Манай улсад аливаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээрээ буцаж буудаг хууль байдаггүй. Ер нь ч тэгээд шатахуун, долларын ханш өсөхөөр өргөн хэрэглээний үнэ өсчихдөг бичигдээгүй хуультай улс даа. Монополь компаниуд нь үүнийг тун чиг овжиноор ашигладаг болсон гэхэд хилсдэхгүй.

Үйлчлэгч "хаан" гэдэг хэрнээ хаандаа үйлчилгээний үнэ тариф, бүтээгдэхүүний үнээ нэмснээ ер дуулгадаггүй тогтолцоотой. Үүний тод жишээ болсон зөрчлийг ШӨХТГ-аас шалгасан байна. Тодруулбал,  “Мобиком” корпорац, “BSB электроникс” болон “Юнивишн” компанийн үйл ажиллагаанд хэрэглэгчээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийжээ.  “Мобиком”, “Юнивишн” нь үйлчилгээнийхээ багцыг өөрчлөн, үнийг нь нэмж буйгаа хэрэглэгчдэдээ урьдчилж мэдээлээгүй гэнэ. Түүнчлэн үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр нэмэлт үйлчилгээ үзүүлэн, төлбөр авсан байжээ. Энэхүү бүтээгдэхүүний үйлчилгээнийхээ өөрчлөлтийн талаар нийт хэрэглэгчдэдээ албан ёсоор танилцуулаагүй бөгөөд үйлчлүүлэгчидтэй байгуулсан зарим гэрээ нь гарын үсгээр баталгаажаагүй байсан аж. Харин “BSB электроникс”-оос авсан цахилгаан бараа баталгаат хугацаанаасаа өмнө эвдсэрсэн тул хэрэглэгч гомдол мэдүүлжээ. Энэ нь тухайн хэрэглэгч уг барааг ашиглах гарын авлагыг ойлгоогүйтэй холбоотой гэнэ.

Ингэснээр албан байгууллага, үйлчилгээний газрууд болон аж ахуйн нэгжүүд хаяг, бүтээгдэхүүний зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны журмыг монгол хэлээр бичээгүй буюу Монгол хэлний тухай хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Иймээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “Мобиком”-ыг 20, “Юнивишн”-ийг таван сая, “BSB электроникс”-ыг тодорхой хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Түүнчлэн шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг удаа дараа нэмсэн. Жижиглэнгээр борлуулдаг 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд сүүлийн 2-3 сард бүх төрлийн шатахууныг литр тутамд нь 97- 161 төгрөгөөр нэмсэн нь үндэслэлгүй болохыг тогтоожээ.

Дэлхийн зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний ханшийн өсөлт, хилийн үнийн нэмэгдэл болон тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг тооцсон дүнг нэгтгэн дээрх дүнгээр шатахууны үнийг нэмэх үндэслэл үүсээгүй байна. Тиймээс ШӨХТГ-аас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, хяналт тавих үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийг яаралтай хуралдуулах, шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад анхаарахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагуудад уриалан, шаардлага хүргүүллээ. 

Түүнчлэн шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүнийх нь үнийг төрөөс хянах зохицуулалт бий болгох тухай журмыг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр тусгуулахыг хүсэв. 

Үйлчлэгч, хэрэглэгчээ хохироосон эл үйлдэлүүдэд торгуулиар толгойг нь илээд өнгөрөөд байх нь хэр зүйд нийцтэй вэ.