2020.02.24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь насаа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.02.24-ны өдөр 21:10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна. Харин мөргүүлсэн иргэн О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас баржээ. Тухайн хэргийг илрүүлэх чиглэлээр Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгджээ.

Зам тээврийн хэрэг, осол санамсар, болгоомжгүй үйлдэгддэг боловч гэмтсэн иргэд тусламж үзүүлээгүй, ослын газрыг орхиж явсан үйлдэл нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг анхаарч үүргээ ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт анхааруулж байна. Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулья.

Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй гэдэгт бид итгэж байна. Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна!!!