуулан хүрэх үр дүн бодлого чиглэлийг баримталсан төсвийн төслийг боловсруулж байх.

• Улсын болон орон нутгийн төсвийн хоорондын харилцааг боловсронгуй болгох.

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрх хэмжээ зэрэг асуудлыг нарийвчлан судалж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх, үр дүнгийн гэрээнд тусгаж байх;

• Tөсвийн тогтвортой, нэгдмэл байдлыг хангахад анхаарч, бүх шатны төсвийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэхэд хууль, тогтоомж, дүрэм, журмын шаардлагыг мөрдөх, хариуцлага тооцох механизмыг сайжруулах, үр дүнг тооцох;

• Зураг төсөвгүй, техник эдийн засгийн үндэслэлгүй төсөл арга хэмжээг төсөвт тусгахгүй байх, зөрчсөн албан тушаалтанд тооцох хариуцлагын арга хэмжээг хэрэгжүүлэх;

• Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэн төсөвт тусгаж хэрэгжүүлэх, үр ашгийг тооцох, хяналтын тогтолцоог сайжруулж, нэгдсэн програм хангамжтай болж, улс орон нутгийн түвшинд бодлого, төлөвлөлтийг нэгтгэх,

• Орон нутгийн шинж чанартай хөрөнгийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх.