Н.Алтанхуягын засгийн газар 19 гишүүнтэй. Тэдгээрийн 17 нь давхар дээлтэй. Давхар дээлийг тайлах асуудлыг өнгөрсөн жилээс ярьсан ч  өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй л байна.  Удахгүй шийдэгдэх байх гэсэн найдлага байгаа.  

Сөрөг хүчин, Шударга ёс эвслийн бүлэг, бие даагч гишүүд  давхар дээл тайлах асуудлыг дэмжиж байгаа.  Гэхдээ бие даасан гарсан гишүүд давхар дээлийг тайлахаас гадна, Үндсэн хуулийн дордсон  долоон заалтаа мөн өөрчлөх ёстой.  Тиймээс энэ асуудлыг  төгс шийдэх ёстой гэсэн байр суурин дээр байгаа.  Харин Шударга ёс эвслийн бүлгийнхэн Засгийн бүрэлдэхүүнд багтсан болохоор бөөрөнхийлдөг зангаараа агуулгын хувьд дэмжиж, зарчмын хувьд анхаарах ёстой зүйлс байгаа хэмээн  мэдэгдсэн. Харин  МАН-ынхан хуулийг  хурдан баталж, хэрэгжих өдрийг 2014 он байх ёстой гэдгийг хэлж байгаа.  

Хүн бүр л давхар дээлийг нь эсэргүүцэж байгаа энэ цаг үед Засгийн газрын  гишүүд өөрсдөө давхар дээлээ тайлах талаар  ам нээгээгүй.  Харин Ерөнхий сайд л  “Давхар дээл өмсөөд халууцахгүй. Дан дээл өмсөөд жиндэхгүй. Би үнэндээ прагматик хүн. Өнөөдөр хүмүүст бензин шатахуун, талх тариа, бүтээн байгуулалтын асуудал л чухал байгаа болохоос биш тэр давхар байна уу, дан байна уу ард иргэдийн амьжиргаанд ерөөсөө нөлөөлөх юм биш шүү дээ” гэдгийг хэлж байсан.  

Энэ нь  сайд нар бүгдээрээ давхар дээлнээсээ салах дургүй, сандал ширээтэйгээ зууралдаад суугаад байх сонирхол байгааг илтгэж байгаа хэрэг юм. Улс төрийн соёл байгаад ичих булчирхай нь ажилладаг бол сайд нар  өнөөдөр сэнтийгээсээ бууж ард түмнээсээ уучлалт хүсэх ёстой байсан.  

Давхар дээлээ тайлж, дан дээлтэй болчихбол Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хор найруулах хүрээ нь багасч, эрх мэдэл, хөрөнгө санхүү захиран зарцуулах эрх нь хумигдах болохоор  эмээж байгаа нь аргагүй биз. Үнэн хэрэгтээ давхар дээлтэй байснаар  төрийн  ажил цалгардуулж, чуулган, байнгын хорооны  хуралдаанд өдрийн од шиг суудаг болсон.

Өөртөө зориулсан хуулийг санаачилж, өөрөө батлаад, өөртөө хяналт тавьдаг ийм гаж тогтолцоо дэлхийн нэн ядуу, авилгалтай   нэг хүний эрхшээлд байдаг улс орнуудад л байгаа.   Тэгтэл ардчилалыг хөгжүүлээд  20 гаруй жил болсон манай улс ийм гаж тогтолцоотой байгаа нь жинхэнэ эмгэнэл бөгөөд

АН ч олонх болсон юм чинь гэсэн шиг асуудлыг  боломжоороо сунгаж, завсарлага авсан.  Үнэн хэрэгтээ ингэж ёс зүйгүй авирлаж байхынхаа оронд мэддэг чаддаг нэгнийг нь сайд болгочихбол өнөөдөр асуудал ингэж хурцдахгүй л байсан.

Тиймээс  давхар дээл тайлах эсэх асуудлыг  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа 17 сайдыг Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу санал өгөхгүй байхыг хүсэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6-д "Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ", мөн хуулийн 9.1.7-д "Энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй" гэж тус тус заасан байгаа.  

Хуулийн энэхүү заалтыг санаж давхар дээлээ тайлах эсэх асуудлыг  хэлэлцэх үеэр санал  хураалтад оролцохгүй байхыг хичээнгүйлэн гуйж, хуулиа мөрдөхийг хүсэж байна.  

А.Баярмаа