ЗОВЛОН ҮЗСЭН СОНГУУЛИЙН ХУУЛЬ ДАХИН МЭС ЗАСЛЫН ОРОН ДЭЭР ГАРЛАА

1990 онд батлагдсанаасаа хойш хамгийн их зовлон үзсэн хууль Сонгуулийн тухай хууль байх. Хөмсгөө шивүүлж, нүдэндээ давхраа оюулаад, тэр нь зохихгүй, хялар, сөлөр боллоо хэмээн буцааж арилгуулаад явж байдаг бүсгүй шиг сонгууль бүрийн өмнө их, бага хэмжээгээр засварт ордог уг хууль заримдаа бүр “хүйсээ солиулчихсан” тууж явах нь бий.
Монголчууд 1992-2008 оны хооронд болсон таван удаагийн УИХ-ын сонгуулийг мажоритар системээр явуулсан бол 2012 онынхыг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Нэг намд давуу байдал олгож, сонгогчдын саналын багахан зөрүүг УИХ-д олон суудал болгодог, өнгө мөнгөний нөлөөллийг хамгийн тодоор мэдрүүлдэг сул талтай гэсэн шүүмжлэл хүлээдэг мажоритар системийг өөрчлөхийн тулд 2008-2012 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламент багагүй саад бэрхшээл туулж, урт хугацааны хэлэлцүүлэг өрнүүлэн байж холимог тогтолцоог хуульчилсан. Энэ нь “жижиг” намуудад ашгаа өгч, өнгөрсөн дөрвөн жилд үнэмлэхүй олонхгүй, хүчний харилцаа ойролцоо, олон намын төлөөллийг оролцуулсан парламент бүрдсэн. Ялагчгүй парламент бүрдүүлсэн, тэр тусмаа жижиг намуудад ивээлээ өгсөн, засаглалыг тогтворгүй болгох сул талтай холимог тогтолцоо АН, МАН хоёрт таалагдаагүй учраас 2016 оны сонгуулийн өмнөхөн хавсайдаж байгаад хувь тэнцүүлсэн тогтолцоог халж, муулж, муучилдаг мажоритар руугаа буцсан.

Ингэхийн тулд сонгууль болохоос хагас жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг санаатайгаар “мартаж” байгаад, УИХ-ын сонгуулиас сар хүрэхгүй хугацааны өмнө хуулийг бужигнуулж, тогтолцоог өөрчлөн, Монгол Улсыг 76 жижиг тойрогт хуваасан. Тэгэхэд УИХ-ын гишүүд өөртөө зориулан тойрог зурж, чухам л дураараа дургисан билээ. Энэ мэтээр улстөрчдийн хатуу гараар орж, сонгууль бүрийн өмнө өвчин намдаагчгүй мэс засалд ордог Сонгуулийн тухай хууль дахин мэс заслын орон дээр хэвтэж байна. 

“СОНГУУЛИЙН ХУУЛЬ ӨӨРЧИЛСӨН НАМ ЯЛАГДДАГ”

“Сонгуулийн хууль өөрчилсөн нам ялагддаг” гэх мухар сүсэг ч гэмээр яриа Төрийн ордонд тэнүүчлээд удаж буй. МАН олонх байхдаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжүүлээд ялагдсан бол АН эрх барьж байхдаа 2016 онд мажоритар тогтолцоог сэргээгээд “гудамжинд гарсан” нь энэ ярианд хүч нэмдэг. Сонгуулийн хууль өөрчлөх талаар санал солилцсон өнөөгийн гишүүд ч энэ үгийг хэлэлцэж байна.
Ерөнхийдөө УИХ-ын гишүүд Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудалд тун болгоомжтой хандаж байсан ч хуулийг өөртөө ашигтайгаар өөрчилж чадах ч юм шиг шунал хүсэл нь хатгаад зүгээр суулгахгүй байгаа бололтой. Үүний хажуугаар “Өмнөх парламентын самарч орхисон хуулийг өөрчлөхөөс аргагүй” гэсэн сонгуулийн төв байгууллагын санал ч зориг оруулж, хүч нэмээ биз.
Парламентад олон суудал авсан хүчнүүд (Засгийн эрх ээлжлэн барьдаг хоёр нам) болж бүтэхгүйг нь засах гэж бус, эрх мэдлээ зузаатгах, албан тушаалд суух хугацаагаа уртасгах гэж л Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг жишиг тогтоод удаж байна. Энэ удаа ч тийм л зорилгоор өөрчлөлт оруулах гэж байх шиг.

ХОЁР ЖИЛ “НУУЦААР” БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ

Өмнөх парламентын үед буюу 2015 онд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг нэгтгэж, бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар баталсан. Гурван тусдаа сонгуулийг нэг хуулиар зохицуулах талаар парламент хэлэлцэж байх үед СЕХ-ноос “Уг төслийг дэмжих боломжгүй” гэсэн саналаа хүргүүлсэн ч түүнийг нь хууль тогтоогчид хэрэгсэж үзээгүй.
Нэгдсэн хуулиар орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулахдаа багагүй зүдэрсэн сонгуулийн төв байгууллага “2016 оны сонгуульд нэгдсэн хуулийг хэрэглэхэд зарим заалт дээр будилах, асуудал зохицуулахад хүндрэл учрах зэрэг асуудал гарсан” хэмээн зовлонгоо тоочиж байж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг “өрх тусгаарлуулсан”.  Дараахан нь Сонгуулийн тухай хууль ийм байвал зүгээр байна гэсэн саналаа хууль тогтоох байгууллагад хүргүүлэх далимдаа УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг салгах төсөл дайсан.
Сонгуулийн төв байгууллага “УИХ-ын ээлжит сонгууль дөхөж, улстөрчид надад л ашигтай бол бусад нь ямар ч хамаагүй гэдэг горим дээрээ тавиагүй дээр Сонгуулийн хуулиа дориухан засаад авъя” гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ дахь олонх “Нэгэнт гар хүрвэл 2020 оны сонгууль дөхүүлж, нөхцөл байдлыг харж байгаад, тооцоо судалгаанд үндэслэн өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа жижиг мажоритар тогтолцоонд сонгогчдын саналын багахан савалгааны үр дүн томоор илэрдгийг бодолцож, тухайн үед нөхцөл ямар байхыг харгалзах нь зөв” хэмээн хойш тавьж байв. 
Сонгуулийн төв байгууллагын хүргүүлсэн саналын мөрөөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийг 2017 оны сүүлчээр байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг хоёр жил “нууцаар” боловсруулсан төслөө өргөн бариад удаагүй байна. Нууцаар гэж буйн учир нь ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Манай ажлын хэсэг хоёр жил тасралтгүй ажилласан. Олон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох бүх байгууллагаас саналыг нь авч, тусгасан” гэж буй. Гэвч түүнийг нь үзэж харж, сонсож дуулсан хүн улстөрчид дунд ховор байгаа юм.
Ямар сайндаа л өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэхэд хуралд оролцсон гишүүдийн тал нь “Төслийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Хэлэлцэх гэж буй төслийг дөнгөж сая олж аваад, тухтай ч хараагүй явна. Уншиж танилцах цаг хэрэгтэй тул хэлэлцэх хугацааг маргааш болгож өгөөч” гэж гуйж байх вэ. Ийм нэг төсөл өнөөдрөөс УИХ-аар хэлэлцэгдэж эхлэх нь. УИХ-ын гишүүд ч танилцаж амжаагүй хэмээж буй уг төсөлд ямар заалтууд байгаа талаар олон нийтэд төдийлөн хүрээгүй мэдээллийг багцлан хүргэе.

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГ ХЯЗГААРЛАЖ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сонгуулийн тухай хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн санал, төсөл бараг тэр чигээрээ туссан аж. Сонгуулиа маргаан, эргэлзээгүй, шударгаар зохион байгуулах нь СЕХ-ны үүрэг. Харин Сонгуулийн тухай хууль амьдралд нийцэхгүй, ажлаа хийхэд хүндрэл үүсгэж буй талаар тус байгууллагынхан нэг бус удаа гомдоллож байсан. Байнга хардлага, сэрдлэгэ, хэл амны бай болдог энэ байгууллагынхан өөрсдөдөө тулгардаг асуудлууд, сонгууль зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан.
Сонгуулийн нэгдсэн хуулийг задалж, УИХ, орон нутгийн сонгуулийн хуулийг салган, УИХ-ын сонгуулийн хуулийг бие даасан хууль болгох нь тэдний нэн тэргүүний, хамгийн том зорилго. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, орон даяар сонгууль нь явдаг, орон нутгийн сонгууль бол орон нутгийн чанартай, тухайн аймаг, сумын асуудал. Энэ хоёрыг нэгтгэж зохион байгуулах нь багагүй хүндрэл дагуулдаг учраас тус тусын онцлогийг тусгасан бие даасан хууль батлуулахаар төсөлд тусгасан.
Сонгуулийн байгууллагын ажилд хүндрэл учруулж, хардлага сэрдлэгийн бай болгож буй гол асуудлуудыг таслан зогсоохын тулд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тухайлбал, сонгогч өөрийн байнга оршин суудаг хаягтаа хамаарах тойрогт саналаа өгдөг байх, УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлэхээс санал авах өдөр дуусталх хугацаанд сонгогч албан томилолт болон эрүүл мэндийн байгууллагын албан ёсны тодорхойлолтоор түр шилжин явах болбол зөвхөн тухайн сонгуулийн хэсгийн хороондоо саналаа урьдчилан өгөх, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч тодорхой хэмжээний мөнгийг дэнчин хэлбэрээр дансанд байршуулах, хэрэв нэр дэвшигч сонгогдсон, сонгогдоогүй боловч сурталчилгааны хугацаанд хууль бус сурталчилгаа явуулж, зөрчил гаргаагүй бол дэнчинг буцаан олгох, бусад тохиолдолд дэнчинг улсын орлого болгох, сурталчилгааны хугацаанд интернэт орчинд хувийн сэтгэгдэл бичихийг хориглох, бусадтай хуваалцах, сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор олон нийтийн сүлжээгээр сонгуулийн сурталчилгаа хийх гэх мэтийн сонирхол татах зохицуулалтыг хуульд зайлшгүй тусгах шаардлагатай гэж СЕХ-ны ажлын хэсэг УИХ-д хүргүүлсэн саналаараа уламжилсан байна.
Өөр нэг анхаарал татахуйц санал нь УИХ-ын сонгуульд сонгогчдод ирцийн босго тавихгүй, санал өгсөн сонгогчдын олонхын саналаар ялагчийг тодруулдаг болох тухай юм. Жилээс жилд сонгогчдын идэвх суларч, ирц бүрдүүлэхэд хүндрэл учирч буйн буруутан нь СЕХ болдог учраас ийн шийдсэн бололтой.
Өнгөрсөн парламентаар Сонгуулийн тухай хуульд өөрлөлт оруулахдаа “мартаж” орхисон “Ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр батлахыг хориглоно” гэсэн заалтыг энэ удаагийн өөрчлөлтөөр сэргээхийг СЕХ хүсэж буй.
Хэвлэлийнхний сонирхлыг татахуйц нэг санал энд бий. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр явуулна хэмээн хязгаарласан. Харин төслөөр сонгуулийн сурталчилгаанд олон нийтийн сүлжээний үүргийг хязгаарлаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг нэмэх зохицуулалт орсон.
Түүнчлэн ээлжит сонгууль товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох процесс тусдаа байсныг нэгтгэж, сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аас хамтад нь тогтоодог байх, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдийн нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, хэсгийн хороонд ажиллах сонгуулийн байгууллагын болон иргэний бүртгэлийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн даамал зэрэг хүн тухайн хэсгийн хороонд шилжин ирж саналаа өгөх зэрэг техникийн шинжтэй зохицуулалт ч төсөлд бий.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нэр дэвшигч үнэмлэхээ авснаас таван өдрийн дараа сурталчилгаагаа эхлүүлэхээр байгаа. Энэ хооронд нэр дэвшигчид сурталчилгаагаа ил, далдаар хийж хууль зөрчих нөхцөл бүрдээд буй тул нэр дэвшигчдэд үнэмлэхээ авсны маргаашнаас сурталчилгаагаа эхлүүлэх боломж олгох, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгсэлийн тоог тогтоох нь зөв гэж үзжээ. Өмнөх хуулиар уг асуудлыг зохицуулаагүй учраас хэдэн ч тээврийн хэрэгсэл ашиглах боломжтой, энэ нь эргээд хяналт тавихад бэрхшээл үүсгэж байсан аж. Сонгууль зохион байгуулахтай холбоотой эдгээр саналыг СЕХ боловсруулж өгсөн.

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО БОЛ УЛС ТӨРИЙН ШИЙДЭЛ

Харин сонгуулийн тогтолцоо бол улс төрийн шийдэл учраас УИХ-ын мэдэлд үлдээсэн. Улстөрчдийн төдийгүй улс төр сонирхдог хүн бүрийн чих тавих асуудал ойрын өдрүүдэд сонгуулийн тогтолцоо байх нь. Мөнгөөр зодоод гараад ирнэ гэж боддог нөхөд жижиг мажоритар тогтолцооноос салах дургүй. Тэд дөрвөн жил усалсан тойрогтоо өрсөлдөж, дошин дээрээ барилдахыг илүүд үзэж буй. Гэвч арай томоор харж, намаа Засгийн эрхэнд гаргах бодлого зангидах хэмжээний хэд нь “Мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг гээгдүүлдэг, савлагаа ихтэй. Санал өгсөн сонгогчдын 45-хан хувийн саналыг авсан МАН парламент дахь суудлын 85 хувийг эзэлж буй нь үүний тод жишээ. Дараагийн сонгуульд сонгогчдын хандлага АН руу багахан хэлбийхэд л АН, МАН-ын өнөөгийн байр суурь солигдох боломжтой” хэмээн болгоомжилж, мажоритар тогтолцоогоо хэвээр хадгалж, жижиг тойргоо томсгох хувилбар дэвшүүлээд буй.
Тогтолцооны тухай ярихад “Хөрөнгө мөнгөтэй хүмүүс тухайн тойргийн хэдхэн хүний саналыг худалдаж аваад улс орны амьдралыг шийдэхэд оролцож байна” гэх шүүмжлэл ч гардаг учраас тойрогоо томсгоё. 2008 оных шиг олон мандаттай 26 тойрог, эсвэл өмнө нь нэг биш удаа яригдаж байснаар 76 мандаттай нэг тойрог (Монгол Улсыг нэг тойрог болгоод) болгож болох юм” гэсэн саналууд хуучин гишүүдээс гарч. Харин УИХ-д цөөн сонгогдсон шинэ гишүүд үүнээс баахан жийрхэж, “Томсгосон тойрогт нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөхөөс аргагүй болдог сөрөг талтай” хэмээцгээсэн байна. Ингээд өнөөдөр мажоритар тогтолцооны олон мандаттай нэг тойрог хувилбар, хувь тэнцүүлсэн элементтэй 50+26  гэсэн хоёр сонголт тунаж үлдээд байна. Ирэх сонгууль энэ хоёрын алинаар нь явахыг ирэх өдрүүдэд шийднэ.
Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь хувь тэнцүүлсэн холимог тогтолцоо Монгол Улсад хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлтийг улстөр судлаачид гаргаад удаж буй ч том намд биш, жижгүүдэд ашигтай холимог тогтолцоог Сонгуулийн хуульд оруулах сонирхол эрх барьж байгаа намд үгүй болдог билээ. Харин гудамжинд гарахаараа холимог тогтолцоог шаардаад эхэлдэг юм. 2012-2016 онд УИХ-д олон суудалтай байхдаа хувь тэнцүүлсэн тогтолцоог мажоритараар сольсон АН өнөөдөр холимог тогтолцоог хуульчлахыг шаардаад сууж буйг санаарай.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин