Манай улсад өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс. Тиймээс амралтын өдрүүдээр гэр бүл, хамт олноороо агаар салхинд гарч цана, чаргаар гулгахаар уулын бэлийг зорьдог.

Гэвч анхаарал, болгоомжгүйн улмаас чарганаас унаж, бэртсэн хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төвийг хүлээн авах тасгийг дүүргэх боллоо.

Чарганаас үүдэлтэй осол гэмтлийн талаар сурвалжлахаар бид Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салааны уулын амыг зорилоо. Сурагчдын амралт эхэлсэн тул хүүхдүүд эцэг эхийнхээ хамтаар уулын бэлээр ирж гулгаж тоглож байгаа харагдана. Өнгө өнгийн хуванцар чарга чирсэн хүүхдүүд даарахаа үл мэдэн гүйлдэж тоглоно. Гэвч энэ газрын чанх хажуугаар машинууд уулын дээшээ өгсөж гулгаж буй хүүхдүүдийг гэмтээх нь холгүй хурдтай давхиж харагдсан.

Л.Цэнгэл: Чаргаар гулгахдаа унаснаас болж тархиндаа бэртэл авах тохиолдол гарч байна

ГССҮТ-ийн Хүлээн авах тасгийн,яаралтай тусламжийн их эмч Л.Цэнгэл “Чарганы гэмтлээр ирж буй иргэдийн ихэнх хувь нь хүүхдүүд байна. Хичээл сургууль амарсантай холбоотой осол гэмтэл эрс нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа учир эцэг эхчүүд хүүхдээ агаар салхинд гаргаж, чаргаар тоглуулж байна. Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол нэмэгдлээ. Ихэнх нь хүнд зэргийн бэртэлтэй ирж байна.  Тархиндаа бэртэл авах, үе мөч хугарч гэмтэх болон хамгийн аюултай нь хуванцар чарга хугарч хүүхдийн нүд, эд эрхтэн рүү хатгаж бэртээж байна" гэлээ.

 

Уул, хадны энгэрт чаргаар гулгаж байгаа нь аюул дагуулж байна

Иргэд зориулалтын бус газарт буюу уул, хадны энгэрт чаргаар гулгаж байгаа нь аюул дагуулж байна. Уулын энгэрт автомашинуудаа замбараагүй байрлуулж ойр орчимд нь  жалга, ухсан нүх, том чулуу байгааг анзааралгүй өндөр уулнаас чаргаар хурдтай гулгаж харагдана. Эрүүл мэндийн байгууллагаас бэхлэх суудлын бүс, түшлэг, чарга түлхэх бариултай зориулалтын цана, чаргыг ашиглахыг анхааруулсан. Гэвч иргэд ихэвчлэн хуванцар чаргыг худалдан авч тоглох нь элбэг. Харин хуванцар чарга нь хагарч хөлдөх, хамгаалалтын бүсгүй учир хүүхэд унаж гэмтэх аюултай. Ийм чаргыг замын дагуу хуванцар болон зориулалтын гэх хоёр төрлөөр худалдаалж байлаа. Бүгд БНХАУ-аас оруулж ирдэг үнийн хувьд өнгөрсөн жилүүдийг бодвол нэг дахин нэмэгдэж 25 000-30 000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Харин зориулалтын чарга 40 000-50 000 төгрөг байв. Эмч мэргэжилтнүүдийн хувьд чанарын баталгаагүй чаргаар гулгахгүй байх аль болох цанын баазад зориулалтын газраар үйлчлүүлэхийг зөвлөж буй. Хэрэв хүүхдүүдээ гулгуулахаар уул руу явбал хараа хяналтгүй орхихгүй байх, жалга довноос хол тоглуулахыг анхаарах шаардлагатай. Мөн гулгаж буй газарт тэмдэглэгээ тавьж жолоочид анхааруулж аюулгүй байдлыг хангах нь чухал харагдлаа. 

eagle.mn