Монголын улс төр дэх бүлэглэл хоорондын энэ их дайн дажныг зөвшилцлөөр шийдэх ёстой гэж урьд нь бичсэн, одоо ч бичиж байна. Талууд хоорондоо зөвшилц гэдгийг та бүхэн ойлгож байгаа.

Өнөөдөр Монголын төр засгийн толгойд ЖДҮХС-гийнхан, “60 тэрбум”-ынхан, дээр нь Ерөнхийлөгч орно. Энэ гурван бүлэглэлийг л хоорондоо зөвшилц, ойлголц, хэлэлцээрийн ширээний ард сууцгаа гэж байгаа юм. Ийм оролдлогыг эхнээсээ хийсэн бололтой юм. Энэ долоо хоногт хоёр бүлэглэлээс дөрөв, дөрвөн хүн уулзаж зөвшилцөхийг оролджээ. “60 тэрбум”-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нар. “ЖДҮ”-гийн бүлэглэлээс Ч.Улаан, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Х.Нямбаатар нар оролцсон байна. Хоёр талын нөхөд эв зүйгээ олох гэж гурван удаа уулзаж, зөвшилцөж, ойлголцох гээд чадаагүй гэнэ. Өчүүхэн төдий ч ахиц гаралгүй тарцгаажээ. Ингэх тусмаа Их хурлын чуулган гацаанд орж, төрийн бодлого эзэнгүйдэв. Ерөнхий сайдыг огцруулах эсэх чуулганыг эс тооцвол УИХ-гүй сар гаруй хугацаа өнгөрч байна.

Хоёр бүлэглэлийнхэн гурван удаа уулзаад бүтэлгүйтсэн энэ асуудалдаа одоо зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Уулзсан гишүүдийн чинь тоо нь цөөдөөд байна. Хоёр талаас дор хаяж арав, арван гишүүн оролцох хэрэгтэй. Тэгж байж бүлэглэлийн толгойлогчийн хараат байдал багасна. Дөрвөн хүнийг дуудаж уулзаад тулгалт хийх амархан. Арван гишүүнийг урдаа зогсоогоод тэг, ингэ гэх нь өөр шүү дээ. Тийм болохоор хоёр талаас доод тал нь арван гишүүн, дээд тал нь бүлэглэлийн бүх гишүүд зөвшилцлийн ширээний хоёр талд ярайтал сууж байгаад хэлэлцээр хийх юм. Хамгийн эхлээд эрх ашиг нийлж байгаа юман дээрээ зөвшилцөх хэрэгтэй. Бага ч болтугай ойлголцоод, зөвшилцөөд эхэлвэл ахиц гарч байгаа нь тэр. Аливаа зүйл багаас л эхэлдэг. Хамгийн эхэнд ойлголцож болох юу байна, МАН-аа ингээд устгах уу... гэдгээс эхэл л дээ. Устгалаа, тарааж сарниулж хаялаа гэхэд цаашаа яах юм. Бүгдэд маань хохиролтой биш үү... гээд ярь л даа. За тэгвэл намаа устгахгүй гэж хоёр тал тохирвол яахав. Тэгвэл ийм ийм эрх ашгууд дээрээ нэгдье, тэгээд ийм ийм ашиг хийнэ. Ингэхийн тулд энэ нь ингэнэ, тэр гишүүн нь тэгнэ гээд зөвшилцөл дээшээ ахих ёстой. Ер нь бол дэлхийн практикт энэ мэтээр, шат шатаар хэлэлцээрийг үргэлжлүүлдэг юм аа.

Хамгийн гол нь өнөөдрийн XXI зуунд, ардчилсан нийгэмд нэг бүлэглэл ганцаараа ялна гэсэн ойлголт байхгүй болсон. Хуучин бол нэг хаан гарч ирээд санал зөрөлдсөн болгоноо нухчин дараад ялдаг байлаа. Ойрхны түүх гэхэд Сталин байна, Мао байна. Өөртэй нь санал зөрөлдсөн болгоныхоо толгойг тасдаж ялсан. Монголд бол Х.Чойбалсангийн үед буудаж хороосон. Ю.Цэдэнбалын үед шоронд явуулж, цөллөгт байлгасан. Өнөөдрийн ардчилсан Монголын нийгэмд ингэж чадахгүй. Тийм боломж үнэхээр байхгүй. Тийм болохоор л хэлэлцээрийн ширээний ард бүлэглэлийн гишүүд бүгдээрээ сууж байгаад тохиролц, зөвшилц гээд байгаа юм.

Юугаа тохиролц гээд байгаа юм гэж та гайхаж байна уу? Юу юу авмаар байгаа юм, түүнийгээ шулуухан яриад, ойлголцоод цааш явчихаач гэсэн үг. Би тэр үйлдвэрийг авна, энэ ийм уурхайгаас хувь эзэмш, би тэр төсөлд нөлөөгөө тогтооно, чи тендер, концессийг хяналтдаа ав... гэхчлэн. Эд нарын хоорондын дайн ердөө л энэ шүү дээ. Үүнийг ойлгож ядах юм байхгүй. Шударга ёсыг цогцлоохын төлөө, Монголд диваажин бий болгохын төлөө эд нарыг тэмцээд байна гэж та бүхэн арай бодоогүй биздээ. Бодоод, итгээд яваа хүн байгаа бол хүүхдээрээ байна даа гэж хэлэхээс.

Аль нэг бүлэглэл нь ялж гарч ирээд уул уурхайг ард түмэнд хувьчилж үнэгүй өгөөд, бүх өр зээлийг чинь өмнөөс нь төлөөд, хамгийн баян 30 монгол иргэнийг бидний нүдэн дээр дүүжлээд, ресторанд оруулж австрали үхрийн махан стейкээр дайлаад ... ингэнэ гэж бодоод байгаа юм уу. Монголчууд минь дээ, та бүхэн маань ийм гэнэн, романтик суртал ухуулгад автахааргүй хашир болсон. Ямар 1989 он байгаа биш. Тэгэхээр эд нар бол хөрөнгө л булаацалдаж хоорондоо тэмцэлдэж байгаа юм. Тэрнийгээ л хоорондоо тохирч аваад ард түмэн биднийг амар тайван байлгаад өгөөч. Нөгөө хонь бүрэн, чоно цатгалан гэгчээр шүү дээ.

Гэхдээ ийм бодолгүй нэгэн хэсэг байж байгаа. Ард түмэн бид тэгээд яах юм. Дээгүүрээ хуваагаад авчихлаа, яасан ханаж цаддаггүй юм. Бид фэйсбүүкээр дамжуулан шударга үнэний төлөө тэмцэж байгаа. Гэтэл эцэстээ ингэдэг байна шүү гээд орилолдоод, гомдоод сүйд болох байх. Үнэндээ томчуудын ингэж хувааж авах нь бидэнд ямар ч падгүй. Хүн төрөлхтний нийгэм ерөөсөө ийм л юм. Ямар ч улс оронд хэдхэн хүн л нийгмийг авч явдаг. Тэд л үйлдвэр, уурхай, банк санхүү, ерөөсөө нийгэм-эдийн засгийг зохион байгуулж, олон түмнийг авч явдаг юм. Хүний нийгэмд олон түмнээрээ хувааж авдаг юм гэж байхгүй. Олон түмнээрээ оролцдог ажил юу байдаг вэ гэвэл дайн байлдаанд л нийтээрээ хамрагддаг. Бурхан ингэж л хуваарилсан. Харин хөгжсөн улс оронд бол авсан эзэд нь тэр үйлдвэр, уурхайгаа сайн ажиллуулж хувьцаат болгодог. Хувьцаа нь өөрөө ард түмний оролцоог бий болгож нийгмээрээ урагшилдаг ийм л дэг жаяг байна.

Өнөөдөр шившигтэй байна л даа. Монголын төрийн толгойд очсон хэдэн хүн хоорондоо ойлголцохгүй зодолдоод, нэгнийхээ булайг дуудаад, нам төр гэсэн ойлголтыг доод түвшинд аваачиж шидээд. Үүний хор уршиг нь улс орноо улам л доройтуулж, гадна ертөнцөд муухай харагдуулж, ард түмнээ ядууруулан урагшаа явж өгсөнгүй. Энэ хэд юмаа булаалцалдаж байгаагаа нуухын тулд УИХ, Засгийн газар, элдэв иргэний хөдөлгөөн, нам эвсэл нэрийн дор жүжиг тавьцгааж байна. Бодит үнэн гэвэл эх орон, шударга ёсны төлөө гэдэг бүгд худлаа. Тийм болохоор дахиад хэлье, аль болох хурдан хоорондоо ойлголц, зөвшилц, эвтэйхэн хувааж авцгаа. Ингэх нь ард түмний эрх ашиг болчихоод байна. Энэ талаар эхнээсээ эдийн засагчид санал бодлоо илэрхийлээд эхэлчихсэн байна. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл гэхэд “Засаглалын хямрал бодитой болсон үед өргөх бичиг үр дүн өгөхгүй. Үнэхээр хоёр тал асуудлыг шийдье гэвэл саналуудаа хоёр талаасаа зөвшилцөж, реформын жагсаалт гарга. Дундын зуучаар нэр хүндтэй хүмүүсийг тавь. Болохгүй байгаа бүх хуулиудаа өөрчил. Тэгээд хүнээ ярь. Ийм л гарц байна” гэж. Зөвшилцөхөөс өөр замгүй болсныг бүлэглэлүүд хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. Харин зөвшилцөж чадахгүй энэ хэвээр цааш явбал тэгээд л намтайгаа, юутай хээтэйгээ сөнөж, улс төрийн тавцангаас 65-уулаа гутамшигтайгаар буух байх даа.

Эх сурвалж: Өдрийн сонин