Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан баярын өдрийг тохиолдуулан Монгол үндэсний түүхээ бодит болгохын төлөө Ардчилсан нам, Эрдэмтэн судлаачид тэмцэхээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Түүхийн шинжлэх ухааны Ph.D- доктор, профессор Т.Лхагваа, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар нар оролцов.

Хэвлэлийн хурлын эхэнд Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар: “ Бид нэг намын, нэг үзэл суртлын үүднээс түүхийг тайлбарлаж ирсэн учраас 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, хувьсгалыг бүдгэрүүлж ирсэн.1911 оны хувьсгал нь Монгол улсад маш их ач холбогдолтой болсон.

 

1921 оны хувьсгалыг 1911 оны хувьсгалаас илүү ач холбогдолтой мэт үзэл суртал их явсан учраас бид үндэсний эрх чөлөөний хувьсгалынхаа үнэ цэнийг их бага ойлгодог. Иймээс түүхээ үнэнээр нь авч үзэх цаг болсон” хэмээсэн юм.

 

Энэ үеэр Түүхийн шинжлэх ухааны Ph.D доктор, профессор Т.Лхагваа: " Богд хаант Монгол улс байгуулагдсан нь онцгой ач холбогдолтой.  Учир нь 1911 оны хувьсгал бол үндэсний хувьсгал, тусгаар тогтнолын хувьсгал. Энэ 110 жилийн ой гэдэг хамгийн үнэ цэнэтэй ойн баяраа төр засаг, улс төрийн намууд, иргэд маань маш гүн гүнзгий мэдэж баймаар байна. Түүхийг буруу дутуу ойлгоод, үүнээсээ болж, түүхэнд гарч байсан алдаануудыг дахин давтах аюул одоо дөхчихсөн байна. Нэг алдаагаа дахин дахин давтах бол хүн төрөлхтний хамгийн адгийн шинж. Манай түүхчдийн олон сайхан судалгаанууд бий. Жишээлбэл түүхийн ухааны доктор Л.Жамсран гуай, Гүнжийн Сүхбаатар,С.Идшинноров, О.Батсайхан гэх мэт. Гэтэл Л.Жамсран, Г.Сүхбаатар гуайн судалгааны бүтээлүүдийг шатаачихсан шүү дээ. 11-р сарын 26-ны өдөр Улс тунхагласан гээд л баахан юм ярих юм. Гэтэл өмнө нь Богд Хаант Монгол улс байгуулагдчихсан байсан. Харин 1924 онд засаглалын хэлбэрийг өөрчилж, бүгд найрамдах засаглал л болсон юм шүү дээ.” гэв.

 

Харин Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан: “Монгол түмний хувьд тусгаар тогтнол, эрх чөлөө хамгийн үнэтэй зүйл. Бид өнөөдөр Монголоороо ярьж байгаа. Хятадаар шулганаж байх хувь заяа хүлээж байсан юм шүү. Үүнийг болиулсан өдөр бол 1911 оны 12-р сарын 29-ны өдөр болсон хувьсгал. Орчин үеийн Монголын түүхийн эхлэл энэ он юм шүү. 2011 оны 11-р сарын 23-нд УИХ-аар энэ өдрийг үндэсний баяр болгосон. Энэ баярын тухай сайн санаж, ярьж байгаарай. Тэгэхгүй бол үндэстэн мөхөхөд ойрхон байгаа шүү. 20-р зуунд 3 том хувьсгал болсон гэж ярьдаг. Үгүй. 20-р зуунд хоёр л хувьсгал болсон. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1990 онд Ардчилсан хувьсгал гэж. 1921 оны ардын хувьсгалыг би Монголчуудын хувьсгал биш гэж үзэж байгаа. Энэ бол 1917 оны Оросын октябрын хувьсгалыг Монголд экспортлосон явдал байсан. 1921 оноос хойш ямар зам туулсан билээ дээ? хичнээн хүнээ цаазлуулав? Туршилт л болсон. Орчин үеийн Монголыг үндэслэгч нь Д.Сүхбаатар биш Богд хаан.” хэмээгээд маргааш буюу 12-р сарын 29-ны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэхийг уриаллаа.

 

М.Гал