АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ мягмар гарагийн орой "Staples" центрт болох Лос-Анжелес Лейкерс болон Лос-Анжелес Клипперс багийн тоглолтыг хойшлуулсан байна.

“Лейкерс-Клипперс багийн мягмар гарагийн тоглолтыг хойшлууллаа. Лейкерсийн домог Коби Брайант, охин Жианнагийнхаа хамтаар өнгөрсөн ням гарагт нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсантай холбогдуулан гүнээ эмгэнэж буй Лейкерс багийг хүндэтгэн энэхүү шийдвэрийг гаргалаа. Уг тоглолтыг товыг удахгүй гаргах болно” гэж “NBA”-н мэдэгдэлд тэмдэглэжээ.

Калабасас хотод осолдсон нисдэг тэргэнд К.Брайант болон түүний охиноос гадна долоон хүн сууж явсан бөгөөд бүгд амь насаа алдсан юм. Мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тэд осол гарах үед манантай байсантай холбогдуулан цаг уурын нөхцөл байдлыг судалж байгаагийн зэрэгцээ техникийн доголдол үүссэн эсэхийг шалгаж байгаа ажээ. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг