Х.Тэмүүжин: Монголд нэг нам засаглаж байна. Удахгүй нэг хүн засаглаж магад
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн Үндсэн хуулийн тухай илтгэлийг сийрүүлэн хүргэж байна.
Хүн бүрийн ярих дуртай цагаан дээр хараар гэдэг үгийн утга нь хэн ч маргахгүй шүү дээ, цагаан дээр хараар биччихсэн. Хууль нь ийм байгаа юм гэдэг агуулгыг илэрхийлдэг үг байх. Өнөөдөр Монгол Улсад цагаан дээр хараар биччихсэн байсан ч түүнийг үл тоомсорлодог хандлага газар авчихсан.
Эрх мэдэлтэй, олуулаа байгаа хүмүүс олонхоороо, эрх мэдлээрээ түрээд юуг ч юу ч гэж тайлбарласан болж байдаг гэдэг уур амьсгал ноёлчих шиг боллоо. Уг нь цагаан дээр хараар бичсэн үгнүүдийг сануулж хэлэх үүрэгтэй хоёр мэргэжил нийгэмд байгаа. Нэг нь хуульчид. Нөгөөх нь сэтгүүлчид. Хууль ийм байхад яагаад үүнээс өөрөөр яваад, худлаа яриад байгаа юм гэдэг зүйлийг мэргэжлийн онцлогоосоо болоод энэ хоёр мэргэжил нийгэмд гаргаж тавьж, мацаж явж байгаа. Хуульчид бол ихэнхдээ шүүх дээр уг асуудлыг тавьдаг бол сэтгүүлчид олон нийтэд буюу хүмүүсийн мэдлэг, оюун санаа руу гаргаж тавьдаг.
Би “Цагаан дээр хараар Монгол Улсын Үндсэн хууль” гэдэг үгийг хэлэх гэж оролдсон юм. Саяхан УИХ-ын даргыг эрх барьж байгаа намын дарга нь хашна гэдэг байр суурь илэрхийлээд, нам нь энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хүчтэй пиар хийх шиг боллоо.
Хэвлэл болон цахим орчинд ялсан нам хэнийгээ дарга болгох нь тэдний л эрх шүү дээ гэдэг үг их байна лээ. Зөвтгөл юм уу даа. Ялсан нам хэнийг хаана тавих нь тэдний л эрх гэдэг үг цагаан дээр хараар бичсэн хуулинд байхгүй. Улстөрд сүүлийн хорин жил, тэр дундаа сүүлийн арваад жил маш их хүч олж байгаа үг бол ялагчид буруу байхгүй гэдэг үг яваад байгаа. Түүгээр зөвтгөгдөж магадгүй. Ялалт байгуулаад, тэр ялалтандаа ямар аргаар хүрэх нь хамаагүй, дараа нь хэн намайг буруутгах юм? Эрх мэдлийн орой дээр би зогсож байхад намайг шүүдэг, буруутгадаг хүн байхгүй. Ямар нэгэн аргаар ялах ёстой гэдэг уур амьсгал сүүлийн арван жил улстөрд маш хүчтэй ноёлж байгаа. Тэр ноёллын давлагаа явж байж магадгүй. Цагаан дээр хараар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл. УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүд дотроос нэр дэвшүүлэн, саналаа илээр гарган сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно. УИХ-ын даргатай холбоотой хэсэг дээр ямар нэгэн намтай холбоотой ойлголт байхгүй. Олонхи болсон нам, намын бүлэг, эрх барьж байгаа нам гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. УИХ-ын гишүүдийн дундаас нэр дэвшүүлж, саналаа илээр гарган сонгоно гэсэн үг л байгаа.
УИХ-ын дарга буюу парламентын спикер гэдэг бол парламентын дотоод асуудал болохоос намын дотоод асуудал биш. Аль ч улс оронд. Энэ зохицуулалтаар бол УИХ-д 65 гарын үсэг цуглуулаад, тэр хүмүүс бид УИХ-ын даргад энэ хүнийг нэр дэвшүүлж байна гэдэг байдлаар ард нь гарын үсгээ бичээд оруулах ёстой юм шиг байгаа юм, зохицуулалт нь бол.
Үүнтэй адилхан зохицуулалт 39 дүгээр зүйл дээр байгаа. Ерөнхий сайдтай холбоотой хэсэг дээр УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдад томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн албан тушаалтантай холбоотойгоор олонхийн суудал авсан нам гэж тэр намд эрх олгосон Үндсэн хуулийн заалт ганцхан энд байгаа. Өөр газар олонхи болсон нам гэдэг үг ерөөсөө байхгүй. Үндсэн хуульд нэг л хэрэглэсэн. Тэр нь Ерөнхий сайдыг томилоход. Харьцуулаад хараарай. Ерөнхий сайдыг томилдог. УИХ-ын даргыг сонгодог. Сонгоно гэдэг нь ямар нэгэн байдлаар, хоёр ба түүнээс дээш хүний дундаас сонголт хийдэг. Нэг хүний нэртэй сонголт гэж байхгүй. Томилгоонд нэг хүн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл дээр маш тодорхой бичсэнээр бол УИХ-ын гишүүдийн дундаас нэр дэвшүүлэн сонгоно. Ерөнхий сайдыг томилуулахаар Ерөнхийлөгч нэрийг нь оруулахдаа олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг гэж хэлж байгаа юм. УИХ-ын дарга буюу парламентын спикер бол намын дотоод асуудал огт биш. Тэр намд Үндсэн хуулиар огт эрх олгоогүй. АН байна уу, МАН байна уу хамаагүй. Аль нэгэн намд эрх олгосон сонголт ерөөсөө биш. Парламент дотор байгаа олон намын төлөөлөлд эрх олгосон систем. Бид хуулийг ерөөсөө уншдаггүй хүмүүс. Цагаан дээр хараар бичсэн гэдэг үгийн ид шидийг гаргадаггүй хүмүүс. Үндсэн хууль гэж 70 гаруйхан зүйлтэй нимгэн цаасыг бариад уншдаг хүмүүс маш ховор. Уншдаггүй учраас цагаан дээр хараар юу бичсэнг хэн ч мэддэггүй. Мэддэггүй учраас эрх мэдэлтэй нь байна уу, олонхи нь байна уу өөрсдөө юу ч ярьж байсан болно гэж үздэг. Социализмын үед тийм л байсан. Даргын үг, намын үг бол хууль гэдэг зарчимтай байсан. Энэ зарчим одоог хүртэл салаагүй байна. Дарга үг хэлбэл, би тийм дарга болно, би түүнийг тийм дарга болгоно гээд үг хэлбэл тэр нь хууль юм байна. 100 гаруй жил оршин тогтнож байгаа нам мөн адил өмнөх 70 жилийн туршлагаараа энэ бол манай дотоод асуудал, манай намаас гадуур асуудал гэж байхгүй гэх хэмжээний. Хуучин цагт нам засаг хоёр нэг юм гэж шүлэг хүртэл бичдэг байсан. Тэр үед үнэн байсан байж магадгүй. Одоо Монгол Улсын Үндсэн хуулинд тийм боломж байхгүй.
Харамсалтай нь цагаан дээр хараар ингэж бичсэн ч амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Яг энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөх юм бол цэц тэр асуудлыг угаасаа авч хэлэлцэхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэц халаасны байгууллага. Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага огт биш.
Улстөрийн захиа даалгавар өгвөл түүнийг нь үг дуугүй биелүүлэх зорилготой. Түүнийгээ ч сая батлан харуулсан. Цагаан дээр хараар гэдэг Үндсэн хуулийн тухай ярихад яагаад парламентын даргыг сонгохтой холбоотой ийм зохицуулалт Үндсэн хуулинд хийж өгч байгаа юм бэ гэхээр парламент бол Засгийн газар биш. Засгийн газар бол Ерөнхий сайдын кабинет. Засгийн газрын 50+1 хувь дангаараа Ерөнхий сайд өөрөө. Ерөнхий сайд ганцаараа шийдвэр гаргасан ч болно. Ерөнхий сайд ганцаараа хуралдсан ч Засгийн газар хуралдаж байна гэж үзнэ. Ерөнхий сайдын бүрэн эрх дараагийн Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болно. Сайдууд бол Ерөнхий сайдын чиг үүрэгт байгаа тодорхой салбаруудыг Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээхээр салбарлаж авч байгаа л хүмүүс. Үндсэн хуулинд иймэрхүү агуулга байгаа. 1992 оны Үндсэн хуулинд энэ зарчмыг маш тодорхой хуульчлах гэж оролдсон чинь манайхан тэр үедээ буруу ойлгоод юу гэж хуульчилсан бэ гэхээр Засгийн газрын 50 хувь огцорвол Ерөнхий сайд огцорно гээд биччихсэн. Уг нь Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорно гэдэг зарчим байхгүй юу. Цаад зөвлөмж нь Ерөнхий сайд дангаараа Засгийн газрын 50+1 хувь шүү гэдэг зарчим, дэлхий нийтээрээ. Засгийн газрын кабинет гэдэг нь Ерөнхий сайдын кабинетыг л хэлж байгаа юм. Ерөнхий сайд ганц биеэрээ бүх салбар руу орж чадахгүй учраас тодорхой хүмүүсийг сайд болгоод, тэдгээр сайд нарыг миний өмнө та нар ажлаа хариуцна шүү гэж хэлж байгаа юм. Ерөнхий сайд дангаараа УИХ-ын өмнө ажлаа хариуцаж байгаа. Зарчим нь ердөө энэ. Яг үүний эсрэг зарчим бол парламентад байдаг. УИХ-ын даргын кабинет бол парламент ерөөсөө биш. Үндсэн хуулинд маш тодорхой заасан байгаа. УИХ 126 гишүүнээс бүрдэнэ. Тэнд УИХ дарга, гишүүдээс бүрдэнэ гэж бичээгүй. УИХ-ын гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр байнгын хороо болон чуулганы хуралдаан хүчин төгөлдөр байна. Саналаа илээр гаргаж, олонхиороо шийдвэрлэнэ. Хуулийг нийт гишүүдийн олонхи буюу 65 гишүүнээс дээш нь батална. УИХ бол 126 хүн хуралддаг байгууллага. Энэ хурлыг ямар дэгээр зохион байгуулж хуралдах вэ гэдэг нь спикерийн ажил. Түүнээс биш Ерөнхий сайд шиг ганцаараа шийдвэр гаргагч биш. Өөрөө кноп дарвал 126 гишүүний нэг л болох ёстой гэдэг агуулгатай.
126 гишүүн хуралдаж шийдвэр гаргадаг. Бид дахиад буруу үг хэрэглэчихсэн нь УИХ-ын дарга. Дарга гэдэг үг хэрэглэчихсэн. Өөр улс орнуудад бол дарга гэдэг үг хэрэглэдэггүй. Спикер гэдэг нь дуугарагч гэдэг үг. Хурлыг удирдах үүрэгтэй болохоос хурлыг даргалж, ямар шийдвэр гаргахыг залж чиглүүлэгч биш.
Социализмын үеийнхээрээ УИХ-ын даргыг дарга, намын даргыг дарга гээд ойлгочихсон. Нам нь 200 мянган гишүүнтэй бол тэр хүмүүсийн дарга гэж бодоод байдаг. Эсвэл 126 гишүүнтэй УИХ-ын дарга гэж бодоод байдаг. Дарга бол тэр 126 хүнийг төлөөлж болно, өмнөөс нь ярьж, өмнөөс нь шийдвэр гаргана. Нөгөө 126 гишүүнээ загнаж зандарч болно гэдэг ойлголттой болчихсон. Н.Учралын хэлсэн бараг анхны мэдэгдэл Х.Баттулгад хариуцлага тооцно гэдэг утгатай юм ярьсан уу? даа. УИХ-ын хуралдааныг удирдах үүрэгтэй болохоос УИХ-ын гишүүнийг ажлаа хийгээгүй байна гэж хариуцлага тооцдог байгууллагын дарга огт биш. Дахиад л дарга гэдэг ойлголт нь спикерээсээ халиад явчихсан байна. Монгол Улс нэн даруй дарга гэдэг хоёр ойлголтыг салгах ёстой юм байна лээ. УИХ-ын дарга гэж байхгүй, УИХ-ын спикер гэж байна гэдэг рүүгээ зоригтой явах ёстой. Намын дарга биш намын лидер гэдэг рүү явах ёстой. Гадны улс орнуудын намыг харах юм бол тэндээс дарга гэдэг үг олохгүй. Лидер гэж үг байгаа. Нэг лидертэй нам байна. Хоёр гурав, олон лидертэй нам байна. Лидер гэж мөс зүсэгчийг хэлдэг. Ардаа байгаа 300 мянган хүнийг дагалдаж биш, урдаа байгаа сорилт, бэрхшээлийг зүсэж бодлогоо хэрэгжүүлдэг хүнийг лидер гэнэ. Манай дарга гэж бодоод байдаг хэсэг нь бол ЕНБДарга юм. Мөнгө төгрөг, зохион байгуулалтаа хариуцдаг. Бид улстөрийн намын лидерийг намын дарга гээд хэлээд сурчихсан.
Намын дарга гэхээр л захиргааны ажилтан болчхоод байдаг. Намын дарга бол захиргааны ажилтан биш лидер байх ёстой. Барууны парламентад парламентын спикерийг улстөрийн лидер байлгаж болохгүй гэдэг зарчим байдаг. Манайд УИХ-ын даргыг намын дарга байлгаж болохгүй гэхээр хоёр даргын тухай яриад байгаа юм. Баруунд бол парламентын спикер улстөрийн лидер байж болохгүй. Асуудалтай зодолддог лидер нь спикерийн суудал дээр суучих юм бол тэр парламентыг сэлмээр цавчаад эхэлнэ. Аль аль намын лидерүүд нь парламентын талбай дотроо үлдээд, спикер нь төвийг сахидаг хүн байх ёстой. Нөгөө сэлмээрээ цавчилддаг хүмүүсийг дэгтэйгээр хуралдуулах үүрэгтэй. Түүнээс биш нэг намын сэлэм баригч нь дээр гарч суугаад та нар цавчилд гэхээр нөгөөдүүл нь хэнтэйгээ цавчилдах юм бэ? Намын лидерийн тамгаа парламентын спикерийн тамгатай цуг бариад суучих юм бол тэнд мэтгэлцээн явах боломжгүй. Олон намын төлөөлөл ажиллах ямар ч боломжгүй. Асуудлыг тал бүрийн байр сууриар илэрхийлж, цөөнхийг сонсож олонхи шийдвэр гаргана гэдэг зарчим ажиллах ямар ч боломжгүй. Тийм учраас олон улсад байгаа парламентын зарчмыг уг нь Монгол Улс авч хэрэглэсэн байхгүй юу. Тэнд ямар нэгэн нам байхгүй. Дотроосоо нэр дэвшүүлэн, саналаа илээр гарган сонгоно гэж бичсэн.
Парламентын спикер болох хүн 50+1 хувийн гарын үсэг цуглуулаад оруулж ирэхэд сонгогдох магадлал өндөр байхгүй юу. Тийм боломжтой хүн хэн байх вэ? Парламентын олонхи. Энэ нь гэхдээ сонгуулиар олонхи болсон нь биш. Парламент дотор байгаа 126 гишүүний олонхын тухай ярьж байгаа юм.
Яг ийм зарчмаар улс орнууд хэд хэдэн янзаар сонголт хийдэг. Зарим улсууд 2/3 саналаар гэдэг. Сонгогдох хувь өндөр байх тусам нэг намын улаан хэрүүлч хэзээ ч сонгогдох магадлал байхгүй. Илүү төвийг сахисан, цөөнхөөсөө ч дэмжлэг авах чадвартай хүн сонгогдоно. Үүнийг процессын шалгуур гэдэг. Процесс дээр нь шалгуур тавих байдлаар төвийг сахих спикер сонгож байгаа юм. Зарим улс оронд сонгогдсон хүнийг намаасаа түдгэлзэхийг шаарддаг. Нөгөө намын сэлэм баригч нь угаасаа намаасаа түдгэлзэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр дундын зөөлөн хувилбар л намаасаа түдгэлзэж, парламентад байгаа олон намын төлөөлөлтэй үг хэлээ ололцох боломжтой болно гэсэн үг. Герман мэтийн улсуудад бүр нарийн зааж өгсөн байдаг. Намаасаа түдгэлзэхгүй, намын гишүүн байж болно. Гэхдээ спикерээр сонгогдсон бол сонгогдсон намынхаа бүлгийн хуралд оролцохыг хориглоно. Бүлгийн хуралд оролцсон байх юм бол суудлаа алдах үндэслэл болно. Тэнд бол бүр намын улстөрөөс ангид байна гэж хуульчилж байгаа юм. Төвийг сахисан байхаас гадна намын улстөрөөс ангид байна гэж. Дэлхий нийтээрээ яагаад ийм зохицуулалт хэрэглээд байна вэ гэхээр парламентыг парламентаар нь л байлгах гэж оролдож байгаа юм. Парламент бол олон ургалч үзлийн тод илэрхийлэл, олон намын тогтолцооны гол суурь, төлөөллийн ардчиллын гол институци. Тийм учраас тэнд нэг нам үйл ажиллагаагаа явуулдаггүй. Тэнд олон нам үйл ажиллагаагаа явуулдаг. Олон нам үйл ажиллагаа явуулдаг учраас олон намын үйл ажиллагааг баталгаатай явуулах боломж дарга биш спикер гэдэг хүн бол төвийг сахисан байр суурьтай байх ёстой. Төвийг сахина гэдгийн баталгаа нь намын улстөрөөс ангид байх ёстой. Герман улсад маш тодорхой бичсэн байдаг. Намын дотоод сонгуульд өрсөлдөхгүй гээд дахиад хязгаарлалт тавьчихсан. Өөрөөр хэлбэл нам дотор карьер хийхгүй шүү гэж байгаа юм. Манайд ийм зохицуулалтууд байхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн заалтаа өргөжүүлж, дэлгэрүүлж хуульчлаагүй. Утга агуулгыг нь одоог хүртэл энэ агуулгаар нь тайлбарлаагүй. Гадуур байгаа тайлбарыг та бүгд харж байгаа. Яагаад гэвэл УИХ-ын дарга гэдэг бол ялсан намын хуваарилах бялууны нэг хэлтэрхий. Тэгж харж байна.
Манайхан даргад дуртай улс учраас ердийн хуулинд байхгүй, Үндсэн хуулинд бүүр байхгүй та бүхний гоёчилж өгсөн нэр “Төрийн гурван өндөрлөг”. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга. Тэгээд 01, 02, 03 гээд аягүй гоё нэр өгчихсөн. Дарга өргөмжлөх үнэхээр дуртай. Цусанд нь байгаа соёл. Одоо хүртэл цочирддоггүй.
1990 онд ардчилсан хувьсгал эхлүүлэхдээ л маш олон хүн дарга нарын тусгай хангамжийг зогсооё гэсэн. Одоог хүртэл нөгөө гурван дарга нь уулын мухарт тусдаа байшинд амьдардаг хэвээрээ. Найр наадам болно, гурвуулаа яг феодал ноёд шиг аливаа юмны индэр дээр зэрэгцэж суудаг хоббитой. Тэр хобби нь УИХ-ын дээр хээ хуар болсон сандалд яг одоо ч зэрэгцээд сууж байгаа. Ийм хээ хуар болсон сандал дээр гурвуулаа зэрэгцээд сууж байдаг парламентыг та бүхэн өөр газраас олохгүй. Ардчилсан гэж нэрлэгдэж байгаа улсын хамгийн суурь шинж нь танай нийгэм олон ургальч үзлийг дэмждэг үү? Олон ургальч үзэл бол хүн бүр өөрийн үзэл бодолтой байх гэдэг эрхээс улбаатай. Түүнийг илэрхийлэх гэхээр зарим нь сэтгүүлчдийн эрх үүрэгтэй холбогдоно. Эвлэлдэн нэгдэх гэхээр улстөрийн намтай холбогдоно. Ийм суурь байгаа юу гэдгээс асуултаа эхэлнэ. Ийм суурь байгаа бол танайд хүмүүс нэгдээд, ойролцоо үзэл бодолтой хүмүүс нэгдээд тогтвортой институци байгуулахыг зөвшөөрдөг юм байна буюу олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрдөг юм байна. Олон намын тогтолцоо байдаг юм бол чөлөөт сонгууль байдаг юм байна. Чөлөөт сонгууль байдаг юм бол парламентын нийтийн танхим буюу намуудын өрсөлдөөнөөр хуваагдаж суудаг парламент байдаг юм байна. Парламент нь нийтийн танхимтай л бол хүссэн хүсээгүй төвийг сахидаг, намын улстөрөөс ангид спикертэй байхыг шаардаж эхэлж байгаа юм. Үүнийг яагаад чухалчилж ярьж байгаа вэ гэхээр сууриараа Үндсэн хуулийн онол нь ийм. Төлөөллийн танхим, нийтийн танхим байна. Олон намын тогтолцоо байна. Олон ургальч үзэл бүхий үзэл санааны чөлөөт ертөнц байна. Тийм л байгаа юм бол танайх парламенттай. Танай парламент байгаа л юм бол спикер чинь төвийг сахисан, намын улстөрөөс ангид байх ёстой. Энэ зарчмыг бид одоо хүртэл хийж чадахгүй байна. Улстөрийн намын лидер нь парламентын спикер хийдэг тохиолдол байгаа. Хамгийн топ жишээ болдог гурван улс нь АНУ, БНСУ, Тайвань. АНУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай. Засгийн газар нь тусдаа. Хүчтэй Ерөнхийлөгчтэй учраас нөгөө талд нь хүчтэй парламент байх ёстой гэдэг зарчмаар хэрэв цөөнх нь парламентад олонхи болбол лидер нь заавал спикер болно гэдэг зарчмаар яваад ирсэн түүхтэй. Ерөнхийлөгч нь нэг тал, конгресс нь нэг тал байх тохиолдол гардаг. Гэхдээ АНУ-ын хамгийн чухал ид шид бол Ерөнхийлөгч, конгресс хоёр хэчнээн галзуурч байсан ч тэрийг тас цохих эрх мэдэл байдаг нь шүүх.
Ямар ч Ерөнхийлөгчтэй байсан Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг тас цохих хэмжээний бие даасан ажиллаж чадах шүүхийн системтэй. Монголд тийм байгаа эсэхийг мэдэхгүй байна. БНСУ бол Ерөнхийлөгч болон парламент нь яаж алалцаж байгаг та бүхэн маш олон түүхээр мэднэ. Бараг бүх Ерөнхийлөгчөө шоронд хийж байсан.
Шоронд ороогүй Ерөнхийлөгч маш цөөн. Нэг намын лидер нь парламентаа ашиглаад, нөгөө намын лидер нь Ерөнхийлөгч болон түүний институцыг ашиглаад хоорондоо байнга тулалдаж байдаг. Тайвань бол Гоминданы нам гээд ганц намтай байсан. Нэг нам төрийн бүх эрх мэдлийг хуваарилж авах нь ёстой тэдний л дотоод асуудал байсан байх. Бид арай өөр системийг дагаж дуурайх гэж оролддог. Саяхан болоод өнгөрсөн Засгийн газрыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол, Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаатай холбоотойгоор тэр хуралдааныг удирдсан дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх гээд маргаан болсон. Маш олон хүн маргалдсан. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан. Дахиад хэлэхэд цагаан дээр хараар бичсэн тэр хууль үйлчилсэн үү? Эсвэл Үндсэн хуулийн цэц дээшээ тэнгэр харж байгаад шийдвэр гаргачхав уу? Маш олон хүн Үндсэн хуулийг сахин хамгааллаа, баярлалаа гээд алга ташаад байсан. Надад бол хоёр талтай юм шиг харагдсан. Яагаад гэвэл дахиад цагаан дээр хараар. Үндсэн хуулийн цэц эхлээд шийдвэр гаргахдаа хэлсэн үгийг санаж байвал УИХ үүнийг хэлэлцэхгүй, хэлэлцэх эрхгүй. Их суудлын хуралдаанаар энэ шийдвэрийг гаргаж байгаа учраас эцсийн шийдвэр цэцийнх гэж хэлсэн. Дараа нь цэц шийдвэр гаргасан. Гэхдээ эцсийн шийдвэр гэж зассан. Үндсэн хуулийн цэцийн веб сайт дээр юу гэсэн бэ гэхээр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай гэдэг гарчигтай дүгнэлт, тайлбарууд зөндөө явсан. Та бүхэн Үндсэн хуулийн 66-р зүйлийг уншаад үзээрэй. Тэнд УИХ-ын үйл ажиллагааг хянах тухай эрх өгсөн нэг ч заалт байхгүй. УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэц хянадаггүй. Гэсэн хэр нь Үндсэн хуулийн цэц яруу найраг бичээд байгаа юм уу? Шүүх тийм байж болохгүй. Утга зохиол, яруу найраг бол хүч нэмэгдүүлсэн, гоёчилсон үгээр бичиж болно. Шүүхийн шийдвэр тийм байж болохгүй. Шүүхийн шийдвэр бол факт, хууль зүйн үндэслэл хоёроо л бичих ёстой. Хүч нэмэгдүүлээд ирэхээр л худлаа байдаг. Ард нь өөр юм байдаг. Тэр өөр юмыг халхавчлах гэж оролдож эхэлдэг. Үндсэн хуулийн цэцийн маш их хүч нэмэгдүүлсэн дүгнэлтийн үгнүүд эцсийн дүндээ өөрсдөө Үндсэн хуулиас гадуур ажилласан учраас тэрийгээ хаах гэж оролдож байсан. УИХ дээр санал зөрчилдөж явсан уу? Үндсэн хуультай зөрчилдсөн үү? гэдэг яриа бол байгаа. Түүнтэй маргаагүй, санал нэг байгаа. Тэр маргааныг шийдэж байгаа Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулийн дагуу ажиллах ёстой шүү дээ. УИХ процессын алдаа гаргасан гээд нэг нөхөр хэлэнгүүт дахиад Үндсэн хуулийн цэц процессын асар том алдаа гаргаж байгаад асуудлыг шийдэж болохгүй. Бид бүгд буруу ярьдаг. Үг хэлээ цэгцэлж чаддаггүй. 66-р зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц нь энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар гэж байна.
Үндсэн хуульд маргаан гэж бичээгүй. Маргаан, маргаантай асуудалд хоёр ялгаатай юу? Иргэний маргаан, эрүүгийн гэмт хэрэг гэж ярьдаг. Маргаан гэдэг бол хоёр тал маш тодорхой зүйл дээр хэрэлдэж байгаа, маргаж байгаа, тэрийгээ шүүхээр хамгаалуулах гэж оролдож байгаа зүйлийг маргаан гэж хэлдэг.
Маргаантай асуудал гэдэг нь хоёр тал үүн дээр маргаж байгаа эсэхээ сайн мэдэхгүй, маргаан мөн эсэхийг сайн мэдэхгүй байгаа, үүнийг шийдэх гэж байгаа байгууллага нь бас шүүх мөн эсэх нь сайн мэдэхгүй байгаа зүйл дээр энэ ч маргаантай асуудал байна шүү гэж хэлж байгаа юм. Энэ хоёр ялгаатай. Үндсэн хуулинд маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна гэж бичсэн. УИХ-д хүргүүлнэ гэж бичээгүй. Бүр УИХ-д оруулна гэж бичсэн. Орж ирсэн зүйлийг УИХ яадаг вэ гэдэг нь УИХ-ын бүрэн эрх дээр байгаа. Хэлэлцэх тухай, шийдвэр гаргах тухай. Саяны маргаантай холбоотой хоёр асуудал байсан. Нэг нь УИХ-ын бусад шийдвэр буюу тогтоол Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх. Энэ хоёр маргааныг яагаад хоёр өөрөөр бичсэн юм бол? Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, Үндсэн хууль зөрчсөн эсэх. Бид УИХ-ын тогтоол, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гээд яриад байдаг. Гэтэл Үндсэн хуульд тэгж бичээгүй. Нийцэж байгаа эсэх асуудлыг л ярина. Зөрчсөн эсэх асуудлыг ярихгүй. Албан тушаалтныг бол зөрчсөн эсэхийг нь ярина.
Бид хуулийг уншихдаа ч яагаад ялгаатай нэр томьёо хэрэглэсэн бэ гэдгийг бодож уншдаггүй. Улстөрчид нь ч тэр зүгээр дээгүүр нь гүйлгэж уншаад, хуулиа нягталж уншихаас илүүтэйгээр өөрийнхөө төсөөллөөр хууль яриад байдаг. Үндсэн хуулийн 66-р зүйлийн 3 дугаарт энэ зүйлийн хоёр дахь хэсгийн нэг, хоёрт заасны дагуу оруулсан дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол гэж байна. Тэгэхээр УИХ хүлээн зөвшөөрч болно. Эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байж болно. УИХ хүлээн зөвшөөрөх, үгүйгээ хэлэлцэж санал хурааж байж шийднэ шүү дээ. УИХ 126 гишүүнээс бүрдэнэ. Асуудлыг шийдэхдээ түүнийхээ олонхиор шийдвэр гаргадаг. Үндсэн хуулинд маш тодорхой биччихсэн байна. Гэтэл яагаад Үндсэн хуулийн цэц үүнийг УИХ хэлэлцэхгүй гэж шийдэж байгаа юм бол? Өөрөөр хэлбэл бодит байдал дээр Үндсэн хуулийн цэц одоо Үндсэн хууль тогтоогч болоод хувирчихсан. Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжинэ, хэрэгжихгүй гэдгийг тэд шийдвэрээрээ бичиж байна. Энэ тухай яагаад хэн ч ярихгүй байгаа юм бол? Цагаан дээр хараар биччихсэн байгаа Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэгжинэ, хэрэгжихгүй гэж шийдвэр гаргадаг байгууллага ер нь байдаг юм уу? Монгол Улсад байхгүй. Зөвхөн Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байж л заалтыг хүчингүй болгоно. Эсвэл нэмнэ. Өөрөөр хэн ч Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэгжинэ, хэрэгжихгүй гэж хэлэх эрх байхгүй. Гэтэл сая Үндсэн хуулийн цэц тэгээд хэлчихсэн. УИХ үүнийг авч хэлэлцэхгүй гээд. Ингээд хэлчихсэн чинь одоо УИХ нь шийдвэр гаргаж чадахгүй болчихсон. Энэ 95-р тогтоол чинь одоо хүчин төгөлдөр юм уу? Хүчингүй юм уу? Яагаад гэвэл 95-р тогтоолыг 3 дахь зүйл ажиллаагүй байхад хэн ч УИХ-ын өмнүүр орж хүчингүй болгох эрх байхгүй. УИХ өөрөө л хүчингүй болгоно.
Одоо ямар маргаан гараад эхэлсэн бэ гэхээр 95-р тогтоол хүчинтэй юм уу, хүчингүй юм уу. Яагаад гэвэл хэн ч хүчингүй болгоогүй учраас хүчинтэй хэвээрээ. Хэрэв 95-р тогтоол хүчинтэй хэвээрээ гэж үзэх юм бол УИХ-аас мандатгүй Засгийн газар ажиллаад байгаа юм уу? Эцсийн дүндээ ийм маргаан гарна.
Ийм тэнэг маргаан гаргахгүйн тулд Үндсэн хуулинд маш тодорхой бичсэн байсаар атал Үндсэн хуулийн энэ агуулгыг, процессын нөхцөл байдлыг яаж хэрэгжих вэ гэдэг дээр нь байхгүй болгочихсон. Уг нь парламент нь парламент шиг байсан бол Үндсэн хуулийн цэц ямар тэнэг шийдвэр гаргадаг юм гээд өөрсдөө хэлэлцээд, асуудлаа эцэслээд явах ёстой. Гэтэл улстөрийн хуваагдалтай хэрүүл тэмцэл болсон уу яасан, нэг хуваагдсан хэсгийнх нь захиа даалгавраар цэц ажиллачихсан учраас цэцээ буруутгаж чадахаа байчихсан. Тэгээд УИХ нь шийдвэр гаргаж чадахгүй. 95-р тогтоолоо яах вэ гэсэн чинь манай улстөрчдийн олж байгаа гарц нь УИХ-ын дарга нь 95-р тогтоол хүчингүй гээд зүгээр алхаа цохьё гэдэг. 126 гишүүний нэг нь нөгөө 126-гүйгээр шийдвэр гаргах гэж байгаа юм. Тэгэх юм бол УИХ-ын дарга нь өөрөө цэц рүү явна шүү, тийм юм байхгүй гэсэн чинь тэгвэл төрийн мэдээлэл дээр 95-р тогтоол хүчингүй гээд хэвлэчихье гэнэ. Хэрэв цаасан дээр хэвлээд болчихдог бол УИХ гэж байх хэрэггүй. 126 гишүүн ч байх хэрэггүй. Тэнд хэвлэлийн компани ажиллуулаад хуулиа баталж байсан нь дээр шүү дээ. Би яагаад цагаан дээр хараар гэдэг үгийг хэлье гэж бодсон бэ гэхээр энэ Х.Тэмүүжингийн үг ерөөсөө биш. Энэ зүгээр л цагаан дээр хараар бичсэн байгаа Монгол Улсын Үндсэн хууль.
Бид Үндсэн хуулиа уншдаггүй хүмүүс байна. Үндсэн хуулийн текстийн ард ямар зарчим, онол, агуулга явж байдаг тухай ярилцдаггүй хүмүүс байна. Бид юу ярьдаг вэ? гэхээр хэн дарга юу гэж хэлэв, үгнийх нь ард хэн ямар албан тушаал дээр очих гэж байгаа юм, яг юу байгаа юм гэдэг өөр юм уншиж хайцгаадаг хүмүүс юм байна.
Товчхондоо ийм л байна. Ер нь цаана нь зөндөө зүйл байгаа. Үндсэн хуулийн 66-р зүйлийн нэг дээр маргааныг хянан шийдвэрлэнэ, хоёр дээрээ маргаантай асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж бичсэн. Гурав дээр дахин хянан үзэж эцсийн шийдвэрийг гаргана гэж бичсэн. Энэ агуулгуудаас харахад маргаантай асуудал бол маш ойлгомжтой, дэлгэрэнгүй бөгөөд тодорхой биччихсэн дөрвөн зүйл байгаа. Цэц дээрх маргаан гэж юу юм бэ, хянан шийдвэрлэдэг маргаан нь юу юм бэ гэж дахиад тусдаа зүйл байгаа. Бид бараг 20 жил маргаж байна. Бусад улс орнуудад, манайх шиг Үндсэн хуультай улс орнуудад Үндсэн хуулийн шүүхийн маргаан гэж ганц л зүйлийг ойлгодог. Иргэний үндсэн эрх. Бусад зүйл нь маргаан гэж үзэхэд их төвөгтэй. Маргаантай асуудал гэж ярих нь илүү зохимжтой гэж үздэг. Иргэний үндсэн эрхийг яагаад маргаан гэж байгаа юм бэ гэхээр шүүхийн үндсэн зарчим. Хүн өөрт тохиолдсон асуудлаар л гомдол гаргах эрхтэй. Өөр хэн нэгний талаар буюу Бат Доржийг зодоод байсан гэж шүүхэд гомдол гаргаж, асуудлыг шийдүүлэх гэж оролдож ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл би шүүхэд гомдол гаргах ёстой хүн биш. Тэр Дорж өөрөө гомдол гаргах ёстой. Иргэн хүн би ингэж хохирсон гээд гомдол гаргаж байвал энэ бол маргаан. Иргэн хүн тэр тэгээд байсан гэж асуудал бичиж байгаа бол тэр маргаан биш. Энэ өөр зүйл. Тэгэхээр Монгол улсын Үндсэн хуулинд маш тодорхойгоор маргааныг гээд биччихсэн байгаа зүйл бол ҮХЦ иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай асуудлаар өөрөө иргэн гомдол гаргаж байгаа бол түүнийг авч хэлэлцэх эрх байгаа байхгүй юу. Харамсалтай нь үүнийг 1992 оны Үндсэн хуулиас хойш 33 жил ҮХЦ авч хэлэлцэхгүй байгаа бөгөөд, авч хэлэлцэх дургүй байгаа. Тэдний хэлдэг ганц үг нь бид ачааллаа дийлэхгүй гэж. Яагаад тэгж хэлдэг вэ гэхээр Герман улсын Үндсэн хуулийн шүүхийн нийт шийдэж байгаа маргааны бараг 96 хувь нь иргэний үндсэн эрхийн маргаан. Манайх бол зөвхөн улстөрийн хэрүүл авч хэлэлцдэг. Иргэний үндсэн эрхийн маргааныг авч хэлэлцдэггүй.
Олон хоногийн өмнө гүтгэхтэй холбоотой эсэх асуудал дээр иргэд ярьж эхлэж байна лээ. Гэхдээ хэн нь хохирсон гэдгийг би мэдэхгүй байна. Би ингээд хохирсон гэдэг факт яриагүй. Энэ нь Үндсэн хууль зөрчөөд байгаа юм аа гэсэн. Факт ярихгүй, үзэл санаа яриад байхаар тэр нь маргаантай асуудал байдаг. Маргаан болж магадгүй.
Болохгүй ч байж магадгүй. Бид уг нь академик түвшинд, их сургуулиудын танхим дотор өрнөж байх ёстой үзэл санааны маргааныг л ҮХЦ нь тэнд авч маргаад байгаа юм. Үзэл санааны маргааны нэг төвөгтэй зүйл нь тухайн цаг үед ямар онол парадигм болж байна түүгээр л шийдэгдэнэ. Факт баримт дээр тулгуурлахгүй. Яг иргэний үндсэн эрх буюу би ингээд хохирчихсон гэдэг дээр ямар онол ноёлж байна вэ гэхээр тэнд ямар үзэл санаа, ямар эрдэмтний ном мода болж байгаа эсэхээс үл шалтгаалаад урт хугацаанд хүний эрхийг хамгаалахын тулд ямар түүх, ямар баримт, ямар шүүхийн шийдвэрүүд, ямар үзэл санаа байна вэ гэдгээр хэмждэг зүйл. Манай Улс яагаад юм мэдэхгүй Үндсэн хуулийн 66-р зүйлийн 1-г амилуулахыг ерөөсөө хүсэхгүй байгаа. Зөвхөн 66-н 2 дээр л хэрэлдээд яваад байгаа. Их олон жил маргаж, олон жил хэрэлдэж байгаа. Энэ чиглэл рүү явах үгүйг би хэлж мэдэхгүй байна. Миний та бүхэнтэй хуваалцах гэсэн зүйл ердөө л энэ. Цагаан дээр хараар. Сэтгүүлчид үйл явдлыг сурвалжлахдаа цагаан дээр хараар юу байгаа вэ гэдгийг өөрсдөө уншчихдаг байх юм бол хэрэгтэй. Хүний үгээр биш, гүйж очоод нэг хүний үг аваад л, эх сурвалжууд байж болно. Гэхдээ жоохон бүтээлч байвал, эх сурвалжууд тэгж хэлсэн. Гэхдээ хууль нь ийм байхад яагаад ингэж байгаа юм бол гэдэг асуултууд тавьдаг болчихвол манайд хэрсүү оюун ухаан амилах байх. Одоогоороо байх юм бол бид урсгал дотор хөвөгчид. Мөнгө төлсөн хүний хөгжмийг хүч нэмэгдүүлж дуугаргагч нар болчхоод байгаа.
Тийм биш байвал чөлөөт нийгэмд их хэрэгтэй байна. Одоо байгаа энэ янзаараа яваад байх юм бол Монгол улсад Үндсэн хууль засаглахгүй байгаа. Монгол улсад улстөрийн нэг нам засаглаж байна. Мөдхөн аягүй бол нэг хүн засаглах хэмжээнд очиж магадгүй. Нам биш.
Тэмдэглэсэн М.Чойжал
sonin.mn







Зочин · 1 цагийн өмнө
ANUSDAAD AL SEXSEER80955877XUCHINDI SEXSDMEER
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ80955877