Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй
7 цагийн өмнө
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, улс орнуудын хоорондын үл ойлголцол мэдээллийн дайн, соёлын зөрчил, эдийн засгийн өрсөлдөөнөөр илэрч байна.
Энэ үзэгдэл Монгол Улсын дотоод орчинд ч туссан нь Орос, Хятадын эсрэг үзэл санаа, үзэн ядах хандлага цахим орчинд нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Гэвч ийм хандлага нь Монголын гадаад бодлогын суурь зарчим, үндэсний язгуур эрх ашигт хэр нийцэж байгаа вэ?
Монголын геополитикийн бодит байдал
Монгол Улс бол хоёр их гүрэн — Орос, БНХАУ —-ын дунд орших, далайд гарцгүй, харьцангуй бага хүн амтай орон. Энэхүү газарзүйн онцлог нь манай улсын гадаад бодлогын тэнцвэрийг нэн чухал болгодог. Монголын эдийн засгийн экспортын 90 гаруй хувь урд хөрш БНХАУ руу чиглэдэг бол нефть, эрчим хүч, төмөр замын тээврийн гол хангамж хойд хөрш ОХУ-аас хамаардаг. Ийм нөхцөлд хөрш орнуудтай харилцаагаа муутгах нь эдийн засгийн шууд эрсдэл, үндэсний аюулгүй байдлын бодит заналхийлэл болохыг хэн хүнгүй ойлгох учиртай.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заахдаа:
14.1. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; гэсэн байдаг.
Энэ ишлэлээс харахад үзэн ядах сэтгэл хөдлөл бус, прагматик, харилцан ашигтай бодлого л бидний алсын харааг тодорхойлох ёстой.
Түүхэн гомдол ба өнөөгийн боломж
Түүхэнд Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд олон үйл явдал өрнөж ирсэн нь маргаангүй. Гэхдээ өнөөдөр бид XXI зуунд, дэлхийн эдийн засгийн сүлжээнд багтсан, бие даасан гадаад бодлоготой улс болсон. Өнгөрсөн гомдлоо ирээдүй рүү тээх нь төрийн ухаалаг бодлогын илрэл биш, харин хийсвэр сэтгэл хөдлөлийн үр дагавар болно.
Харин түүхийн сургамж дээр суурилж, хөршүүдтэйгээ зөв зүйтэй, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох нь бодит боломж юм. Энэ бол зөвхөн эдийн засгийн ашиг гэхээсээ илүү Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм.
Нийгмийн сэтгэл зүй ба мэдээллийн хариуцлага
Нийгмийн сүлжээ, зарим улс төрийн тоглогчид өөрсдийн эрх ашгийн үүднээс олон нийтийн сэтгэл хөдлөлийг турхирч, хоёр хөршийн эсрэг популист уриа, туйлширсан мэдээлэл тараах хандлага ажиглагддаг. Энэ нь богино хугацаанд олны анхаарал татаж болох ч урт хугацаандаа Монголын нэр хүнд, гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тиймээс иргэд маань мэдээллийн үнэн бодит байдалд шүүлтүүртэй хандаж, “дайсан хайх” бус, эрх ашгаа хамгаалах бодлогын сэтгэлгээтэй болох цаг нь болсон.
Бодлогын тэнцвэр л Монголыг авч явна
Хөрш орнуудтайгаа сөргөлдөх биш, харилцан хүндэтгэсэн, ухаалаг, тогтвортой харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцнэ. Үзэн ядалт бол иргэний сэтгэл хөдлөл байж болох ч төрийн бодлогын үндэс болж үл чадна. Бидний үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, тусгаар тогтнолын баталгаа нь ухаалаг, төвийг сахисан, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого байх болно.
Эцэст нь хэлэхэд, хөршөө сонгож болдоггүй. Харин хөрштэйгөө хэрхэн харилцахыг бид өөрсдөө сонгодог. Энэ сонголт Монголын ирээдүйг тодорхойлно.
С.Сарнай
sonin.mn
Зочин · 7 цагийн өмнө
TSAGN SEKSEER XANGN BOOBN DYRTAIGAAR N DOLOON80955877
Зочин · 7 цагийн өмнө
XYJAATAI SEXSEER VANXANDI BOOW XXI ANUSDAAD80955877