МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа.


-МоАХ-г үүсгэн байгуулагчид өнгөрсөн долоо хоногт зөвлөгөөн зохион байгуулж, 33 жилийн дараа энэ байгууллага сэргэж байгаагаа зарлалаа. Гэтэл нөгөө талд та бүхнийг эсэргүүцэж, хууль бус үйл ажиллагаа явууллаа гэж цоллож байна шүү дээ. Харин эндээс нийгэм МоАХ хоёр хуваагдлаа гэсэн ойлголт авлаа. Болсон процессын талаар та ямар тайлбар өгөх вэ?

-МоАХ хоёр хуваагдаагүй. Яагаад гэвэл одоо хэл ам хийгээд яваад байгаа ТУЗ-ийн бүрэлдэхүүн, МоАХ-ыг тэргүүлэгч гэгдэж буй Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусчихсан. Х.Баттулга 2007 онд анх МоАХ-ны дарга болж байсан. Тэрнээс хойш 15 жил энэ холбоог авч явлаа. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хуулиараа болон Ерөнхийлөгчийн тухай хуулиар энэ хүн МоАХ-г тэргүүлж авч явах эрх нь дуусчихсан гэсэн үг. Тэгэхээр төрийн бус байгууллагын хурал, зөвлөгөөн, чуулганыг үүсгэн байгуулагч нь зарлах эрхтэй байдаг. Энэ дагуу хоёрдугаар сарын 18-нд МҮСТО-нд МоАХ-г үүсгэн байгуулагчдын зарласан үндэсний зөвлөгөөн боллоо. Тэр үеэр Ерөнхий зохицуулах зөвлөлөө шинээр байгуулж, бүрэн эрхийг нь олгосон. Ингээд Ерөнхий зохицуулах зөвлөл V их хурлаа зарлаад тэндээсээ МоАХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулаад аваад явах үүрэг, чиглэл өгч байгаа юм. Тэгэхээр МоАХ хоёр хуваагдсан гэдэг асуудал ерөөсөө байхгүй гэдгийг дахин хэлье. Зөвхөн МоАХ үйл ажиллагаагаа цааш нь яаж үргэлжлүүлж авч явах тухай л яригдана.

-Гуравдугаар сарын 7-нд зарласан МоАХ-ны ээлжит их хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Энэ бол түүхэн өдөр. 1990 оны гуравдугаар сарын 7-нд МоАХ-ны анхдагчид өлсгөлөн зарласан. Хоёр хоногийн дараа нь Улс төрийн товчоог огцруулж байсан шүү дээ. Одоо V их хурлаараа нийгэмд үүсээд байгаа хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа, МоАХ цаашид ямар зохион байгуулалтаар хэрхэн үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн МоАХ-ны даргын асуудал ч их хурал дээр яригдана.

-МоАХ-ны жирийн гишүүд, дэмжигчид та бүхний шийдвэрийг хэрхэн дэмжиж байна вэ?

-МоАХ үүсгэн байгуулагдсанаас хойш буюу өнгөрсөн 33 жилийн түүхэнд тус холбоог найман хүн ээлжлэн удирдсан байдаг юм. Анхны дарга нь С.Зориг агсан байв. Харин бусад долоон дарга нь өнөөдөр амьд сэрүүн байгаа. Тэдэнд бүгдэд нь хуралд оролцох урилга өгсөн. Билэгт, Х.Баттулга гэдэг хоёр хүнээс бусад нь оролцсон. Ц.Элбэгдорж гуай гадаадад явж байсан учраас мэндчилгээ илгээсэн. Ингээд анхны үүсгэн байгуулагчид цөм дэмжсэн. “МоАХ сэргэх цаг нь болсон. Шинэ үе маань гарч ирж байгаад баяртай байна. Дараагийн үедээ МоАХ-г хүлээлгэж өгье. Та бүхэн хүний эрхийнхээ тэмцэлд ороорой” гэж захисан. МоАХ-ны гишүүд бүгд дэмжиж байгаа. Одоо МоАХ-ны цагаан байранд тэндээс хоолоо олж иддэг, албан тушаалтай зууралддаг эсэргүүцэгч нөхдүүд бий. Харин жинхэнэ МоАХ-ны гишүүд биднийг массаараа дэмжиж байгаа.

-МоАХ 33 жилийн дараа сэргэлээ. Улс төрийн ямар акци үзүүлэх вэ?

-МоАХ шинэчлэгдэн зохион байгуулагдаад МАН хэмээх дарангуйлагч улс төрийн хүчинтэй тэмцэнэ. Хүний эрхийг хумьж байгаа хэнтэй ч МоАХ тэмцэх түүхэн үүрэгтэй. Тэр дагуу л үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

-МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга даваа гаригт мэдээлэл хийхдээ та бүхнийг байгууллагын тамга, туг далбаа дураараа ашиглаж байна гэсэн. Мөн С.Эрдэнийг цагдаад өгч байгаагаа мэдэгдэнэ лээ. Та нарын ард С.Эрдэнэ байгаа гэж үзээд байгаа юм биш үү?

-“МоАХ-гоо нэгтгэж аваад хэдүүлээ МАН руу сөрөг довтолгоо хийе. Наадуул чинь хүний эрхийг уландаа гишгээд байна шүү дээ” гэхээр “Эрдэнэ, Женко” хоёрын зодоон гэж өнцөг гаргаж ирж яриад байх юм. Энэ бол “Хулгайчийг бариарай” гэж хулгайчийн орилж байгаа хэлбэр. Хажууд нь МАН гэж том дарангуйлагч байж байхад өөрсдийгөө МоАХ-ны ТУЗ, Хяналтын зөвлөл гэж нэрлэсэн нөхдүүд нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байна. Тулга тойрсон хэрүүл хийгээд, тэрийг зохион байгуулаад байгаа нь харамсалтай. Тэр Пүрэвбаатар гэгч хуульч, өмгөөлөгч хүн юм билээ. Нөгөө талаас МоАХ гэдэг хүний эрхийг дээдэлдэг, дарангуйллын ханыг зад цохиж гарч ирдэг байгууллагын удирдах албанд байгаа гэдэг энэ хүн өнөөдөр өөрөө хүний эрхэд халдах тухай яриад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Энэ бол тус байгууллага өнөөдөр ямар дүр төрхтэй болчихсон, яаж өнгөрсөн 10 гаруй жил явж ирсний том илрэл. Өөрөөр хэлбэл, өнөөдөр МАН гэдэг асар том дарангуйлагч намын дэргэд МоАХ дарангуйлагч байгууллага болох гээд байгаа юм уу. Тэрээр “Ална шүү. Чи болгоомжтой яваарай. Араа харж яваарай” гэх зэргээр сүрдүүлж байна л даа. Ийм нөхцөлд эрх чөлөөг үнэт зүйлээ болгож хайрлаж хамгаалдаг, тэрийгээ хамгаалдаг үзэл санаатай байгууллагын дарга хийгээд явж байж таарахгүй л дээ. Ямартаа ч цагдаагийн байгууллагад иргэнийхээ хувиар очиж гомдол гаргаад өгчихсөн.

-Та нарыг бүртгэлтэй тамга тэмдэг дураараа ашигласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргалаа гээд байна шүү дээ. Албан ёсны тамга тэмдэг аль талдаа байгаа юм бэ?

-МоАХ-ны ганцхан тамгатай, тэдэнд өөрсдөд нь байгаа. Тэр нөхөр гүтгээд байна. Нэгэнт өөрөө цагдаад өргөдөл өгчихсөн юм билээ. Би хаана ч тамга тэмдэг ашиглаагүй.

МоАХ гэдэг байгууллага бол цагаан байр биш. Тэр бол зүгээр л объект. Тамга тэмдэг гэдэг бол баталгаажуулалт. МоАХ гэдэг байгууллагын амин сүнс нь мянга, мянган гишүүдийнх нь зүрх сэтгэлд байдаг. Тэгэхээр наадуул чинь МоАХ-г тамга тэмдэг гэж ойлгоод байгаа. Тийм биш. Гишүүдийнх нь эрх чөлөөнийх нь үнэт зүйл, үзэл санаа зүрхэнд нь цохилж байгаа эрх чөлөөний тэмүүлэл бол МоАХ юм. Тамгатай ч байсан, тамгагүй ч байсан МАН-ын эсрэг бидний тэмцэл үргэлжилнэ.

-Та нарыг МоАХ-ны туг далбаа ашиглалаа гээд цагдаад өгчихдөг шүү дээ. Тамга нь ч тэдэнд байгаа юм байна. Та бүхнийг үйл ажиллагаагаа явуулахад хориг болохгүй юу?

-Тэр нь бидэнд ямар ч нөлөөгүй. МоАХ-ны иргэн болгон тугаа барих эрхтэй. Тэр бүү хэл Монгол Улсын иргэн бүр тугаа мандуулах эрхтэй биз дээ.

-МоАХ бол эрх чөлөөний төлөө тэмцсэн залуучуудын нэгдлээр үүсгэн байгуулагдсан. Үнэхээр сүүлийн жилүүдэд амьгүй байлаа. Х.Баттулга гэдэг хүн удирдсанаас хойш яг хувийн өмч шиг байсан гэж жирийн гишүүд ярих юм билээ, тийм үү?

-Өндгөө дарсан тахиа шиг МоАХ-ны сандлыг тэвэрч суучихаад хааш нь ч хөдөлгөдөггүй, салхи савир оруулдаггүй. Сүүлийн арав гаруй жил хүний эрхийн төлөө ганц удаа жагссан билүү. Сандал суудлын зодоонд Женкогоо хамгаалах болохоор гараад ирдэг. Яг хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугарсан уу. Эмнэлгийн гадаа иргэн хүн очоод тусламж авч чадалгүй нас барж байхад, ардчиллын буянаар олж авсан эрх чөлөөгөө эдэлж талбай дээр үзэл бодлоо илэрхийлэнгүүт тэрийг нь шоронжуулаад дарамталж байхад МоАХ-ны энэ удирдлага гээд байгаа нөхдүүд хаана байсан юм бэ. Үнэхээр одоо МоАХ-г эрх чөлөөнийхөө тэмцэлд гаръя. Мориндоо мордоцгооё гэхээр “С.Эрдэнэ чинь тэгээд байна. Женко чинь ингээд байна. Эбэ чинь тэглээ” гээд айлын эрх хүүхэд шиг хошуугаа унжуулаад суугаад байж болохгүй биз дээ. Тэр Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын зодоон хоорондоо л юм байгаа биз. Гишүүд нь Ардын намтай тэмцэж, эрх чөлөөгөө олж авмаар байна шүү дээ.