Коронавирусийн халдвараас болж, фитнес клубүүдийн орлого 50-70 хувь буурчээ. Хүмүүс фитнесээр хичээллэх сонирхолтой хэдий ч олон хүн цугласан газар байхыг хүсэхгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлсөн болохыг тэд хэлсэн юм. 

Улсын хэмжээнд 60 гаруй фитнес клуб үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь түрээсийн байранд байдаг тул COVID-19 цар тахлаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороход 10 орчим нь түрээсээ төлж чадалгүй “дампуурлаа” зарлажээ. 

Хэвийн үйл ажиллагаа явуулах шийдвэр гарсан ч шаардлага хангаагүй тул дээрх газрууд хаалгаа барихаас өөр аргагүй болсон байна. Фитнес клубүүдийн орлого олох оргил үе нь 12 дугаар сараас зургадугаар сар хүртэл байдаг гэнэ. Орлого их хэмжээгээр олдог үедээ үйл ажиллагаагаа зогсоосон тул энэ жил ямар ч ашиггүй ажиллах нь тодорхой болжээ. Учир нь хуучин шиг олон хүн нэг дор бөөгнөрөх боломжгүйгээс үйлчлүүлэгчдийн тоо 50 хувь буурсан байна. Мөн зун болохоор хүмүүс амралт зугаалгад их явдаг учир фитнес клубүүд алдагдалтай ажилладаг аж. Монголын бодибилдинг фитнесийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар “Фитнес клубүүд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ч үйлчлүүлэгч бага байна. Хүмүүс олон хүнтэй газар очихоос зайлсхийж, гэртээ гэр бүлээрээ дасгал хийгээд хэвшсэн санагдлаа. Зарим клубүүд түрээсээ төлж чадахгүй болсон тул үйл ажиллагаагаа зогсоосон.

Мөн байрны подвальд байдаг клубүүд байгалийн гэрэл, агаар ордоггүй тул шаардлага хангахгүй гээд ажиллахыг нь зөвшөөрөөгүй. Одоо шаардлага хангасан газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэнх нь түрээсэлдэг болохоор ямар ч ашиггүй болсон. Зарим нь түрээсээ 30-50 хөнгөлүүлж байхад хөнгөлөлт үзүүлэхгүй газар ч байна. Ихэнх клуб хямдрал зарлаад үйл ажиллагаа явуулж байгаа” гэв. Фитнесс клубүүдийг гурван түвшинд ангилдаг аж. Тодруулбал, А зэрэглэл буюу сарын төлбөр нь 200 мянган төгрөгөөс дээш, В зэрэглэл 100-150 мянга, С зэрэглэлд нь төлбөр багатай орон нутгийн клубүүд орно. В зэрэглэлийн клуб сард 100-150 хүн үйлчлүүлдэг тул 10 сая төгрөгийн орлого олдог байна. “Голден жим” клубийн орлого 60-70 хувь буурчээ. Тусгаар тогтнолын ордонд байрлах тус клубийн мэдээллийн ажилтан Г.Ариунжаргал “Өмнө нь өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо хоёр дахин багассан. Ажилчид хэвэндээ байгаа ч цалин 50-100 мянган төгрөгөөр буурсан” гэв. Харин үйл ажиллагаа явуулаад таван жил болсон “Бумбод” фитнес клубийн менежер Ш.Нарантуул “Орлого 50 хувь буурсан болохоор ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байна. Өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг байсан бол одоо хоёр дахин буурсан. Түрээсийн хөнгөлөлт үзүүлэхгүй болохоор нөхцөл байдал үнэхээр хүнд байна” хэмээлээ. Мөн Mogul фитнесийн захирал Э.Цэлмэг “Үйлчлүүлэгч хэвийн байгаа ч хүний хязгаар тогтоосон учир хичээллэх сонирхолтой хүн бүрийг хамруулж чадахгүй байна. Зааланд 10 хүнээс дээш хичээллэж болохгүй гэсэн учир орлого 30-40 хувь буурсан. Орлого буурсан учир бэлэн мөнгөө өгсөн хүнийг нь л бүртгэж байгаа” гэв.