Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав.

“Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Байнгын хороо хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороодоос 41, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс 99, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас 10, Засгийн газраас 95, нийт 250 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна. Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг тусгах зарчмыг баримтлан 25 төслийг тогтоолын төсөлд тусгасан ажээ.

Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Л.Цог тогтоолын төсөлд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гээд чуулганы нэгдсэн хуралдаанаар санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж асуулт асуусан. Тэрбээр, Засгийн газраас санал аваагүй, 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж дараалалд оруулсан нь ямар учиртай юм бэ хэмээсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2013 оны намрын ээлжит чуулганаар шийдсэн бөгөөд асуудал хэлэлцүүлгийн шатанд яваа хэмээн тайлбарласан. 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар албан ёсоор санал авах үеэр энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гарсныг тэрбээр онцолсон.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, эцсийн хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон байгаа Газрын тосны тухай хуулийн төслийг Засгийн газар татаж авах гэж байгаа гэсэн яриа гараад байна. Үүний учир шалтгааныг мэдмээр байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэлэлцэх асуудлын жагсаалтын “бусад” гэсэн хэсэгт багтсан гэдэгт итгэж байна хэмээсэн.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ үед үүнийг гарз хохирол багатай давах талаар ярих нь зүйтэй гэж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлхэлэлцэх асуудлын жагсаалтын дээгүүрт байгаа гэдгийг гишүүдэд тайлбарласан.

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар  “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоол батлагдлаа.