90 –ээд оноос хойш Монголын амьдрал сайхан болж байна. Үүнтэй маргаж, үгүй гэх хүн бараг гарахгүй байх. Амьдрал дээшилж, баяр олон болж, баяр бүрээр бялуу хувааж, шампанск буудуулаад л.

Бялуу ер нь амттай, гоё харагддаг мөртөө хэмжээ бага тул олонд хүртээхийн тулд маш нимгэн зүсч хуваадаг. Бүр намууд хүртэл бялуу хуваана. Нэг нам гарч ирнэ. Түүний бялуунаас хүртэгсэд их багынх хэмжээнээс амьдрал нь шалтгаална. Нөгөө нам нь гарч ирнэ. Бас л бялуугаа хуваана. Хамгийн сонирхолтой нь бялуу дутсан хүүхэд учиргүй гомдон уйлдаг. Тэд бялуу орлох чихэр ч юм уу, өөр амттан өгвөл дорхноо тайтгардаг. Харин намын бялуу дутсан томчууд бол үгүй. Дутсан зүсмийн оронд өгөх амттанг ах нар нь дөрвөн жил хайна. Зүсэм бялуугаа заавал авахгүй бол гомдол нь тасрахгүйгээс гадна угаасаа уургаа хөхөж чадаагүй туниа муутай хурга шиг амьдрах чадваргүй болж, өвс олж идэж чадахгүй “хог түүж, лааз өшиглөх” болно. Хамгийн утгагүй нь “хогоо ч” яах вэ? түүгээд амьдраад байна. Түүж яваагаа харуулах, дараагийн “баяраар”аваагүй зүсмээ авна шүү гэдгээ мартуулахгүй, сануулах гэж зовчихно доо. Хөөрхий “үйлээ эдлэгчид” аятайхан байхгүй бол “журмын ах нар” нь мартчих гээд их л зовоох байх даа.

 
Хөдөөд ядаж байхад бялуу олдоц ховортой. Хамгийн инээдтэй нь хүртэгсэд нь бүүр ховор. Багахан, амттай бялуугаа цөөхөн хэдэн олдсон хүртэгсэддээ “ахын үзэмжээр” жинхэнээсээ хуваана даа. Уг нь жинхэнэ хүртэх ёстойчууд ах нарын нүдэнд “од шиг” гялалзан харагдаад ч нэмэргүй. Тэд мэдэж байсан ч дээрээсээ заасан нэрсийн дагуу хүртээхгүй бол өөрсдийнх нь бялууг хураагаад авчих юм чинь. Тэнэг биш л юм бол хэн “амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх” билээ.
 
Харин амттай бялуунаас том бага, их хэмжээгээр зүсэм зүсмээр хүртэгсэд тэр дөрвөн жилдээ “сансарт ниснэ дээ”. Сансрын уудамд тэднийг хэн гэдэг, юу чаддаг, ямар сэтгэл зүрхтэйг нь хэн мэдэх вэ дээ, шаардлага ч байхгүй, сонирхох ч үгүй. Сонирхоод ч нэмэргүй, нэгэнт сонгогдчихсон юм чинь, сансар л бол сансар. “Газарт ” үлдэгсэд тэднийхээ сансраас авчрах “сайхан юм”-ыг нь хүлээгээд л... Заримдаа дээрээс “овоо”юм “чулуудчихна”. Заримдаа ч идсэнээс идээгүй нь дээр юм “шидчихнэ”. Тэр үед нь “өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр бөөн юм болно. Бөөн юм болох ч гэж дээ, учрыг нь олж идэж чадахаа болиутаа хүүхдүүддээ өгчихнө. Нөгөө нялх амьтад нь бодвол, өсөж том болсон хойноо гэнэт идэх гэтэл ялзарчихсан байх тул янзалж идэх гэж яаж зовох юм бүү мэд.
 
Сансраар аялах хөлгийн багийн гишүүдээр хамгийн их “хичээсэн, аз, эз”нь тодрогсод тодордог. Тэд жинхэнээсээ сансрын “Дисней ленд”-ээр аялцгаана. Газартаа гайгүй юм олж авчрах гэж мөн ч их “зовно”. Аргагүй шүү дээ, ард үлдэгсэддээ эргээд очих доо, нүүр бардам байх учиртай, бас дараагийн дөрвөн жилд дахиад боломж олдчих ч юм бил үү. Том том эрдэнийн чулуутай солирууд сансраар нэг зугаалаад л. Тэдэнтэй нэг л “барилдчихвал” ч. Манайхан ч мундаг шүү дээ. Нэг л зуураад авсан бол...
 
Газарт үлдэгсэдийн нэг хэсэг нь “Горьдлого” корпорацийн хувьцаа “эзэмшээд”, сайхан шүү дээ. Гэрийнхээ хоймортоо хэзээ нэг цагт жинхэнэ болох маш сайхан томруулан хэвлэсэн“үнэт цааснууддаа” залаад, цайныхаа дээжийг өргөөд, залбираад, хүлээгээд сууцгаачихна.
 
Харин нөгөө хэсэг нь өнгөрсөн дөрвөн жилээ дурссан шигээ, амандаа “Жаргалтай нь дэлгэр”-ийг аяласхийн, цээжиндээ бөөн хорсол тээн, дахиад гарах дөрвөн жилдээ “ алаад өгнө дөө” хэмээн шазуураа зуунгаа худал инээмсэглэж, өөрсдийн байгуулсан дөрвөн жилийн бүтээн байгуулалтынхаа үр шимийг хүртсэн шигээ, арай “багадуулчих вуу даа” гэж чамалсхийсэн шигээ сууцгаана даа.
 
Бид нэг иймэрхүү л дөрөв дөрвөн жилийн хэмнэлтэйгээр муугүй л амьдарч байна. Болно доо, болно.