Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ илүү хүмүүнлэгийн үйлст түлхүү ажиллах болсон жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр өнөөдөр "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаагажээ.

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүний алба хашдаг тэрбээр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд байнга оролцож, МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжин ажилладага аж.

Э.Ууганбаяр нь 1984 онд төрсөн, 1991-2001 онд нийслэлийн 14 дүгээр сургуулийг төгсөөд 2001-2005 онд СУИС-д суралцан төгссөн байна.

2005-2007 онд “Хувьсал продакшн” 2006-2007 онд “Хувьсал энтертайнмент” 2009 оноос “Найзууд театр”-ын жүжигчнээр тус тус ажиллаж байна. Хамгийн сүүлд “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг амжилттай хөтөлж, олны талархлыг хүлээсэн.

Тэрбээр тайз, дэлгэцийн 30 гаруй уран бүтээлд тоглож буй манай авъяаслаг залуу жүжигчдийн нэг бөгөөд хүүхэд залуучуудын талархлыг хүлээж, үлгэр дууриал болдог. Түүний хувьд Улаан загалмайч хүүхдүүдийн хөдөлгөөний тэргүүнээр 2018 онд сонгогдсон байна.