Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас наадмын өдрүүдэд 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажилчдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Энэ хүрээнд Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгт нийт 610 зөвшөөрөлтэй цэгт байнгын хяналт тавьж, нийт 229.5 кг муудсан мах хурааж устгалд оруулсан байна.

Баярын өдрүүдэд муудсан махнаас гадна зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэх зөрчил цөөнгүй гарсан аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд гэхэд зөвшөөрөлгүй болон гар дээрээс худалдаа хийж буй есөн иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас муудсан махнаас гадна 0.0035 мм-ээс доош 1.200 ширхэг гялгар уут хураан авч, Хүй долоон худагт  32 архи, 25 пиво хураасан байна. Мөн хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруулсан байна.