Үндэсний олон нийтийн телевиз Олимпийн тоглолт дамжуулаагүйтэй  холбоотойгоор нэлээд шуугив. Үндэсний зөвлөлийнх нь гишүүний хувьд зарим зүйлийг олон нийтэд үнэнээр нь мэдээлмээр санагдлаа. Үндэсний телевизтэй холбоотой дуулиан тасардаггүйн учир нь улстөрд байдаг.

Уг нь тусдаа хуультай, хараат бусаар ажиллах ёстой байгууллага. Харамсалтай нь олон нийтийн эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар хийгдсэн уг хуулийг зөрчих, үл тоох, зөвхөн өөртөө үйлчлүүлэх эрмэлзэл аль ч нам, аль ч засгийн үед байсаар ирсэн. Энэ нь сүүлийн үед бүр ч хүчтэй анзаарагдаж байна. Эрх мэдэл илүүтэй улстөрийн хүчин энэ байгууллагын дотоод асуудалд алсаас хүчтэй оролцож, дарга удирдлагаар нь хэнийг байлгах асуудлыг зайнаас шийдэхийн зовлонг Ц.Оюундарь амссан. Түүний зовлонг дараа нь Ц.Нинжжамц амссан. Ц.Нинжжамцын зовлонг нэг өдөр А.Бүрэнбаатар амсах нь мэдээж. Өнөөгийн тогтолцоо нь тийм юм. Үндэсний зөвлөлийнхөн ч улстөрийн дарамт хэр их байдгийг сайн мэднэ. Үүний улмаас эцэст нь энэ байгууллага, уран бүтээлчид л хохирдог. Бие биедээ гоморхож, өвөр зуураа түжигнэцгээдэг. Хэргийн эзэд харин энэ бүхнийг холоос харсан шигээ дотроо инээж суудаг. Байгууллагын хөгжлийн бодлого, залгамж чанар алдагддаг. 

 

Нэг том зовлон нь хүссэн дарга, эрх мэдэлтэн Үндэсний телевизийг санхүүгээр нь боохыг хичээдэг арга архагшиж байна. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа МҮОНРТ-ийн нэг жилийнх нь төсвийг өм цөм танаж санхүүгийн хүнд байдалд оруулж байсан. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа үзэгний үзүүрээр асуудлыг шийдэн төсөвт нэгэнт суучихсан байсан мөнгөний нэлээдийг нь өгөөгүй.

 

Одоогийн Сангийн сайд бас л энэ туршлагыг давтаж, миний мэдлийн мөнгийг өгөх эсэхээ би шийднэ гэх хандлага гаргаж байна. Уг нь Б.Жавхлан сайдыг чадварлаг, ноён нуруутай, асуудлыг зөвөөр ойлгох чадвартай сайн боловсон хүчин гэж би хувьдаа харж явдаг. Сайдын буруу биш, сайдад хэрхэн ойлгуулж байгаагийн буруу л болов уу.

Уг нь олон нийтийн телевизтэй болсон нь өөрөө ардчиллын нэг том ололт юм. Арилжааны телевизүүд эздийн эрхшээлд байдаг, ашгийн төлөө явдаг учраас өндөр хөгжилтэй улс орнууд олон нийтийн телевизээ хуулиар хамгаалж, төсвийн дэмжлэг үзүүлдэг. Олон нийтийн телевиз хариуд нь арилжааны телевизүүд ашиггүй хэмээн ордоггүй, гэхдээ иргэдэд зайлшгүй хүргэх хэрэгтэй тэрхүү мэдээлэл, мэдлэгийг хүргэх үүрэг хүлээдэг.  Түүнээс биш үзэгч олонтой, хандалт ихтэй, дуулиантай, туйлширсан агуулгын хойноос хөөцөлдөөд байдаггүй. Энэ утгаар нь олон нийтийн телевиз гэж нэрлэж, тусгай хуультай байлгадаг. Үзэгч олонтой, сонирхолтой байх шалгуурыг биш, харин олон нийтэд, улс оронд ач холбогдолтой байх талаас нь нэвтрүүлгийг нь дүгнэдэг. Төрөөс үзүүлж буй төсвийн дэмжлэгийг хэн нэгэн эрх мэдэлтэн мухарлаж тайраад байдаггүй.

 

Нөгөө нэг зүйл нь, улсын төсвийн дэмжлэгийг хамаа бусаар зарцуулж болохгүй, зөвхөн зориулалтын дагуу зарцуулах ёстой учраас контент бүтээж буй хамт олны цалин урамшуулалд ихэнх нь зарцуулагддаг. Техник технологитой холбоотой олгогдсон мөнгийг түүнд нь л зарцуулах ёстой болохоос Олимп, Дэлхийн аварга зэрэг томоохон тоглолт дамжуулах эрхийг худалдан авах мөнгийг төсвийн бус аргаар бүрдүүлдэг болохыг олон нийт төдийлөн ойлгохгүй байх шиг байна.

Олон нийтийн хоёр дахь том дургүйцэл телевизийн хураамж дээр илэрч байна. Олон нийтийн телевиз оршин тогтноход хураамж ихээхэн нэмэртэй. Хэрэг дээрээ Олон  нийтийн телевизийн хураамжийг л яриад байгаа болохоос УИХ-аас 2019.12.12-нд баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан арилжааны бүх телевиз тус хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр телевизийн үйлчилгээний хөлс авч байгаа. Монголын телевизүүдийн холбоо өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн тэр мөнгийг гишүүн телевизүүддээ хуваарилах хуулийн заалттай. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан гэж төсвөөс санхүүждэг тусгай сан бас бий. Телевизийн хураамжийн мөнгийг Үндэсний телевиз хэл амтайхан, бусад өргөн нэвтрүүлгийн телевиз чимээгүйхэн хүртэж байгаад л ялгаа нь бий. 

 

Үндэсний телевиз улстөрийн саварт базуулаастай олон жил тарчилж байгаагийн гол учир шалтгаан нь 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлахдаа  Үндэсний зөвлөлийн гишүүдийг олон нийтээс хараат бусаар сонгох заалтыг нь өөрчилж, 15 гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас виз авч байж, УИХ-аар хэлэлцүүлэн томилдог болгочихсоноос болоод олон нийтийн байх чадамж нь алдагдаж, улс төрөийн хараат болсонд байгаа юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс хэлж сануулдаг ч өөрчлөх хүсэл аль ч цаг үеийн хууль тогтоогч, эрх баригчдад байдаггүй юм.

Ер нь олон нийтийн радио телевизийн тухай  хуулиа сайжруулан өөрчлөхгүй бол улстөрийн хараат байдал хэзээ ч арилахгүй. Өндрөөс өдөөн турхирч бужигнуулах, төрийн нэр сүрээр далайлгах явдал эцэслэхгүй. Сүүлийн үед энэ байгууллагын үйл ажиллагааг аль болох тогтворгүй байлгаж, нэр хүндийг нь унагаж байгаад төрийн мэдэлд эргүүлэн авах, түүний дараа хувьчлах замаар олон нийтийн телевизийг үгүй хийх холын бодлого хэсэг улстөрчдөд байгаа юм биш биз гэх хар төрөх боллоо. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз ээ. 

 

Урианхан Б.Галаарид