Сонгуулийн дараа мэдлэг мэргэжилгүй хэсэг бүлэг хүмүүс даргын зөөлөн сэнтийд залардаг шинэ дүрэмтэй болж татаас дэмжлэгээр дээшилсэн зарим нөхөд улсын хөрөнгийг үрэн таран хийх нь бараг л энгийн үзэгдэл болсон гэхэд   хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

Гэхдээ даравч дардайна гэгчээр идэж уусан  хэрэг тун удахгүй олон нийтэд ил болдог.  Жишээ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатартай холбоотой таагүй мэдээллүүдийг хамт ажилагсад нь дэлгэсэн. Тухайлбал, Тэмүүжин өрлөг” тусгай сургууль бол батлан хам­гаалах бодлогын хүрээнд бай­гуулагдсан анхны сургууль.  Лу.Болд сайдын 79 дүгээр ту­шаалаар цэрэгжсэн сургууль бай­гуулах тушаал гарч, энэ үүргийг  Батлан хамгаалах  их сургуулийн захирал З.Болд­баатарт  даалгасан байдаг.

 

Гэтэл З.Болдбаатар тушаалынх нь заал­­туудыг хэрэгжүүлээгүй, хууль ёсоор энэ сургуулийг байгуу­лаагүй аж. Тэрбээр БХЯ-ны Төрийн на­рийн бичгийн дарга болохоосоо өмнө БХИС-ийн захирлын албан тушаалыг хашиж байсан. Тус сургууль төсвийн хөрөнгөөр сан­хүүждэг нэлээд эрх мэдэл бүхий газар. Учир нь, Монголын ууган сургуулиудын нэг,  мэргэж­лийн офицер ахлагч нарыг  бэлтгэдэг гэдэг утгаараа улсаас төсөв мөнгө гаргуулж авдаг том газар аж.



Гэтэл З.Болдбаатар  захирлын албан тушаалыг хашиж байх­даа гурван жилийн өмнөөс Суворовын сургуулийг дуурайсан “Тэмүүжин өрлөг” гэх сургуулийг байгуулахаар болжээ. Ингэхдээ тус сур­гуулийг байгуулах нэрийд­лээр хувийн ашиг сонирхлоо харж ихээхэн, мөнгө завшсан хэмээн тус сургуулийн захирал асан  С.Наранцогт мэдэгдэж байсан.



Цэргийн сургуулиараа дэлхийд алдартай Оросын Суворовын сургуулийг ка­нондсон  “Тэмүүжин өрлөг” сургуульд голдуу цэргийн  байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан   офицер, ахлагч нарын хүүхдүүдийг  элсүүлдэг аж.   Энэ нь цаанаа учиртай гэнэ. Учир нь, цэргийн алба онцгой байхын зэрэгцээ ахуй хангамж сайтай,  энхийг сахиулах ажил­лагаанд оролцон, гадаадын улс орон руу явж, амжиргаандаа эрс нэмэр болохуйц  цалин мөнгө авдаг болохоор үр хүүхдээ З.Болдбаатарын байгуулсан “Тэмүүжин өрлөг” сургуульд оруулах гэж улайрдаг гэх.  



Харин  эцэг,  эхчүүдийн энэхүү хүслийг бригадын генерал уландаа гишгэж “Тэмүүжин өрлөг” сургуулиа улсын бүртгэлд бүртгүүлэхдээ математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль хэмээн гэрчилгээ авсан  байх юм. Алдарт Суворовын цэргийн сургуулийг дуурайна гэж гарч ирээд ердийн сургууль болгосонд олон эцэг эхчүүд гайхдаг  аж.

 

Ерөнхий боловсролын сургуульдаа   хүүхэд элсүүлэхдээ элсэлтийн хураамж, сургалт, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, цэрэг хувцасны зардал зэргийг ар гэрт нь даалгасан байдаг. Уг нь цэргийн сургууль  улсаас авдаг мөнгөөрөө эдгээр хүүхдүүдийн бүх зардлыг даадаг уламжлалтай. Энэ тухай эцэг эхчүүд гомдол гаргах гэсэн боловч  хүүхдүүдээ хэл аманд өртүүлээд  яах вэ  гээд чимээгүй явсаар өнөөдрийг хүрчээ.



Энэ бүхнийг тэвчихээ больсон эцэг, эхчүүд үнэнийг  хэлэхээс өөр аргагүй болсон байна. Энэ тухай тус сургуульд сурдаг нэгэн  хүүгийн эцэг “Би насаараа цэргийн газар ажилласан хүн. З.Болдбаатар генералыг цэргийн сургуулийг дуурайсан гоё сургууль байгууллаа гэж бид их баярлаж байсан. Гэтэл анх ярьснаасаа өөр зүйлд хөтлөгдөн явах болсонд гайхаад байна.



Бидний олж мэдсэнээр тус сургуулийн шинээр барих барилгад зориулан улсаас нэлээд хэдэн тэрбум төгрөг гаргаж өгсөн гэсэн. Гэтэл тендерийн ажил, зураг төслийг нь генерал  замаас нь будилуулсан гэж зарим багш нар хууль хяналтаныханд мэдэгдээд байгаа юм билээ. Энэ нь тендерт ялсан компанид улсаас мөнгийг нь шилжүүлж өгчихөөд байхад “Сургуульд элсэгч­дийн барьцаа” хэмээн хүүхэд бүрээс 680 мянган төгрөг хураасан учир бид дуугарахаас өөр аргагүй болсон.



Саяхны нэгэн сонинд өөрийгөө өмөөрсөн ярилцлага  өгсөн  байна билээ. Гэхдээ яах вэ. Бидний үр хүүхдийн хүсэл мөрөөдлөөр тоглож болохгүй гэдгийг З.Болбаатар генералд дамжуулъя. Тэгээд ч хуулийнхан үнэн зөвийг нь шалгаад тогтоогоод  өгөх байлгүй дээ” гэж ярьсан юм. Энэ  тухай тодруулахад барилгын төсөв батлагдаад мөнгө нь орсон тохиолдолд хууль бус хуримтлал үүсэх ёсгүй байдаг юм байна.



Мөн улсын төсвөөр санхүүждэг ерөнхий боловсролын аль ч сургууль барьцаа мөнгө авдаггүй аж. Хэрвээ авсан тохиолдолд гэмт хэргийн үйлдэлд тооцогддог гэнэ. Бас нэгэн  сонирхолтой   мэдээ­лэл нь  З.Болдбаатар  хүүхдүүдээс   авсан хуримтлалын мөнгөө эхнэрийн­хээ хамаатны хүний хувийн дансанд шилжүүлсэн аж. Ямартай ч генералыг дүү­тэйгээ нийлж 84 сая төгрөг тус сургуулиас завшсан хэмээн АТГ-т шалгалуулахаар болсон  байна. Үнэхээр хүүхдүүдээс хурааж авсан хуримтлалын мөнгө түүний эхнэрийн хамаатны дансанд орсон  эсэхийг сурвалжилж дараагийн дугаартаа хүргэх болно.