Улс төрчид хэлэлцэх өчнөөн асуудал байна. Иргэдийн санал бодлыг авч хэлэлцэхгүйгээр ажлын өдрийг өөрсдийнхөөрөө "Бүх нийтийн амралтын өдөр" болгож шийдвэрлэдэг жишиг тогтоосон. Энэ нь эргээд ард түмэнд дарамт ачаа болдог гэдгийг ойлгох сэхээтэй хүн алга бололтой.

Тухайлбал, Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Уг хуулийн төслийг баталснаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн аж.

Энэ өдөр нь Бурхан багшийн Гэгээрсэн өдөр, Мэндэлсэн өдөр, Өөд болсон өдөр гээд гурван зүйл нэг дор давхцсан онцгой өдөр юм байна. Энэ жил өнгөрөгч тавдугаар сарын 18-нд зуны тэргүүн сар нь тохиожээ. 

Ажлын өдрийг нэг хуулийн төсөл өргөн бариад л амралтын өдөр болгохын цаана нь олон иргэд цалингаасаа хугаслуулдаг. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн сурагчид хичээлээ нөхөх гэж шахалтад ордог юм. Бодит амьдралтай ойрхон хүмүүс төрд суудаг бол эл төслийг дэмжихгүй байсан биз. Монголчуудын амралт ихэдээд байна. Үүнийхээ оронд цэцэрлэг, сургуулийн багачуудад ээлтэй ажил эхлүүлэхийг санаачлан өргөн барьсан бол аштай юу даа гишүүд ээ.