БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэгтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар шатанд явж буй талаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа тодруулга өглөө. 

Тэрбээр "БНСУ-ын өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн солонгос сурагчид нийлэн зодсон, хүчирхийллийн хэргийн талаар арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод байгаа Консулын газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хэрэг энэ оны долдугаар сарын 3-ны өдөр гарсан. Хэрэг гарсны маргааш буюу долдугаар сарын 4-нд хохирогч охины ар гэрийнхний зүгээс Янсан хотын цагдаагийн газарт мэдүүлж, хэрэг бүртгэлтийг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн.

Энэ хэрэгт өөр сургуулийн дөрвөн сурагч холбогдсон бөгөөд хоёрынх нь хувьд аравдугаар сарын 1-нд хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Үлдсэн хоёр сурагчийн хувьд хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хэмээн үзэж, прокурорын байгууллагад аравдугаар сарын 28-нд шилжүүлсэн байна.

Консулын газрын зүгээс хохирогч охины ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллага, түүний сурдаг сургууль болон хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна.

Хохирогч охины ар гэрийнхний зүгээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллээр гарч, шуугиж байгаа асуудал нь хохирогч охины сэтгэл зүй болон ар гэрийнхний нэр хүндэд хүнд болон бусад асуудалд эмзэг тусаж байгаагаа илэрхийлсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал хандуулан ажиллана" гэлээ. 

ВИДЕО: